Орос, Польш төдийгүй Европ дахинд Сахиусан тэнгэрийн дуу хоолойтой дуучин хэмээн алдаршиж байсан Анна Герман 1936 оны 2-р сарын 14-нд төржээ. Тэрээр Орос Польш хэлээс гадна Англи, Итали, Испани, Латин, Герман хэл дээр дуулдаг байсан ба нийт 15 альбом нэг сингл гаргажээ.

1982 онд өвчний улмаар өөд болох хүртлээ тэрээр дуулсаар байсан бөгөөд одоо ч хүртэл түүний уянгалаг хоолойг бид сонссоор байгаа билээ. Түүний олон сайхан уран бүтээлээс тэр дундаа хүн бүхний мэддэг дуу бол #Надежда юм. Оросын бүх үеийн түүхэн дэх шилдэг дууны жагсаалтыг гаргавал “Надежда” эхний тав дотор лавтайяа жагсах байх. Нөхөр нь үгийг нь бичээд, эхнэр нь аяыг нь зохиочихсон нэг гэр бүлийн энэхүү уран бүтээл бүхэл бүтэн ард түмний сонорыг баясгаж явна гэдэг гайхамшигтай.

Найрагч Добронравов эхнэр Пахмутовагийнхаа тухай ийн өгүүлсэн байдаг. “Эхнэр маань хөгжмөө яаж зохиогоод байдгийг би ер ойлгодогүй юм. Хөгжмийн ямар ч зэмсэг хэрэглэдэггүй юм шүү дээ. Түүний тэр жижигхэн толгойд агуу том оркестр тоглож байдаг шиг байгаа юм...” Тэд 1971 онд алдарт “Надежда”-гаа зохиогоод хамгийн анх Иосиф Кобзонд өгсөн боловч тэр үедээ байр сууриа хэдийнээ олчихсон байсан Кобзон тоогоогүй гэдэг. Тэгэхээр нь Варшав руу, машины айхтар ослоос дөнгөж эдгээд байсан Анна Герман хэмээх польш дуучин бүсгүйд өгчээ. Бүх дуугаа, бүр шог дуу, хүүхдийн дууг хүртэл гэгэлгэн, уйтай, яруу хоолойгоор дуулдгаараа алдартай Анна Германы дуулсан “Надежда”-г өдгөө хүртэл мэргэжилтнүүд хамгийн “ориг”, цэвэр эх хэмээн үзсээр байна. Харин Иосиф Кобзон харалган байсандаа харамсаж, сүүлд концерт болгондоо дуулдаг болсон тухай дурсчээ. Америк, Зөвлөлтийн сансрын өрсөлдөөний эрин үед зохиосон энэхүү дуу угтаа сансарт зориулагдсан боловч ерөөс итгэл найдвар гэж юу болох тухай нийтийн дуу болон түгжээ.

Оросын бүх сансрын нисэгчид яг нисэхийнхээ өмнө “Надежда”-г Анна Германы дуулснаар сонсдог уламжлал гэх үү, сүсэг гэх үү, нэг тийм журам тогтсоныг одоо хүртэл мөрддөг аж. Афганд байлдаж явсан нэг орос нисэгч нисдэг тэрэгтэйгээ унахдаа найдвар буюу надежда байж л таарна хэмээн итгэж байсныхаа хүчинд саяд нэг тохиолдох магадлалаар амьд гараад түүнээс хойш энэ дууг шүтэн бишрэх болсон гэнэ. Эмнэлэгт хэвтэрт байхад нь нэрт дуучин Эдита Пьеха тэр залууд “Надежда”-г нь дуулж өгснөөр сэтгэлийн тэнхээгээрээ хөл дээрээ босоод ирсэн ажээ. Наяад оны дундуур энэ дууг Чилийн шоронд дуулсан хоёр хүүг суллуулах компанит ажил өрнөж, Пиночетийн засагт хэдэн зуун мянган ил захидал илгээсэн явдал болсныг манайхны зарим нь одоо санаж байж ч магадгүй. Дуу заах гэсэн гол зорилгоосоо баахан хазайгаад тэр сонирхолтой түүхийг яриад өгчихвөл буруудах бол уу, яах бол? Коммунист маягийн хувилбарыг нь эхлээд хэлье.

