Уул, уурхайн орлого нэмэгдэж, 2007 оноос манай улсын эдийн засаг аажмаар өссөөр 2011 он гэхэд 17.5 хувьд хүрч дараагийн Азийн бар орны нэг болох нь хэмээн  олон улсад шуугиулж байсан цаг саяхан.  

Гэвч энэ үе зөвхөн улс төрчдийн сайрхах яриа болон үлдэж, төсвийн алдагдал жил бүр өсч, төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш 2500-д хүрч, ажилгүйдэл, ядуурлын төвшин нэмэгдэж, иргэд литрийн савалгаатай ургамлын тосыг граммаар, талхыг таллаж, элсэн чихэр, будааг килограммаар авах болж, дэлгүүрт иргэний үнэмлэх гэх мэт өөрийгөө төлөөлөх хэрэгцээт бичиг баримтаа барьцаалан амьжиргаагаа залгуулж байсан. Нэг ёсондоо улсын эдийн засагт улаан гэрэл асчихаад байсан юм. Юун өсөлтийн тухай ярих, зүгээр л гацчихсан гэхэд болно. Харин энэ улаан гэрлийн өнгийг сольж, эдийн засгийг эрчимжүүлж ногоон гэрэл асаахаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдав. 36 сарын хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд 440 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон. Ингэснээр батлагдсан даруйдаа 38.6 сая ам.долларын санхүүжилт олгож байсан. Үүний дараагаар өнгөрсөн арванхоёрдугаар сард ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж хоёр дахь шатны 79.1 сая ам.долларыг Төв банк руу шилжүүлж өдгөө 118.6 сая ам.долларын санхүүжилт олгосон байна. Ширгэж байсан голыг хураар тэтгэхэд, урсгал нь нэмэгдэж, хүн зоны амьдралыг тэтгэдгийн адилаар аливаа улсын эдийн засагт хөрөнгө оруулалт нэмэгдэхэд голын ус лугаа нэмэгдэж, ард түмний амьдралд өөрчлөлт орох нь  тодорхой. Эдийн засаг сэргэж, өсөлт нь нэмэгдэх нь энгийн ард түмний амьдралд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, олон улсын төвшинд манай улсын нэр хүнд өсч, хөрөнгө оруулалт нэмэгдэх гэх мэт олон зүйлд тустай нь мэдээж. 

Эдийн засгийн өсөлт -1.6 хувьд хүрсэн. Валютын нөөц багассан, бондын эргэн төлөлтөөс үүдэлтэй хүүгийн дарамтад орсон, төсвийн алдагдалтай гэх мэт шалтгаанаар олон улсад манай зээлжих зэрэглэл буураад “Саа1” буюу санхүүгийн чадамж муу бөгөөд, маш өндөр эрсдэлтэй гэсэн ангилалд багтаад байсан юм. Олон улсын зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлагаас энэ сард манай улсын зээлжих зэрэглэлийг “В3” буюу тогтвортой гэж үнэлсэн. Өөрөөр хэлбэл, санхүүгийн чадамж муу, тун эрсдэлтэй байсан манай улс өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдэн зээлжих зэрэглэл нэг шатаар ахиж байгаа юм. Энэ нь манай улсад сайны дохио. Тус агентлагаас манай улсын зээлжих зэрэглэл ийнхүү дээшилсэн шалтгааныг Засгийн газар бондын эргэн төлөлтөө хугацаанд  нь хийсэн, төсвийн алдагдал буурсан, ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа гэж тайлбарлажээ. Харин  өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Fitch” олон улсын агентлаг манай улсын урт хугацааны гадаад болон дотоод санхүүгийн эрсдэлд “B” буюу тогтвортой гэсэн үнэлгээ өгсөн байдаг. Аливаа улсын зээлжих зэрэглэлийг санхүүгийн зах зээл дээрх хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, зээл эргэн төлөлтийн чадамж, найдвартай байдлыг харгалзан тогтоох замаар хөрөнгө оруулагчид, зах зээлд мэдээлдэг. Энэ нь зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал болдог байна. Харин  бага зэрэглэлтэй улсын хувьд  зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага байдаг. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог гурван агентлаг ижил аргачлалаар улсуудыг үнэлдэг бөгөөд манай улсыг үнэлэхдээ хэрхэн дүгнэдгийг судлаачид сонирхон нэгтгэжээ.

