Хүүхэд бүрт сар тутам олгодог 20 мянган төгрөгийг нэгдүгээр сарын 31-нд бүх хүүхдийн данс руу шилжүүлжээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  дэд дарга Т.Бадрахбаяр  “Улсын төсөвт 2018 онд хүүхдийн мөнгө олголтод 164 мянган тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Энэ нь нийт хүүхдийн 65 орчим хувьд нь олгох боломжтой мөнгө юм. Өчигдөр хүүхдийн мөнгөний бүх олголтыг дансанд нь шилжүүлж, дууссан. Улсын хэмжээнд нийт 678 мянган хүүхэд хүүхдийн 20 мянган төгрөгөө арилжааны 13 банкаар дамжуулан авсан. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох өрхийн мэдээллийг судалгаанд бүртгэж, 554 гэсэн босго онооноос доош оноотой өрхийн хүүхдүүдэд олгохоор болсон.  Харин 2018 оны хоёрдугаар улирлаас бид нийт хүүхдийн 80 хувьд олгохоор ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн мөнгийг  800 орчим мянган хүүхдэд олгоно” гэлээ.