-БАЯН АЙЛЫН ХҮҮХЭД ААВ ЭЭЖИЙНХЭЭ ХӨРӨНГӨӨР НААДАЖ ТОГЛОЖ БАЙГАА БИШ ДЭЭ ЯМАР. МОНГОЛД ХЕРОГИЙН БААТАРААС ӨӨР НАЙРУУЛАГЧГҮЙ ХЭРЭГ ҮҮ-

Соёл урлагийн сэтгүүлч, “Үлэмж” продакшны продюсер, Соёлын тэргүүний ажилтан Ё.Мөнхзаяатай наадмын өдрүүдэд ард түмэнд хүрсэн контентын талаар ярилцсанаа хүргэе.


-Өнөө жил наадам хийгээгүй ч Херо Баатарын “Би монгол хүн” контент наадмын өдрүүдэд ард түмэнд хүрсэн. Хувь уран бүтээлчийн бүтээл бол нэг хэрэг. Харин төр засгаас бодлогоор явуулсан наадмын контентод та сэтгэл дундуур байсан. Яагаад тэр вэ?

-Наадам гэдэг миний хувьд үзэж харах, баярлан догдлох зүйл олонтой, бага насны сэтгэлд хоногшсон сайхан дурсамж ихтэй хамгийн гоё баяр. Би хөдөөний хүүхэд. Аав минь сумын дарга, тухайн үеийнхээ намын үүрийн даргын ажлыг олон жил хийсэн хүн. Наадмаар морины комиссын машин хурдан морьдыг гараа хүртэл яг араас нь дагаж дутуу эргүүлэхгүй, гараа будлиулахгүй байхад анхаарч, аав минь машиныхаа цонхоор цагаан хоолой цухуйлгаад “Яваарай, яваарай. Явсхий явсхий...” гээд л гарааны газар хүртэл явдагсан.

Би аавынхаа машинд сууж морь бүрийг ийнхүү дагадаг байж билээ. Тийм болоод ч тэрүү наадам болохоор л аав ээжтэйгээ өнгөрүүлсэн бага насны сайхан дурсамж сэргэж, сэтгэл догдлоод нэг л сайхан байдаг юм. Сүүлд сэтгүүлч болчихоод олон ч наадмаар, мөн наадмын өмнөх бэлтгэлийн үед нэвтрүүлэг хийн Төв цэнгэлдэхэд ажилласан. Өөрийн эрхгүй л огшоод, омогшоод сайхан байдаг. Харин сүүлийн хоёр жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахим наадам, наадамд зориулсан телевизийн контент хийлээ. Яг үнэндээ бол өнгөрсөн жилийн цахим наадмын нээлт ч тийм сайхан болоогүй. Гэтэл энэ жилийн контент бүр долоо дордож, олон ч хүний уур бухимдлыг төрүүлсэнд харамсаж байгаагаа нуухгүй ээ. Наадам хийнэ, хийхгүй гэсэн асуудлууд яригдаж, төсөв мөнгөний тухай олон нийтэд хүрч, хүнд хэцүү цаг үед хэрэгтэй зүйлдээ зарцуулсан нь дээр гээд ард түмэн, дийлэнх масс эсэргүүцээд байхад зөрөн барин хийсэн болохоор энэ удаагийн контентод хүмүүс их хүлээлттэй байсан байх. Тэгээд ч Ардын хувьсгалын 100 жилийн ой гэдэг утгаараа үнэхээр л хийх ёстой юм бол хийсэн шиг хийж 100 жилийн түүхийг, чухам Ардын хувьсгал гэж юу байсан юм бэ гэдгийг хүүхэд залууст товч бөгөөд тодорхой ойлгуулчих хэмжээний, хөгшид буурлуудад үүх түүхээ эргэн санах дурсамж ч юмуу, нэг тийм үр дүнтэй үлдэх юмтай, өгөөжтэй, сайхан контент хийсэн бол болох байлаа. “Би монгол хүн” гэсэн нэрэндээ тохирсон Монголоороо бахархан омогшсон, огшсон, сэтгэл сэргээсэн зүйл ховор байсан.

