Энэ хоёр эрхмийг дүйцүүлж бодох нь хэн нэгэнд өрөөсгөл санагдаж болох талтай. Гэхдээ их гүрний тэргүүн баян, улстөрд том нөлөөтэй М.Ходорковскийг жижиг буурай ч бүрэн улсын УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн гурван өндөрлөгт заларч байсан эрхэмтэй дүйцүүлэхэд болохгүй зүйл алга.
 
Хамгийн гол нь ийн бичих шалтаг нь өөрөө сонин агаад энэ хоёр эрхэмд адил төстэй зүйл олон бий. Тэр нь юу вэ гэхээр хоёулаа өөрсдийгөө хэлмэгдсэн, хийгээгүй хэргийн төлөө ял үүрсэн. Улстөрийн хоригдол гэж үздэгт оршиж буй. Нөгөө зүйл нь гэвэл Н.Энхбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн улстөрийн эртний өстөн бол М.Ходорковский мөн л ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины өстөн мөн.
 
Нөгөө талаар хоёр эрхмийг Монгол Улс, ОХУ-ын хоёр Ерөнхийлөгч уучлал үзүүллээ. Их гүрний тэрбумтан хамтрагчийн хамт ял авч байсан бол Н.Энхбаяр ч мөн ижил хамтрагчийн хамт ял авч байв. Түүнчлэн Н.Энхбаяр суллагдангуутаа Солонгос руу эмчлүүлэхээр одож, өдгөө ч Монголдоо ирээгүй байна.
 
Харин М.Ходорковский суллагдсан даруй Герман улс руу одож тэнд хэвлэлийн хурал зарласан. Зөвхөн үүгээр ч зогсохгүй, тэрээр Шенгений виз хүссэн тухай мэдээлэл ч бий. Мөн хөрөнгө мөнгөний тал дээр ч тэр хоёрт ижил төстэй тал бий.
 
Яахав, их гүрний газрын тосны магнат явсан эр дэлхийд нэртэй бөгөөд хөрөнгө бэлээр Н.Энхбаяраас илүүрхэх хэдий ч экс Ерөнхийлөгчийн хувьд монголдоо л толгой цохино биз дээ. Энэ мэт дурдаад байвал ижил төстэй зүйлс тэдэнд байгаа.
 
Хамгийн гол нь хоёр нөхрийн дараа дараагийн улстөрийн үйлдэлд ч энэ мэт ижил төстэй зүйл олон байхыг үгүйсгэх аргагүй. Өөр өнцгөөс харахад Ц.Элбэгдорж В.Путины замаар явж түүнийг дуурайгаад ч байх шиг.
 
Магадгүй, олонхийн бүлгийн түргиймлэл, өөрийн эрх мэдлийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаан жилд нэг удаа явуулах тухай асуудал дэгдээчихгүй бол ч яамай гэж бодном. Юутай ч Н.Энхбаяр, М.Ходорковский нарын сүүлийн үеийн жаргал зовлонтой улстөрийн замналаас товчхон хүргэх нь зүйтэй гэж бодлоо. 
 
-Н.Энхбаяр-
 
 
      Н.Энхбаяр торны цаана суусан шалтгаанаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн цэвэр улстөр гэж хаа ч хэзээ ч хэнд ч хэлдэг. Тийм ч утгаараа тэрээр шоронд хуурай өлсгөлөн зарлаж гээд багагүй тэмцэл хийсэн ч 2013 оны ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсний дараа түүнийг сулласан.
 
Энэ нь ч Ц.Элбэгдорж өрсөлдөгчөө яллажээ гэх дүгнэлтийг баталгаажуулсан хэрэг болсон. Нөгөө талаар тэр суллагдсан цагаасаа хойш ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй байгаа ч ажиглагчид Н.Энхбаярын зүгээс ирэх улстөрийн үйл ажиллагааг хүлээхийн зэрэгцээ сайтар ажиглаж байгаа нь үнэн.
 
Эрх мэдлийн дээд хязгаарт туйлж явсан энэ эрхмийн хувьд улстөрийг тийм ч амархан хаячихгүйн зэрэгцээ улстөрийнх нь нас ч болоогүй. Тийм ч учраас тэрээр хэдийгээр хоригдож байсан ч өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуулиар “Шударга ёс” эвсэл байгуулж, парламентад 11 суудал бүхий гуравдагч хүчнийг босгож чадсан нэгэн.
 
Тодотгож хэлбэл, торны цаанаас улстөр удирдсан хэрэг. Тэгэхээр тэр улстөрд зүгээр нэг мартагдах нэгэн биш бөгөөд мартагдахыг ч хүсэхгүй. Нөгөө талаар улстөрийн хүчнүүд бүгд л түүнээс жийрхэдэг бөгөөд хэтэвч нэгтэй явсан нөхдүүд нь эрх баригч намд мандаж явна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 2009 онд хоёр дахь удаагаа өрсөлдөх эрхээ гардсан Н.Энхбаяр тун бага хэмжээний саналаар ялагдал хүлээсэн. Н.Энхбаярыг унасан даруйд тухайн үеийн сөрөг хүчин АН-ынхан ёстой л унасан дээр нь гэсэн шиг хэвлэл мэдээллийн баатар болгов.
 
