-Магадгүй ухаалаг улстөрч гэдгийг сэтгэлтэй түшээ гэдэг рүү хөрвүүлж, чин сэтгэлийг эрж хайх их аянд мордож ч болох юм-

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн дээ. “Том төрөөс ухаалаг төр рүү” гэж. Энэ үг та бидний чихэнд сонсголонтой, тархинд үнэн байгаа нь аятайхан. Үүнийг мэдсэн улстөрчид дор бүрнээ ухаалаг болж харагдахын тулд СУИС-ийн эчнээ ангид суралцахдаа тулж буй. Амьдралдаа ухаантай байж үзээгүй болохоор тэр. 

Мэдээж бүгд биш юм гэхэд олонх нь жүжиглэлтийн тусгай дамжаанд суралцах зайлшгүй шаардлагатай байгаа нь үнэн. Тэгж гэмээнэ ухаалаг төрийг нуруун дээрээ үүрч яваа мэт харагдах ач тустай. Гол нь хэлбэрдэлт талаа сайжруулах явдал. Харин агуулгаараа, тархи, ухамсрынхаа бүтэц талаасаа тэд ухаалаг болж чадах уу. 

Ерөнхийлөгчийн “Та нар ухаалаг бай” гэснээр тэд ухаалаг болох найдвар бий юу. Ухаалаг боллоо гэхэд ухаалаг төрийг байгуулж чадах уу. Ер нь тэд өнгөрсөн хугацаанд ухаалаг байж чадсан уу... 

Хариулт нь эерэг гэхээс илүүтэй сөрөг тал руугаа хэлбийх дээрх асуултад үнэнийг олох хүсэл өдөр бүр олон арван удаа төрөх нь бий. Учир нь тэд та биднийг эргэлзүүлэх нь дэндүү их юм. 

Сая сар шинийн баяраар гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зурагтаар гарахыг харав. Ер нь бол хийгүй байхаас илүүтэй хээгүй харагдахыг чухалчилдаг түүний арга барилын тун хэтрээд байгааг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ л аравтай охиноороо өөрийгөө магтуулна гэж бодсонгүй. Яг ингэж бодохдоо хориод хоногийн өмнө хоёрдугаар ангийн хүүхдүүдээр өөрийгөө бараг л бурхан гэж хэлүүлснийг нь мартчихаж. 

Нэхэн сийрүүлбэл, “Бид нарт цэвэр агаар бэлэглэж өгсөнд баярлалаа”, “Би тантай адилхан Ерөнхий сайд болно. Тан шиг эрдэмтэй болохын тулд олон ном уншина”, “Та бол шилдэг хүн шүү. Таны сайн хүүхэд байсныг уншсан. Би бас хичээлээ хийгээд тань шиг Ерөнхийлөгч болохыг хүсч байна. Би бас тань шиг ухаантай болохыг хүсч байна”, “Монгол Улсаа сайхан болгосонд маш их баярлаж байна”, “Таныг Монгол Улсаа хөгжүүлсэнд баярлалаа”.

Гол нь тэрбээр энэ бүхэнд таатай гэгч нь баярлаж байх юм билээ. Үүгээр ч зогсохгүй ухаалаг төрийг байгуулах үүрэгтэй Ерөнхий сайд маань яасан ч олон ухаангүй үг хэлэв дээ. 

Тэр бүхэндээ “Би шүүмжлэлээс айдаггүй хүн. Би нээлттэй хүн” гэж томрох нь бий. Мэдээж дээрх багачуудын талархлын үгсийг Ерөнхий сайд өөрөө бичүүлсэн биш гэж түүний талынхан шүүж болох. Тэгвэл уучлаарай. Ийм ил захидал авч, түүндээ баярлаж пиарддаг Ерөнхий сайд байна гэдэг нь өөрөө яавч ухаантай төрийн хэрэг биш санагдана. Цаашлаад аавын хувиар бус улс төрчийн хувиар охиноороо магтуулаад л...

Дараагийн нэг үзвэр нь УИХ-ын гишүүдийн дуулалт жүжиг байлаа. “Жилийн жилд л гишүүд дуулж, хуурдаад байдаг биз дээ” гэж болно л доо. Гэсэн ч улс төрийг урлаг талаас нь ойлгодог, түүндээ итгэдэг нь олон болоод ирвэл олиг юу байх билээ. Эр нь гал тойрч хашгираад л, эм нь өмсгөл гоёлоо гайхуулж, клип хийлгэж аяглаад л... 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг тэргүүтний төрийг “хорлож” буй энэ мэт үлгэрлэлд цаашаагаа дахиад гурван жил бий гэж бодохоор үнэндээ Ерөнхийлөгчийн өмнөөс сэтгэл өвдмөөр. Ухаалаг төрийг бүтээх санаачилгыг нь хэрэгжүүлэх гээд байгаа эд эс нь эд нар шүү дээ гэж бодохоор тэр байх. 