-Та урлагийн олон сод авьяастнуудын тухай хөрөг нэвтрүүлгүүд бүтээж олонд хүргэсэн уран бүтээлч. Үндсэндээ урлагийн гал тогоонд яваа хүн. Наадам болоогүй ард түмэн үзэх юмгүй энэ үед ганцхан хүнд эрхийг нь өгсөн нь хөнгөн хуумгай болоход нөлөөлөв үү. Хэд хэдэн студи продакшнд хувааж өгөөд, хариуцлагын гэрээ байгуулах санал их зөв санагдсан?

-Тийм ээ, би Монголын түүхийг, өнөөдрийн бидний энэ энх цаг, хөгжил цэцэглэлтийг өөрийн хөлс хүч, мэргэжил мэдлэг, авьяас чадвар, ухаан бодлоороо залан залуурдаж, хийж бүтээн үлдээсэн салбар салбарын олон гайхамшигтай хүмүүсийн тухай хөрөг нэвтрүүлгийг Монгол HD телевизэд байхдаа 40 гаруй дугаар хийсэн. Бие дааж продакшн болж гарснаасаа хойш ч хөрөг нэвтрүүлгээ дагнан хийсээр байгаа. Тэр эгэл энгийн бөгөөд агуу хүмүүсийн тухай нэвтрүүлгийг хийх бүртээ, тэдний тухай судлах бүртээ маш ихийг ойлгож, маш ихийг ухаардаг. Тэр хэрээр залуу хойч үеийнхэнд таниулан мэдүүлэх юмсан гэж хичээдэг. Телевизэд байхдаа 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Монгол наадмын тухай нэвтрүүлэг хийж байснаа санаж байна. Тухайн үед хүмүүс их ам сайтай хүлээн авч, тэндээс их зүйлийг мэдэж авлаа гэж байсан юм. Энэ мэтчилэн манайд хангалттай олон телевиз байна, олон студи продакшнууд байна. Тэднийг хүн хүч, техникийн боломж бололцоо, мэргэжил туршлага, ур чадварын хувьд харгалзан үзэж, маш тод томруун хариуцлагын гэрээ хийгээд ажиллуулсан бол олон төрөл жанрын, олон санаа бодол уралдсан сонирхолтой, үзүүштэй сайхан бүтээлүүд төрөх байлаа гэж бодож харамссан. Хариуцлага гэдгийг хүн бүхэнд ухамсарлуулж, тэгээд хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй бүхэнд итгэж, боломж өгвөл хийж чадахгүй зүйлгүй чадварлаг залуус их болжээ. Хэрэв наадмын контентыг ганцхан Херо гэдэг студид монопольдож өгөхгүйгээр энэ олон студи продакшнуудын хүчин чадлыг гаргаж ашигласан бол наанадаж үзэгчдэд үзэх юм ихтэй, олон төрлийн, олон янзын хийц хэлбэртэй сонирхолтой, цаанадаж түүнийг хийж байгаа олон студи продакшнууд ажил орлоготой байж тэр хэрээрээ улс орны хөгжил, эдийн засагт бага ч болов нэмэртэй баймаар санагдах юм. Эцсийн эцэст энэ чинь л улс орноо хөгжүүлэх, ард иргэдээ ажилтай орлоготой байлгах төр засгийн бодлого байлтай. Тийм ээ, миний харамсал үүн дээр л гол нь байгаа юм. Манай төр засаг, яам тамга ердөө доошоо ард түмэнтэйгээ, аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа тулж, үнэн бодит дүр төрх, хийж чадах чадахгүй зүйл, юу болоод юу нь болохгүй байгааг мэдэрч ажиллахгүй юм. Дээгүүрээ том том, сайхан зүйл их ярьж, яг хөрсөн дээрээ буугаад доод шатандаа ирэхээр бөөн хээл хахууль, хүнд суртал, танил тал, өнгө мөнгө, ялгаварлан гадуурхалт. Төр засаг нь бодлогоор нэг хэсэг хүмүүсийн эрх ямба, ашиг орлогын төлөө ажиллаад байгаа ч юм шиг харамсалтай л байна даа.