Артек (одоогийн залууст хэлэхэд тийм нэртэй олон улсын пионерийн зуслан байсан юм)-т амарч байсан, тэнд байхдаа “Надежда”-г сурсан хоёр чили хүү нутагтаа очоод байхдаа Пиночетийг эсэргүүцсэн жагсаалд оролцоод баривчлагдан, шоронд хоригджээ. Шоронд байхдаа “Москвагийн хөхөлбий шамарга – синие Московские метели”-ийн тухай дурсан дуулж бичүүлснээ “ямар нэг аргаар” (энэ их сэжигтэй) Зөвлөлт Холбоот Улс руу илгээж чадсан гэнэ. Тэр материал “Пионерская правда” сонинд хэвлэгдсэнээр мянга мянган пионер тэднийг суллуулах захидал бичиж, удалгүй нөгөө хоёрыг ч гаргасан гэдэг. Яг энэ түүхийг бичиж орхиод дуу руугаа орвол заах дууны маань хүчийг улам нэмэх юм, гэвч та бүхэнд чухам болсон үнэн түүхийг ярих хэрэгтэй байх аа. Үнэхээр Альваро Торо Вега, Орасио Лир гэж Артект амарч байсан хоёр чили хүү байх нь байж. Үнэхээр баривчлагдаад захианы хүчээр суллагдсан нь бас үнэн аж. Гагцхүү хэрхэн, яаж гэдэг нь их сонирхолтой. Вегагийн аав нь Альендегийн засгийн газар сайд байгаад 1973 онд Пиночетийн эргэлт гармагц ЗХУ-д ирж суурьшсан байна. Тэнд амьдарч байхдаа Вега Артект амраад амжжээ. Хэдэн жил Зөвлөлтөд амьдрахдаа Вега “Надежда” хэмээх нэртэй пионерийн бүлгэмийн гишүүн болсон байна.

Тэрхүү бүлгэмийн удирдагч нь нэрт сурган хүмүүжүүлэгч Ефим Штейнберг байв. Ефим Вегаг тун ойр дотно халамжлан хүмүүжүүлсэн боловч наяад оны эхээр Вегагийнхан Чилидээ буцах болжээ. Удалгүй Вега тэнд баривчлагдсан байна. Ефим өөрийн шавиа суллуулахаар маш идэвхтэй тэмцсэний үр дүн нь өмнө өгүүлсэн коммунист үзэл суртлын нэг томоохон домог болон түүхэнд үлдсэн хэрэг. Эхлээд Штейнберг ЗХУКН-ын ТХ (ЦК КПСС) – д орсон боловч дэмжлэг олоогүй тул өөрийн танилын хүрээг ашиглан “Пионерская правда” сониныг ашиглахаар шийдэж. Бас олны зүрхэнд хүрэх нэг юм хэрэгтэй байсныг алдарт дуу “Надежда”-гаар сонгожээ. Ингээд удалгүй Чилийн шоронд итгэл найдварын тухай гэгээлэг орос дуу дуулж байгаа хоёр хүүгийн зураг, суллахыг шаардсан ердөө марк наагаад л явуулахад бэлэн ил захидлын хамт “Пионерская правда” сонины нүүрэн дээр хэвлэгджээ.

Тэгэхэд тэр сонин 10 сая хувиар хэвлэгддэг байсан, хаа байсан Улаанбаатарын дунд сургуулийн сурагч бидэнд хүртэл ирдэг байсан гээд бод доо. Сая сая захиа, бас сая сая утасны дуудлага Сантьяго хотыг дарж, Пиночет ч нөгөө хоёрыг суллаж байж санаа нь амарсан юм байх. Үнэн түүх нь арай өөр хэдий ч энэ дууны буруу гэж юу байх вэ дээ. За ингээд үг рүүгээ оръё.

Светит незнакомая звезда.
Снова мы оторваны от дома.
Снова между нами города,
Взлётные огни аэродромов…

Үл таних од гэрэлтэж байна. Өөрөөр хэлбэл бид ахиад л харь газар ирж. Ахиад л гэдэг нь байнга аялдаг, гэрээсээ хол явдаг гэсэн санааг илтгэнэ. Монголчууд харь газар, гэр бүл нэгнээсээ алсад амьдрах тохиолдол олон болсон энэ үед өөрсдөдөө ч хамааруулан ойлгож болно. Үнэн хэрэгтээ дэлхийн хаанаас ч харсан адилхан л од харагдаж байгаа, гэвч алсын нутагт тэнгэр нь, сар нь, од нь хүртэл ондоо санагддаг шүү дээ.