Тэр угаасаа хэвлэлийн баатар байсан. Гэхдээ эрх мэдлийн дээр сууж байсан түүнд тэгтлээ халдаж чаддагүй байсан учраас гол төлөв эерэг дүрийн баатар байв. Харин Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусан нь түүнд сөрөг дүрийг авчрах болсон. Энэ үед тэрбээр тухайн үеийн МАХН-ыг өөрийнхөө эсрэг ажилласан гэх байр суурийг ч илэрхийлсэн.
 
Тун удалгүй, МАХН нэрээ өөрчилж уугуул нэрээ сэргээн МАН болсон нь Н.Энхбаярт улстөрийн шинэ тоглолт хийх алтан боломж нээгдсэн. Уг нь МАХН хэмээх нэрийг 24 жилийн турш хэрэглэх эрх нь хаалттай байсан ч шинэхэн Ерөнхийлөгч алсыг хараалж, түүнд МАХН хэмээх нэрийг өгүүлсэн.
 
Өөрөөр хэлбэл хууль үл ойшоож өгүүлсэн хэрэг. Иймээс тэрээр МАХН хэмээх нэрийн дор улстөр хийж, эгнээндээ олон мянган гишүүдийг нэгтгэж байсан түүхтэй. Харин Ц.Элбэгдорж түүнийг баярлуулан гомдооно гэгч болж, сонгууль эхлэхээс нэг жилийн өмнө баривчлан хорьж улмаар ял өгсөн юм.
 
Гэхдээ “Эр хүний замын хүзүү урт” гэдэг. Шинэ хуучин хоёр Ерөнхийлөгч улстөрийн нэгэн эгзэгтэй даваан дээр таарч, тамхилах цаг байж л таарна. “Өст хүн өлийн даваан дээр” ч гэдэг дээ.  
 
-М.Ходорковский-  
 
 
        М.Ходорковскийн хувьд ч мөн ижил. Тэрээр “Хийгээгүй хэргийг хүлээнэ гэдэг миний хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл. Одоо ч Оросод улстөрийн хоригдлууд байна” хэмээж байв.
 
Түүнийг дэмжигч, улс төрийн хүрээнийхэн болон бусад бүлэглэлүүд 2016 оны парламентын сонгууль эсвэл бүр 2018 оны ерөнхийлөгчийн сонгуулиас наана суллагдахгүй гэдэгт баттай итгэсэн байв. Яагаад гэхээр М.Ходорковский дэлхийд данстай тэрбумтан төдийгүй, Оросын сөрөг хүчнийг босгож чадах нөлөөтэй нэгэн учраас тэр.
 
Хэдийгээр тэрээр шоронд байсан ч В.Путиныг эсэргүүцэгч хөдөлгөөнүүдийг хөдөлгөж, хүчтэй сөрөг хүчин болох эрсдэл Кремлийг хамгийн ихээр айлгаж байсан удаатай. Энэ утгаараа тэр мөн л Н.Энхбаяртай ижил төстэй нэгэн. В.Путин түүнд өршөөл үзүүлэх үеэрээ “М.Ходорковский 10 гаруй жил шоронд ял эдэлсэн.
 
Энэ бол хүнд шийтгэл.” хэмээсэн. Дашрамд дуулгахад ОХУ-ын парламент саяхан хоригдлуудыг суллах өршөөлийн хууль баталснаар В.Путиныг эсэргүүцсэн хөдөлгөөний үеэр баривчлагдсан болон бусад 22,000 хоригдол суллагдсан мэдээлэл бий.
 
Мэдээжийн хэрэг энэ үйлдлээрээ ОХУ-ын тэргүүн улстөрийн ямар нэгэн том алхам хийж байгаа нь тодорхой. Харин М.Ходорковский В.Путиныг Ерөнхийлөгчөөр анх удаа буюу 2000 онд сонгогдох үед улс орныг удирдах эрх мэдлийн төлөө В.Путины эсрэг Оросын хамгийн хүчирхэг олигархиудын бүлгийг тэргүүлсэн гэдэг.
 
Ингээд 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путины эсрэг өрсөлдөх ганц хүн нь М.Ходорковский байв. Тиймээс 2003 онд түүнд ял өгч шоронд явуулсан гэж үздэг. Яг л Н.Энхбаярыг Ц.Элбэгдорж ялладаг шиг. Тэрбээр Германд хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Улс төрийн асуудал миний хувьд үгүй болсон.
 
Би эрх мэдэлд хүрэхийг огт сонирхохгүй байна” гэсэн бол “Орост одоо ч улс төрийн хоригдлууд байгааг барууныхан мартаж болохгүй" гэдгийг дахин дахин онцолжээ. Харин В.Путины өршөөл үзүүлсэн тухайд тэрбээр “В.Путинд талархал илэрхийлэх нь байж болохгүй асуудал, гэхдээ ийм шийдвэр гаргасанд нь баярлаж байна” гэжээ.
 
Тэрбээр улстөр бол миний мөнхийн сонирхол биш утгатай үгс хэлж байсан ч хурлын төгсгөлд “Оросын нийгэмд өөрчлөлт авчрахын төлөө идэвхитэй амьдарна” гэсэн нь бас л өөрийн эрхгүй сонирхол татна. Энэ бүгдээс харахад тэр Н.Энхбаяр шиг их улстөрийг зүгээр нэг орхичих нэгэн биш байж таарна. Тийм ч утгаараа тэр В.Путин ба түүний нөхдүүдтэй бас л нэгэн даваан дээр тамхилж таарна. 
 
С.Ууганбаяр
 
Эх сурвалж: