Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордонд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон гурван багц зээл, төслүүдийг танилцууллаа. Энэ үеэр Шинжээч Сангийн сайд асан С.Пүрэвийн хамаарал бүхий "Хархорин" ХК, "ЭС АЙ ПИ ЭС Монголиа" ХХК-ийн зээлийн мэдээллийг өгөв.

Тэрбээр "ЭС АЙ ПИ ЭС Монголиа ХХК барилгын материалын үйлдвэрлэлд "Угсармал ЭС АЙ ПИ ЭС бэлэн барилга үйлдвэрлэх төсөл"-д Улаанбаатар хотын банкаар дамжуулан таван тэрбум төгрөгийн зээл авсан. 

Уг компанийн 50 хувийг "Гангар-Инвест" ХХК, үлдсэн 50 хувийг "Саннинүхт" ХХК эзэмшдэг байна. "Гангар-Инвест" ХХК-ийн 70 хувийг тухайн үеийн сангийн сайд асан С.Пүрэв, Ж.Энхтөр 30 хувийг эзэмшдэг байжээ. Зээлийн зарцуулалтын хувьд таван тэрбум төгрөгөөс 4.9 тэрбумыг нь бэлэн зарлагаар авсан тул цааш нь нягтлах боломжгүй байлаа. 

БХБЯ-наас 2014 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 3/2283 дугаар албан бичгээр ЗГХЭГ, Монгол Улсын Хөгжлийн Банканд хүргүүлсэн тайланд дэмжигдээгүй төслийн жагсаалтад тусгагдсан байна. Гэвч 3ТХЯ-наас МУХБ-нд 2014 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 43 дугаар албан бичгээр хүргүүлсэн дэмжигдсэн төслүүдийн жагсаалтад тусгагдсан байна. 

"Хархорин" ХК 200 га талбайд чацаргана тариалж жимс үйлдвэрлэх төслийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотын банкаар дамжуулан 2.8 тэрбум төгрөгийг авсан байна. Тус компанийн 100 хувийн хувьцааг Сангийн сайд асан С.Пүрэв эзэмшдэг байсан.

Зээлийн зарцуулалтын хувьд 2.79 тэрбум төгрөгийг бэлэн гүйлгээгээр авсан учир цааш нь нягтлах боломжгүй байна" хэмээн ярилаа.