Монгол, Японы Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлын талаар мэдээлэл өглөө.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол Улсын Ерөнхий сайд устөрөгчийн үйлдвэрийн салбарт гуравдагч болж ажиллах саналыг тавьсан.

Хоёрдугаарт хоёр орны аялал жуулчлалын салбарт шинэ дэвшил гаргаж ажиллах асуудлыг ярилцсан. Энэ хүрээнд монгол иргэдийг Япон улсад зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэх, визийн шаардлагуудыг хялбаршуулах саналыг тавилаа.

Засгийн газар хоорондын хөгжүүлж буй харилцааны тухайд өдий хүртэл хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг чанаржуулах, ирэх 50 жилд шинэ агуулгаар баяжуулсан харилцааг хөгжүүлэх чиглэлээр талаар санал солилцсон.

Япон улсын ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд илүү идэвх чармайлт гаргах, 2021 онд дууссан дунд хугацааны хөтөлбөрийн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэхүү баримт бичигт гарын үсэг зурна.

Аялал жуулчлал, шууд нислэг болон иргэдийн визийн асуудлын талаар судалж, ойрын хугацаанд санал солилцоод шийдэл гаргахыг холбогдох байгууллагуудад хоёр талдаа үүрэг өгөхөөр болсон" гэв.

Ерөнхий сайд Монгол Улсын төр, засаг, ард түмнээ төлөөлөн Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцсоны дараа тус улсын Ерөнхий сайдтай уулзалт хийжээ.