Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд нийслэл нэгэн дүрэм үйлчилж эхэлдэг нь дугаарын хязгаарлалтын тэлэлт. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэлд бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалттай болсон билээ.

Үүний дараа НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм. Ингэхдээ дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08:00-20:00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн.

Энэ дагуу зуны улиралд хорооллын эцсийн уулзвар, МҮОНРТ-ийн уулвар, 32-ын уулзвар, Долоон буудлын арын цагдаагийн пост, Дамбадаржаагаас Бэлх салдаг, КТМС-ийн урд аюулгүйн тойрог, Офирцерийн тойрог, ХСИС, Чулуун овооны уулзвар, Дүнжингарав худалдааны төвийн урд уулзвар, Их тэнгэрийн ам, ХААИС-ийн уулзвар, Яармагийн гүүр, ТЭЦ 4-ийн замын уулзвар, Геологийн төв лабораторийн уулзвараас хязгаарлалтын цэг эхэлж, хүрээгээ тэлсэн.

Тус тогтоол хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод тогтмол замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоог 50 хувиар бууруулах боломжтой хэмээн тооцоолсон байдаг. Гэтэл дээрх тогтоолтой, тогтоолгүй зуны улирал эхэл­мэгц л Улаанбаатар хот дахь авто замын хөдөлгөөн 50-иас илүү хувиар буурч байгаа нь хэний ч нүдэнд илхэн. Учир нь Монгол Улсад сүүлийн жилүүдэд авто зам, дэд бүтэц хурдац­тай хөгжиж, нийслэлийг 21 аймагтай хатуу хучилттай замаар холбосон.

Хоёр, гурван хоног элэг бөөрөө савчуулан барин очдог газартаа 6-9 цаг яваад л оччих боломжтой болсон. Тиймээс ч нийслэлчүүдийн нэлээд хэсэг нь жилд нэг удаа тохиож буй нарлаг сайхан өдрүүдийг тоостой хот, чийгтэй байшинд өнгөрөөхөөс татгалзаж, гэр бүлээрээ хөдөө орон нутгийг зорьж байна. Ямар сайндаа л зуны амралтаараа Хөвсгөл аймгийг зорьсон хэдийнхээ 22-ын товчоонд түгжирч буй зургийг аваад “Хөвсгөлөөс буцаж ирэгсэд” хэмээн сошиал ертөнцөд шоглож байх вэ дээ.

Үргэлжлэлийг эндээс