Иргэн Д.Монголхүүг хууль бусаар баривчилсан гэх асуудалд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь мэдээлэл өглөө.

Тэрээр: "Монгол улсын иргэн нь Монгол улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт зааснаар эрх, эрх чөлөөгөө эдлэхийг хуульчилж өгсөн. Үүний дагуу Монгол улсын иргэн нь үзэл бодлоороо жагсаал цуглаан нээлттэйгээр зохион байгуулах эрхтэй. Цагдаагийн байгууллагын хувьд иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэж үйл ажиллагаа явуулахад нь хүндэтгэлтэй хандаж тэдний эрх чөлөөг хамгаалж ирсэн болно. Иргэн Д.Монголхүүгийн хувьд 2021 оны 9 сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хороо Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан. Энэ жагсаал цуглаан зохион байгуулахтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдэгдэл шаардлага хүргүүлсэн боловч хүлээж аваагүй. Хууль сахиулагчийн үйл ажиллагааг эсэргүүцсэн ийм үйл ажиллагаа явагдсан. Эдгээрийг үндэслээд Сүхбаатар дүүргийн прокурорын газар нотлох баримтыг хүргүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1-т заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан болно. Энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Д.Монголхүүг удаа дараа дуудсан боловч ирдэггүй, мэдэгдэл хуудас хүлээж авдаггүй ийм хүндрэл бэрхшээл гарсан учир цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүйгээр баривчлах үйл ажиллагаа явуулсан. Прокурорын байгууллагаас уламжлаад Сүхбаатар дүүргийн шүүхээр 214-р захирамж гаргаж 48 цагийн хугацаатай баривчлах ийм арга хэмжээ авсан. 

Цаашид цагдаагийн байгууллагаас хууль ёсны тавьж байгаа шаардлагыг эсэргүүцдэг, үүнийгээ олон нийтэд турхирдаг ийм үйл ажиллагааг шалгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллах болно" гэлээ.