Здесь у нас туманы и дожди.
Здесь у нас холодные рассветы.

Харийн нутаг жиндүү бололтой. Манан будантай, бас бороотой, үүрээр нь хүйтэн болох аж.

Здесь на неизведанном пути
Ждут замысловатые сюжеты…

Гэвч нэгэнт л зорилгоо тавиад алсыг зорьсных тэр хол газар ч бас биднийг сонин содон тохиол, амьдралын нууцлаг харгуй хүлээж байх аж.

Надежда — мой компас земной,
А удача — награда за смелость.
А песни…
Довольно одной,
Чтоб только о доме в ней пелось.

Найдвар, итгэл гэдэг бол хүний замыг заагч, хүнд амьдралын тэнхээ өгөгч хүч юм. Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно гэдэг шиг. Бас юм оролдсон, хийсэн, зориглосон хүн л амжилтад хүрнэ шүү гэдэг санаа ч дахилтад багтсан байна. Хурдын „Санаж байна“ шиг, Жагаагийн “Харийн нутаг“ шиг, Лхагваагийн “Сар шиг хол нутаг“ шиг нутгийн чинь тухай дуулсан бол ганцхан дуу байхад л хангалттай гэнэ дээ.

Дууныхаа үгийг орчуулгатай нь толилуулбал:

Надежда

музыка: Пахмутова Александра ; слова: Добронравов Николай

Светит незнакомая звезда,
Снова мы оторваны от дома,
Снова между нами города,
Взлетные огни аэродрома.
Здесь у нас туманы и дожди,
Здесь у нас холодные рассветы,
Здесь на неизведанном пути
Ждут замысловатые сюжеты.

ПРИПЕВ:

Надежда - мой компас земной,
А удача - награда за смелость,
А песни довольно одной,
Чтоб только о доме в ней пелось.

И поверь, что здесь издалека
Многое теряется из виду,
Тают грозовые облака,
Кажутся нелепыми обиды.
Надо только выучиться ждать,
Надо быть спокойным и упрямым,
Чтоб порой от жизни получать
Радости скупые телеграммы

ПРИПЕВ:

И забыть по-прежнему нельзя
Все, что мы когда-то недопели,
Милые усталые глаза,
Синие московские метели,
Снова между нами города,
Жизнь нас разлучает, как и прежде,
В небе незнакомая звезда
Светит, словно памятник надежде.

ПРИПЕВ:

НАЙДВАР

Танихгүй нэгэн од гэрэлтэнэ
Та бид аанай л гэрээсээ хол
Хот тосгод, нислэгийн гэрлүүд
Хооронд минь дахиад л хөндөлсөнө.

Манан татаад бороо орох юм, энд
Манхайх үүрээр нь жиндэх юм, энд
Огтоос нууцлаг тийм харгуйд нь
Оньсого мэт амьдрал хүлээнэ

Дахилт:

Найдвар:
Намайг дагуулах тэмүүлэл
Амжилт – харин эр зоригийн минь шан.
Ар гэрийн чинь тухайд дуулсан бол
Айлтгүй ээ, ганц дуу ч ганцдахгүй ээ

Харь холоос тольдъё гэхлээр
Харцанд өртөх нь цөөн юм, итгээрэй.
Бараан үүлс сарниад ирэхлээр
Багаахан гомдол ч утгагүй санагдах юм.

Аз жаргалын тэр ховорхон захидлыг
Амьдралаас нэгэн цагт хүртье гэвэл
Хүлээж л харин сурмаар юм билээ
Хүлээцтэй, бас өөрийнхөөрөө л байх учиртай

Дахилт

Эцэж ядарсан ч гэлээ ялгуухан харц
Их хотын минь хөхөлбий шамарга
Энэ бүх аялж гүйцээгүй дуугаа
Эгээ л урьдын адил мартах гэж үү?

Хооронд минь ахиад л уулс хөндөлсөнө
Хорвоо биднийг аанай л холдуулжээ
Харин гагцхүү үл таних тэр нэгэн од
Халуун найдварын бэлгэ болон гэрэлтэнэ ээ

Нийтлэлч: М.Саруул-Эрдэнэ