Баабар (Бат-Эрдэнийн Батбаяр) (1954 онд төрсөн) нь Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн орчуулагч, нийтлэлч, улс төрч юм. Тэрээр 1972 онд Улаанбаатар хотод дунд сургууль төгсч, 1972-1973 онд Монгол Улсын Их Сургуульд суралцсан. 1973-1980 онд Польш улсын Краков хотын Ягелон Их Сургуульд суралцаж байгаад 1981 онд Монгол Улсын Их Сургуульд шилжин ирж биохимич мэргэжлээр төгссөн.

1987-1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Москвагийн Улсын Их Сургууль, 1990 oнд Лондон дахь Эзэн хааны коллежид тус тус суралцсан. Баабар 1981-1991 онд Микробиологийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төвд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1991-1994 онд Монголын Социал-Демократ Намын даргаар, 1994-1996 онд чөлөөт нийтлэлчээр, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүнээр, 1998-1999 онд Сангийн сайдаар, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан бөгөөд 2006 оноос "Непко" Хэвлэлийн газрын захирлын албыг хашиж байгаа аж.

Б.Батбаяр 1980-аад оны үед "Баабар" гэсэн нууц нэрээр Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, хэд хэдэн ном орчуулсныг тухайн үеийн залуучууд гар бичмэлээр тарааж, нууцаар уншиж байлаа. Тэдгээрээс "Бүү март. Мартвал сөнөнө" нийтлэлд Монгол-Орос-Хятадын харилцаа, коммунист дэглэмийг хурцаар шүүмжилжээ. 1989 онд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг байгуулахад оролцсон.

1990 оны 2-р сард Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хуралд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг төлөөлөн оролцохдоо "Хаан нүцгэн байна" илтгэл тавьж, коммунист засаглалыг шүүмжилжээ. 1990-ээд оноос эхлэн идэвхтэй нийтлэл бичиж байна. 1996 - 2004 онд "ХХ зууны Монгол: нүүдэл, суудал" бүтээлээ туурвиж, түүхэнд шинжлэх ухаанч дүн шинжилгээ хийсэн юм.

wikipedia.org ашиглав. Гэрэл зургийг Zorigt Munkhchuluun хуудаснаас