У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Тодруулбал, парламентад олонх болсон МАН-ын 33/32-ын бүлэг, АН-ын 9 гишүүн, бие даагч С.Жавхлан, МАХН-ын төлөөлөл О.Баасанхүү нарын 75 гишүүний олонхийн саналаар асуудлыг хэлэлцэх болно. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлэв?

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр хамгааллын сайд С.Чинзориг: Байр сууриа илэрхийлэхгүй ээ. Огцорвол огцорно биз.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эгч нь намайг битгий огцруулаач гэлтэй нь биш. Одоо байр сууриа илэрхийлэх нь зохисгүй. Дараа өөр асуудлаар тайлбар өгье.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Ах нь байр суурь илэрхийлэхгүй ээ. Төр төвшин, түмэн олон амгалан байгаасай л гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Завгүй байнаа. Тайлбар өгөхгүй ээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ах нь байр сууриа хангалттай илэрхийлсэн шүү дээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Засгийн газар огцруулах тогтоолын төсөл өргөн барихаас өмнө би байр сууриа илэрхийлж байсан. Я.Содбаатарыг сайдаар томилоход нь “Та даараад байгаа юм уу” давхар дээлтэй байж болохгүй гэж хэлсэн. Үүний төлөө өрөөндөө намайг дуудаж “Асуумаар зүйл байвал манай өрөөнд орж ирээрэй” гэсэн. Би энэ хүнийг ЖДҮ рүү орно гэдгийг хэлж байсан. Яг л миний хэлснээр боллоо. Н.Цэрэнбат, Ц.Даваасүрэн, Я.Содбаатар, Б.Сарангэрэл гээд энэ хүмүүсийг цэвэрлэ л дээ. Сэлмээ эргүүлээд л цэвэрлэх ёстой байтал энэ хүмүүстэйгээ зууралдаад эцэст нь ийм юм болж байна. Энэ хүмүүст хариуцлага тооцохын тулд л кабинетаар нь огцруулахаар болж байна гэж харж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Засаг төрийг сайжруулах, тогтвортой байлгах нь албан тушаалын наймаа биш юм. Энэ бол эх орны язгуур эрх ашиг, ард түмний өмнөөс зөв зүйтэй зүйлийг засаж сайжруулаад л ажиллах ёстой. Тийм болохоор албан тушаалын талаар ярилцахгүй гэсэн. Албан тушаалын наймаа ярихгүй гэж хэлсэн. Монгол төрийн тэргүүн, гүйцэтгэх засаглалын тэргүүн шүдгүй арслан боллоо гэсэн сэтгэгдэл надад төрж байсан. Ийм олон суудалтай, ийм олон дэмжигчтэй намын дарга шүү дээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Аливаа юм болохоор л Засгаараа тоглодог энэ байдлаа болихгүй бол улс орон, гадаадын хөрөнгө оруулалт, төсөв, улс орны хийх ажлууд, утаа гээд олон асуудал хаяанд ирсэн байна. Энэ үед гүйцэтгэх засаглал буу Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явах ёстой. УИХ нь харин үйл ажиллагаагаа чангатгаад гүйцэтгэх засаглалдаа тавих хяналтаа тавиад явах нь зөв гэж бодож байгаа. Харин ч сүүлийн 20 жил бараг хийгээгүй цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдээд явж байна. Гэр хорооллыг барилгажуулахын тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төсвийн тодорхой хэсгийг орон сууцжуулах асуудалд анхаарч, гэр хорооллын айл өрхүүдийг иптекийн зээлд хамрагдуулах гэх зэргээр салхи наашаа эргээд байна шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа. Сая манай улсын зээлжих зэрэглэл –В байсныг В болгож нэмэгдүүллээ. Эдийн засгийн өсөлт 6 хувийн өсөлттэй гарлаа. Тэгэхээр бид Засгийн газартаа хариуцлага тооцох биш харин хариуцлага алдсан зарим нэг сайдууддаа хариуцлага тооцоод явах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Засгийн газрыг огцруулах асуудал дэлхий даяар байдаг. Бид нар 2016 оноос хойш нэг Засгийн газрыг огцруулсан байгаа. Засгйн газрыг ямар шалтгаанаар огцруулах гэж байна вэ гэдэг нь л чухал байгаа юм. Засгийн газар улс орноо зөв удирдах ёстой. Хөгжингүй, энэрэнгүй ардчилсан нийгмийг бид байгуулж байгаа. Зорилго чиглэлдээ хүрч чадахгүй үндэсний эрх ашгийн эсрэг зүйл хийсэн, ард олны амьдралыг дээшлүүлж чадаагүй, тулгамдсан эдийн засгийн асуудлаа шийдэж чадаагүй, үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаа тэр засгийн газар ажиллаж чадахгүй байгаа нь мэдээж тодорхой. Тэгэхээр өнөөдрийн тохиолдолд эсрэгээрээ байна. Төсөв хэлэлцэхэд гэрэл гэгээтэй мэдээ орж ирсэн. Хичнээн хүнд байгаа ч гэсэн төсөв дээр муугаа ярихаас гадна төсөв, улс оронд гарч байгаа эдийн засгийн ололттой талуудыг ярьж байх ёстой л доо. Төсөв, эдийн засаг маань 8 хувийн өсөлттэй гарсан, зээлжих зэрэглэл маань –В байснаас В болсон,ажлын байр 0.5 хувиар дээшилсэн, үндэсний нийт бүтээгдэхүүн дээшилсэн байна, экспорт нэмэгдсэн. Миний харж байгаагаар У.Хүрэлсүхийн засгийн газар байгуулагдсан нэг жилийн хугацаанд хэдэн ачаатай тэмээ шиг ёстой зүтгэж ажиллаж байна. Ийм байхад урам өгөөд эдийн засгийн хямралаас улс орноо гаргахын төлөө, энгийн сайхан улс орны хэмжээнд аваачихийн төлөө дэмжих ёстой байтал албан тушаал өг гэсний төлөө засгаа огцруулж болохгүй л дээ. Албан тушаалыг авч чаддаг юм бол өгч сурах хэрэгтэй гэдгийг би үргэлж хэлдэг. Албан тушаал гэдэг түр зуурын л эрх мэдэл. Түүнийг ард түмний сайн сайхан, эрх ашгийн төлөө ашиглах ёстой болохоос биш хэсэг бүлэг, фракц, бүлэглэлийн төлөө, тэднийг баяжуулахын төлөө хязгааргүй дарангуйлагч болгохын төлөө өгдөггүй. Тээр албан тушаал буруу зам руу явдаг болохыг бид нар дэлхийн түүхээс харж байгаа. Маш олон албан тушаалтан албан тушаалдаа эрдэж, бардаж байж улс орноо дампууруулсан, өөрийгөө үхэлд хүргэсэн олон жишээг бид мэднэ. Тийм учраас албан тушаал гэдэг асар өндөр үүрэг хариуцлага юмаа гэдгийг ухаарч байж албан тушаалыг авах хэрэгтэй.

Харин АН-ын гишүүдийн олонх нь Төрийн ордон дахь албан өрөөндөө эзгүй байсан юм. Албан өрөөндөө байсан цөөн гишүүд тайлбар өгөхөөс татгалзаж байлаа.