-Херо гэдэг студиэс өөр газаргүй, Баатар гэдэг хүнээс өөр найруулагчгүй юм шиг монголчууд сүүлийн хоёр жил клипний цуглуулга үзлээ. Харамсалтай байна, ичмээр байна гэж хэлсэн. Энэ удаагийн контентын ичмээр болсон гол шалтгаан нь юунд байв. Урлаг судалдаг уран бүтээлчийн хувьд юу юун дээр яаж алдсаныг хэлж өгөхгүй юү?

-Би урлаг судлаач хүн биш л дээ. Гэхдээ соёл урлагийн чиглэлээр мэргэшиж, олон жил соёл урлагийнхныхаа тогоон дотор чанагдаж, тэднийхээ баярлах гуних бүхнийг нь хуваалцан явдаг сэтгүүлч хүнийхээ хувьд наадам хийнэ, хийхгүй гэж талцаж байх үеэс л дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлэн, цар тахлын энэ аюултай үед соёл урлагийнхнаа, цаашлаад тэдний гэр бүл, үр хүүхдийн амь нас эрүүл мэндийг золиослон ийм зүйл хийхийг эсэргүүцэж байсан. Соёл урлагийнхныг хаа явсан газраа нохойд барьдаг мод шиг байлгаж, урлагийг улстөржүүлж болохгүй санагддаг. Гэтэл сая юу болов? Мэргэжлийн урлагийн байгууллагынхан яах ч аргагүй ажлаа хийж байгаа төрийн байгууллагын албан хаагчид болохоор Хүй долоон худагт халуунд нь халж, хүйтэн бороонд хөрч бүхэл бүтэн 10 хоног тэнд тарчилсан. Тарчилсан гэж хатуу хэллээ. Хэлэхээс ч арга алга. Тэнд байгаа хэд хэдэн хүнтэй би тухайн үед утсаар ярьж холбогдсон. Бичсэн ч бичлэггүй, хийсэн ч юмгүй, цэргийн хуаран шиг юманд л байж байна. Яг таг бүрэн дүүрэн төлөвлөгөө зохиол юу ч байхгүй, Баатар найруулагч тухайн үеийнхээ эмоцоор л тэгвэл гоё юм байна, ингэвэл зүгээр юм байна гээд л хольж солиод, хонь хурга нийлсэн юм шиг л болж байна гэж ярьж байсан. Арай ч дээ, төр засгаас бодлогоор явуулж байгаа наадмын контент гэж байдаг, тэгээд бас заавал хийнэ гэж үхэн хатан зөрж байж ийм юм хийж, ингэж хайран цаг хугацаа, хөрөнгө мөнгө, тэр олон хүний эрүүл мэндээр тоглож байдаг гэж бодохоор гомдмоор ч юм шиг, уур хүрмээр ч юм шиг. Эцсийн эцэст татвар төлөгч нарын мөнгөөр ингэж тоглож болохгүй л дээ. Ямар баян айлын эрх хүүхэд ээж аавынхаа хөрөнгөөр наадаж байгаа биш дээ. Сошиал орчин дахь хүмүүсийн хандалтыг хүн бүхэн л харж, уншиж байгаа байх. Зууны бараг 98 хувь нь дургүйцсэн, ойлгоогүй, таалагдаагүй, муу байсан хэмээн сэтгэгдлээ бичсэн байсан. Аргагүй шүү дээ. Өвчин зовлонтой, үхэл хагацалтай ийм цаг үед Ардын хувьсгалын 100 жилээ ч тэмдэглэж чадахгүйд хүрч, амьд эрүүл саруул л байвал бусад нь болно оо гэж ард түмэн хүлээн зөвшөөрч байхад, зөрж дайран тэр олон хүнийг дайчлан эрсдэл рүү авч оччихоод юу хийх нь энэ вэ? Үнэхээр ичиж байна, харамсаж байна. Хүн зоныхоо сэтгэл санааг сэргээсэн, урам зориг, итгэл найдвар хайрласан сайхан бүтээл хийгээд наадмын өдрүүдэд ард түмэндээ хүргэсэн бол жинхэнэ Ардын нам, ардын засаг төрийн хэрэг гарах байлаа. Тэр олон сайхан уран бүтээлчдийг тэгж олон хоногоор хорьж тушчихаад, утга учиргүй овооролдон шамбааралдуулж, хий дэмий сүрийг үзүүлэн дөвчигнөсөн нэгэн хэв маягийн ийм дэмий зүйл хийх хэрэг байсан ч юм уу.Одоо тэгээд тэр эрх мэдэлтнүүд нь ард түмний энэ дургуйцэл, уур бухимдлыг олж хараад хариуцлага энэ тэр тооцдог ч юм уу, үгүй ч юм уу.Уг нь би улс төр энэ тэр рүү хуруу байтугай хошуу ч дүрж үзээгүй соёл урлагийн сэтгүүлч хүн. Гэтэл сүүлийн үед төр засгийн ийм увайгүй, улайм цайм дээрэм тонуул шиг үйлдлүүдийг хараад төрийн хэрэг тэр дээгүүрээ л болдог юм байгаа биз гээд дуугүй сууж чадахгүй л болчихоод байна даа.