Тухайлбал, “Манай улсын эдийн засаг байгалийн баялагт тулгуурласан, үйлдвэрлэгч орон биш байгаа нь эдийн засагт санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг бий болгож, улмаар энэ нь эрсдэлтэй орны тоонд багтах гол нөхцөл болж байна” гэжээ. Зээлжих зэрэглэл өндөр байх нь аливаа улсын хөрөнгө оруулалт нэмэгдэх шалтгаан болдог. Үүнийг наад захын жишээгээр тайлбарлахад, Засгийн газар 2012 онд “Чингис бонд” гаргаж байх үед зээлжих зэрэглэл “BB” ангилалтай байснаар тухайн зээлийн хүү 5.75 хувь байсан. Гэвч түүний дараагаар 2016 онд зээлжих зэрэглэл буурч дээрх 10 жилийн хугацаат бондын хүү ойролцоогоор найман хувь болж өссөн. Энэ нь санхүүжилтийн зардлыг ойролцоогоор 50 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлж байгааг мэргэжлийн байгууллагаас судалгаа гаргасан байдаг. Одоогоор манай улсын эдийн засаг сэргэж буй нь түр хугацааны үзэгдэл. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт”-т хамрагдаж буй энэ гурван жилийн хугацаанд бид эдийн засаг урт хугацаандаа тогтвортой байх боломжийг бүрдүүлэх шаардлагатайг эдийн засагчид онцолдог.

Энэ талаар Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн эрхлэгч, Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн, доктор, дэд профессор Л.Ариунаа “Манай улс зөвхөн уул уурхайн салбарт тулгуурлаж байна. Эдийн засгаа хөгжүүлэх дотоод хүчин зүйл нь санхүүгийн зах зээлийн хөгжил юм. Санхүүгийн зах зээл нь эрүүл, илүү хөгжсөн байвал улсын эдийн засаг урт хугацаандаа тогтвортой өсдөг. Тиймээс манай улс эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд бодлогын төвшиндээ санхүүгийн зах зээлийн хөгжилд илүү анхаарах хэрэгтэй. Санхүүгийн зах зээл эрүүл зөв бүтцээр хөгжиж санхүүгийн зуучлалын үйлчилгээ сайжирвал жижиг, дунд үйлдвэр, боловсруулах салбар хөгжих боломж нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр манай санхүүгийн зах зээлд 95 хувийг банк, гурван хувийг банк бус санхүүгийн байгууллага, хоёр хувийг даатгал, хөрөнгө оруулалтын сан болон бусад санхүүгийн байгууллага эзэлж байна.  Энэ бүтцээ өөрчилмөөр байгаа юм. 2007, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа Европын холбооны бүх оронд хийсэн судалгаагаар тэдний санхүүгийн системийн бүтэц нь 71 хувь нь банкнаас, үлдсэн хувь нь санхүүгийн бусад байгууллагаас бүрдэж байсан. Түүнийгээ эдийн засгийн эрсдэл өндөр байсан байна гэж үзээд хямралын дараа энэ бүтцээ өөрчлөх, даатгал, хөрөнгө оруулалтын сан гэх мэт бусад санхүүгийн байгууллагыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлсэн түүхтэй. Энэ бодлогын үр дүнд өнөөдөр гэхэд Европын холбооны улсуудын санхүүгийн зах зээлд банкны секторын эзлэх хувь 45 болсон байгаа юм. Нэг үгээр хэлбэл, манай улсад банкны систем өндөр байгаа нь санхүүгийн эрсдэлд хүргээд байгаа юм”  гэв. 

Хэдийгээр манай улсын эдийн засаг тодорхой хувиар сэргэж, зээлжих зэрэглэл өссөн ч хүлээлт, асуулт хоёр хэвээр байгаа. Тиймээс бид эдийн засгийн энэхүү амсхийж буй хугацаандаа зөв бодлого хэрэгжүүлж, зээлжих зэрэглээ шат ахиулж, хөрөнгө оруулалт, татаж, эдийн засгаа ирээдүйд урт хугацаандаа тогтвортой өсөх нөхцлийг алсын хараатай эхлүүлэх нь зүйтэй болов уу.

Б.БОЛОР-ЭРДЭНЭ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/