Ядахад Сангийн сайд Ч.Улаан “Самуурай бондыг авахгүй бол улсаараа хэцүүднэ шүү” гэж биднийгээ айлгаад авлаа. Өөрөө улсын төсвийг атгаж суухдаа өрийг Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувь руу цөлчихөөд энэ хүнд ийм үг хэлэх эрх бий юу. Тэр дундаа сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Монгол Улсын Сангийн сайдын суудалд гурвантаа сууж, төсвийг гарын арван хуруу шигээ мэдэх болсон улстөрчийн хувиар шүү дээ. Тэгээд өнөөдрөөс эхлэн ухаалаг төрийг байгуулахад хүчин зүтгэх гэж суугаа гэх. Итгэхэд бэрх ийм улстөрчийн жишээ нь хамгийн сүүлд гэхэд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Алтангэрэлээр үргэлжилж байх юм билээ. Өөрөө асуудалд ороогдож, олон нийт хардаж сэрдэж эхлэхтэй зэрэгцээд “Үнэндээ Ерөнхий сайдын хурд, ачааллыг гүйцэхгүй байх үе бий” гэсэн яриа өгч байх юм. Хүүхэд нь тендер авсан нь үнэн, өөрөө түүнд нь гарын үсэг зурсан нь үнэн байсаар байтал тэр бүхнийг зөвтгөх гэж чармайх хэрэг түүнд байв уу. Сонин л дүр зураг. Улс төрийн туршлага зааж дуугүй өнгөрч болох л байсан. Гэтэл тэгсэнгүй. Тархиных нь хэмжээнээс илүүтэй ухааных нь цараа жижигхэн байгаад л учир нь оршиж буй биз. 

Утааны асуудал байна. Зөвхөн жилд 30 гаруй тэрбумыг зарцуулдаг атлаа буурсан нь үгүй. Гэтэл түүнийгээ салбар хариуцсан мэргэжилтнээс эхлээд УИХ-ын гишүүн нь,  Ерөнхий сайд нь “Утаа хоргүй” гэчихсэн сууж байна. Тэр ч битгий хэл “Утаа хэцүү байгаа бол төрөхөө больчих” гэж хэлдэг сайд хүртэл өнөөдрийн Засгийн газарт байна шүү дээ. Гэтэл Засгийн газраас нь гурван сая дахь иргэнээ хүлээж авах баярын төсөв баталчихаад байгаа. Харамсалтай нь гурван сая дахь иргэнийг хүлээж авахаас өмнө хэдэн ураг утааны бохирдлоос болж гэдсэндээ эндэхийг бид мэдэхгүй. Ийм тохиолдол өдрөөс өдөрт олон болж байгааг үрээ тэвэрч чадаагүй аав, ээжүүд болон тэдний зовлонтой зууралддаг эмч, сувилагчид л мэдэж байгаа. Салбарынх нь сайд харин мэдэхгүй байж магад. Эмнэлэг бариулж хүчрэхгүй сайд эндсэн ургийн тоог бүртгэнэ гэдэгт итгэхгүй байгаа учраас ийн дүгнэв. 

Тэгэхээр Эрүүл мэндийн сайд Н.Удвал ухаалаг төрийг бүтээж чадах уу. Өнөөдөр хуулийн салбарынхан Төрийн ордны хажууд тансаг сайхан ордонтой болох нь тодорхой боллоо. Тэр ордныг Эрүүл мэндийн сайд Н.Удвал монгол хүний амь насыг хамгаалах чин хүсэлтэй байсан бол авч үлдэж чадах байсан. Дотор нь байгаа 3.5 тэрбум төгрөгийн үнэтэй улсад ганцхан байгаа туяа оношлогооны аппаратыг эвдлэхэд хүртэл тэрбээр ганц ч үг ган хийсэнгүй. Уг нь үнийг нь биш юм гэхэд үнэ цэнийг нь бодсон бол, мэдэрсэн бол Н.Удвал сайд өнөөдөр Н.Энхбаярын төлөө хашгирдаг шигээ Чингисийн талбайд жагсаал зохион байгуулах байсан юм. Хавдар судлалын үндэсний төвийн туяаны аппарат эвдэрч, олон арван хүн үхэлтэй эвлэрч байхад тэрбээр мөн л засуулж хүчрэхгүй л суусан. Тэгсэн атлаа “Би сайдынхаа албан тушаалаа өгөхгүй. Буу гэсэн ч буухгүй” гэдэг яриа өгөөд сууж байх нь бий. Манай Эрүүл мэндийн сайд ийм л ухаалаг бус нэгэн. Гэхдээ тэр ухаалаг төрийг бүтээх юм гэсэн. 

Нөхцөл байдал ийм эмгэнэлтэй байна. Ийм учраас монгол төрийн ухаалаг улстөрчдийг бүртгэх тооллого явуулъя. Тэр дүн яаж гарахаас хамаарч Ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төр рүү шилжих санаачилгаа хэрэгжих эсэхийг бодитоор дүгнэж болмоор санагдана. Магадгүй ухаалаг улстөрч гэдгийг сэтгэлтэй түшээ гэдэг рүү хөрвүүлж, чин сэтгэлийг эрж хайх их аянд мордож ч болох юм. Эс бөгөөс сэтгэлгүй тэднээс ухааныг хайж, ухаангүй улстөрчдөөр ухаалаг төрийг байгуулах гэж чармайх нь их холын мөрөөдөл байж мэдэх. Ухаантай роботыг УИХ-ын гишүүнээр сонгодоггүй л юм бол шүү дээ.

Г.Отгонжаргал