-Таны бодлоор ямар ямар уран бүтээлчдийг оролцуулж, хэрхэн найруулгатай, монгол хүний зүрхийг огшоосон, ирээдүй хойч үеэрээ бахархуулсан даац далайцтай концтентыг хийж болох байсан тухай саналаа хэлнэ үү?

-Манайд үүх түүхээ мэддэг үгээ хэлж зааж зөвлөөд өгөх эрдэмтэн мэргэд, түүх судлаач нар нь байна. Тэр бүхнийг тод томруун амилуулаад өгөх гайхалтай мундаг жүжигчид дуучид, хөгжимчид, бүжигчид нь байна. 100 жилийн түүхэнд бүтээгдсэн суут агуу бүтээлүүд нь байна. Гагцхүү тэр бүхнийг зөв удирдан чиглүүлэх удирдагч, зөв өнцгөөс зөв найруулан тавих зангарагтай найруулагчаа л олж тавьж чадсангүй. Бидэнд омогших түүх бий. 100 жилийн түүхэнд бүтээсэн зүйлтэй, түүнээ магтан мөнхөлсөн бүтээл арвинтай ард түмэн. Түүнийг сэтгэл зүрхэнд хүртэл харуулах байсан юм. Тусгаар тогтнолоо ингэж л олсон юм шүү дээ, түүнийг хайрлан хамгаалж яваарай гээд ой тойнд нь ортол хэлээд ухааруулаад өгөх цаг үе нь энэ 100 жилийн ой байсан юм шүү дээ. Соёл урлагаар хүнийг соён гэгээрүүлдэг гэдэг дээ. Гэтэл соён гэгээрүүлэх нь байтугай л юм боллоо доо... Нэг л хүнд эрхийг нь өгөөд байхаар ингээд нэгэн хэвийн, хуулбарласан шинэ соргог биш зүйлүүд гарч байгаа юм. Олон хүнийг олон студи продакшн хамруулсан бол бүгд өөр өөр, шинэ соргог санаа шийдлүүд гарах байсан биз ээ.

-Ер нь аливаа юм танил тал, ах дүү, хамаасан садан гээд эрх ашгийн зөрчилтэй бол асуудал үүсдэг. Ноёны бөх давдаг шиг Монголд бүхий л юм ийм нэг үхээнц байдалтай болсон. Чаддаг хүнд нь эрхийг нь өгөөд дараа нь хариуцлагыг нь үүрүүлдэг баймаар санагдах юм?

