Одоогийн мөрдөж буй хуулиар Ерөнхийлөгч, УИХ болон Засгийн газрын гишүүд шинээр хууль санаачлан өргөн барих эрхтэй байдаг.

Ямар ч гишүүн хууль санаачилж болдог учраас зарим нь шөнө зүүдэлсэн зүүдээ хууль болгох гэдэг болчихож. Ард түмний саналыг авч төр түшилцэж буйн хувьд заавал ч үгүй хууль санаачлах ёстой гэж бодон өөрийгөө хүчлээд ч болтугай төсөл боловсруулж байна. Тэр нь ямар ч судалгаа тооцоогүй, гарах үр дүн нь тодорхойгүй. УИХ болон Засгийн газрын гишүүн л болсон бол ямар ч хамаагүй хуулийн төсөл санаачлах, улмаар батлуулах ёстой гээд бодчихдог учраас өөрсдийн санаанд орсноороо хаа хамаагүй хандаж байна. Үр дүнд нь иргэдийн амьдрал, бизнесийн орчинд тээг болсон хууль эрхзүйн орчин бий болдог. Үүнийг өөрчилж цензуртэй болгомоор байна. Тэгэхгүй бол нэг өглөө босоод ирэхэд амьдралд огтоос нийцэхгүй хууль батлуулчихсан байдаг болж.

Аливаа сэтгэлийн хөөрлөө даралгүйгээр баталсан популист шинжтэй хууль шиг хэрэггүй зүйл ард түмний амьдралд байхгүй. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хоёрдугаар бүлгийн наймдугаар зүйлд л гэхэд редакцийн үүсгэн байгуулагч нь нийтлэлийн бодлогод оролцохгүй гээд заачихсан байдаг. Гэтэл хөрөнгө санхүүгээ гаргаад тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг үүсгэсэн хүн нийтлэлийн бодлогод оролцохгүй байна гэж байх уу. Нэг үгээр хэлбэл, дэлгүүрийн эзэн ямар бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх саналаа хэлж болохгүй гэж байгаатай ижил утгатай. Бизнес эрхэлж буй хүмүүс иймэрхүү байдалтай төстэй маш олон хуулийн буруу жишээ ярьдаг. Ялангуяа татварын орчинд хуулийн маш буруу зохицуулалт олон бий. Угаасаа ганцхан гишүүний үзэмж, оюун бодлоор шүүгдэж буй хууль төдийлөн нийгмийн амьдралтай нийцэхгүй байна. Тиймээс нэн даруй хууль санаачлах, өргөн барих эрх мэдэлд өөрчлөлт оруулмаар байгаа юм. Ганц жишээ дурдахад, Францын парламент 577 гишүүнтэй. Хууль өргөн барих эрх гишүүн бүрт байдаггүй. Нийт гишүүдийн арван хувь буюу 58 гишүүн нийлж байж хууль өргөн барих эрхтэй болдог. Энэ бол бие даасан, нэр алдарт дуртай сүгсэлзсэн юмнуудаас сэргийлэх сайн механизм. Яг үүнтэй ижил байдлаар хууль өргөн барьж буй гишүүдэд цензур тавьдаг байх хэрэгтэй.

Дор хаяж УИХ-ын 15 гишүүн тухайн хуулийн төсөл дээр нэгдэж, зөв бурууг нь сайтар дэнсэлж байж УИХ-ын даргад өргөн барьдаг болмоор байгаа юм. Хэрэв энэ тоонд хүрэхгүй бол хууль санаачлах эрхийг хязгаарладаг болъё. Тэгэхгүй бол ард түмний нүдэнд нэг их сайн хүн болж харагдах гэсэн, маргаашийн цаад өдрийг харах чадваргүй популист сэтгэлгээний хууль батлагдахыг хэдий болтол харах вэ.