Уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав

2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын байранд "Хүний эрхийн үндэсний комисс ба иргэний нийгмийн түншлэл ээлжит 13 дахь уулзалт” боллоо.

Энэ удаагийн уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулах, 16 дахь илтгэлд тусгасан "Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, "Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, "Цэргийн алба хаагч, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, "Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт”, "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Илтгэл нь Улсын Их Хурал, Засгийн газар болон түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг арилгах, хэрэгжилтийг хангахад чиглэсэн санал, зөвлөмж бүхий эрх зүйн эх сурвалж болох ач холбогдолтой баримт бичиг юм.

Иймд 16 дахь илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахын тулд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог тодорхойлох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулсан байна.

Уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг төрийн 13 байгууллага, иргэний нийгмийн 87 байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.