-Яг энэ л хамгийн их дутагдаад байгаа зүйл дээ. Сандал суудлын төлөө үхэн хатан тэмцдэг, танил тал ах дүү хамаатан саднаа харж үздэг, өнгө мөнгөөр эрх мэдэл авдаг энэ бузар муухай тогтолцоог халахгүйгээр ер нь хол явахгүй дээ. Мөнгөтэй хүн биш, чаддаг хүнд нь эрхийг нь өгөөд хариуцлага гээчийг маш хатуу тооцдог байж гэмээнэ улсын хөгжил ярихгүй бол энэ мэтээр бол хөгжил яриад ч нэмэргүй санагдаж, урам хугарч байна. Адгийн наад зах нь хичнээн жил хүсэн хүлээсэн Соёлын яамтай боллоо гээд л соёл урлагийнхан баярлаж байсан цаг саяхан. Гэтэл энэ ичмээр контентын төлөө соёл урлагийнхнаа золиослоод, таг дуугүй тэр мөнгө угаах ажилдаа түлхээд л орхисон. Эцэст нь ард түмэн мэддэгээрээ, таньдагаараа урлагийнханд бурууг өгч, дуулсан дуу, гаргасан үйлдэлд нь буруушаан шүүмжилсэн. Ард түмний ч буруу биш. Тэд энэ бүхнийг зөвхөн найруулагч удирдан зохион байгуулдаг гэдгийг мэдэхгүй учраас тэр. Урлагийнхан найруулагчийн төлөвлөгөөний дагуу л хий гэснийг хийж, дуул гэснийг дуулж гүйцэтгэж байгаа. Тэнд бужигнаан дунд хий гэснийг нь хийж бичүүлээд байсан, юу болох нь ч бүү мэд. Яг контент гээд телевизээр гарахад үнэхээр ичлээ гэсэн хүмүүс ч байсан. Үнэндээ бол урлагийнхан дуугүй л байгаа болохоос ингэж бодож байгаа нь дийлэнх байх шүү. Гэхдээ урлагийнхан маань одоо бүгдийг дуугүй гүйцэтгэдэг биш, болох болохгүйг хэлчихдэг, дургүй зүйлээсээ татгалзчихдаг зангарагтай л байх хэрэгтэй байна.

-Одоо тэгээд бид чинь наадмаараа ч үзэх юмгүй болж, их урлаг маань сүүлдээ мэргэжлийн бус хүмүүсийн зугаа төдий зүгээр нэг савсганасан, дөвчигнөсэн наадаан цэнгээн болж дуусах нь шив дээ. Үүнд таны бодол...?

-Ер нь сүүлийн үед соёл урлаг гэдгийг шоу цэнгээнтэй андуурдаг хүмүүс их болсон. Шинэ засгийн газры сайд нарын тангараг өргөх ёслол дээр Их хурлын дарга “Манай соёлын сайд бол гаднын олон шоуг телевизэд тавьсан хүн дээ” гэж хурлынхаа индэр, суудал дээрээсээ ичихгүй, улайхгүй хэлж дулдуйдаж байсан. Ингээд л төр засаг нь соёл урлагийг шоу цэнгээн гэж хараад ойлгоод, тийм хүнээр сайд тавиад байхаар Монголын төрт ёсны наадамдаа зориулсан контент нь ийм холион бантан байхаас ч аргагүй л болж байна. Бүх зүйл хоёр талтай, хийж байгаа хүн заавал шүүмжлүүлдэг л дээ. Контент хийе гэсэн санаа нь сайхан ч тэр их нөөц бололцоо, цаг хугацаа, хөрөнгө мөнгийг дэмий үрж муу зүйл хийсэнд, хоёр жил дараалан нэгэн хэвийн хэлбэр хийцтэй зүйлийг нэг л хүнээр хийлгэсэнд л ард түмэн бухимдаж байна. Шүүмжийг хүлээн авч, засаж залруулж байж хөгждөг. Шүүмжгүйгээр ямар ч зүйл хөгжихгүй. Ер нь бол зөв залаад хөгжүүлээд дэмжээд явбал Монголын соёл урлаг шиг арвин баялаг, Монголын урлагийнхан шиг авьяас чадалтай, ундарга сайтай улс цөөн байх шүү. Уучлаарай, улстөржиж байна гэж бүү бодоорой. Үнэхээр улс үндэстнийг соёл урлагаар соёлжуулан гэгээрүүлдэг. Гэтэл улс төр нь соёл урлагийг боомилоод, булшлаад байхаар дуугүй суугаад байж чадахгүй нь ээ.