Шатахууны хомсдолд орж, өнгөрсөн есдүгээр сард гал алдсан монголчууд дахиад л шатахуундаа дугаарлаж, хонолоо.

 Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Манай улсад өнгөрсөн 9 дүгээр сарын 20-дын үеэр шатахууны хомсдол үүссэн. БНХАУ, ОХУ-ын талаас шатахуун нийлүүлэх байсан ч тодорхой шалтгаануудын улмаас ААН-үүд тодорхой хэмжээнд хязгаарлалт хийсэн. Өчигдөр иргэдийн дунд шатахууны хомсдол дахин үүсэх гэж байна гэх яриа гарч, зарим ШТС-ууд хаасан байна. Үүний дагуу яам дээр шуурхай хуралдаж, ААН-үүдийн удирдлагуудтай холбогдсон. Хэдийгээр шатахууны нийлүүлэлт хэвийн болж байгаа ч бидэнд шатахуун борлуулалт хэвийн хэмжээнд хүртэл цаг хугацаа орно. 

Өнөөдөр өглөө Толгойт өртөө, Замын-Үүд өртөө дээр 50 вагон буучихсан, шингэн түлш “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” -д нийлүүлж байна. Өөрөөр хэлбэл шатахуун тасалдсан зүйл огт байхгүй. 

10 дугаар сарын 10 гэхэд шатахууны нийлүүлэлт урдын хэмжээндээ хүрч, жигдэрнэ. ОХУ-аас гол нийлүүлэлтээ авдаг. Өнөөдрөөс ОХУ-аас хэвийн хэмжээгээр ачих мэдээтэй байна" гэлээ.