Хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна.

Манай улсын Замын хөдөлгөөний дүрэмд гурав хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглосон байдаг. Гэвч энэ хууль төдийлөн хэрэгждэггүйгээр үл барам эцэг эхчүүд жолоо барьж байхдаа нялх хүүхдээ урдаа тэврэх, урд суудалдаа ямар ч хамгаалалтгүй суулгах, зогсоох зэргээр тээвэрлэдэг нь хүүхдүүдийн амь нас эрсдэх гол нөхцөл болж байна.

2021 оны эхний 10 сарын байдлаар хүүхэд өртсөн 371 осол, хэрэг бүртгэгдэж, 365 хүүхэд гэмтэж, 40 хүүхэд амиа алдсан байна.

Хүүхдийг энэхүү эрсдэлээс хамгаалах гол зүйл бол хүүхдийг автомашинд зорчиход нь зориулалтын суудалд суулгах юм. Тиймээс Эцэг эхчүүдэд хүүхдийн суудлын талаарх мэдээллийг хүргэе.

Хүүхдийн суудал худалдан авахдаа хүүхдийнхээ жинг нэн түрүүнд бодолцох ёстой. Хүүхдийн суудлын зэрэглэлийг дараах байдлаар ангилдаг.

-Машины суудлыг байрлуулах хамгийн зөв байршил бол ослын дэрний харалдаа автомашины хойд талын суудал юм. Хэрвээ урд суудалд байрлуулвал ослын дэр задрах үед хүүхэд амь насаа алдах аюултай. Мөн та арын суудалдаа хүүхдийнхээ машины суудлыг байрлуулахдаа хаалганы хажууд бус суудлын голд байршуулах нь аюул багатай гэдгийг анхаарна уу. АНУ-ын 16 мужид 1998-2006 оны үед 3-аас доош насны хүүхэд өртсөн 4790 авто осолд  дүн шинжилгээ хийгээд энэхүү дүгнэлтэд хүрчээ.  Хэрвээ ослын үеэр хүүхдээ хойд суудлынхаа голд суулгасан бол 43 хувь нь ослын улмаас гэмтэх эрсдэл буурах байжээ.

-Автомашины хүүхдийн суудал нь зөвхөн таны хүүхдийг машинаар зорчиход зориулагдсан болохыг анхаараарай. Хэрэв та гэртээ байх хугацаандаа хүүхдээ машины суудалд удаан хугацаагаар суулган саатуулах бол энэ нь таны хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд таагүй нөлөөтэйгээс гадна хүүхэд чинь суудлаас унаж бэртэх аюултай. Мөн машинд хэрэглэхээс бусад үед хүүхдийг энэ суудалд унтуулж, амраахыг хориглоно.

-Хэрэв таны хүүхдийн толгойн гуравны нэгээс илүү хэсэг нь суудлын түшлэгээс дээш гарсан байвал энэ нь суудал багадсан гэсэн үг.

 

Хүүхдээ аюул ослоос холуур байлгаж, эрүүл энх өсч торинох бүхий л нөхцөл боломжоор хангах нь эцэг, эх та бидний нэн тэргүүний үүрэг хариуцлага билээ.