Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар тус тус өсжээ.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 6.8 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.5 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.1 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.1 хувиар тус тус өссөн байна. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа,үйлчилгээний үнэ 2024 оны 12 дугаар сард 8.3 хувь байсан бол 2025 оны 12 дугаар сард 7.5 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар буурсан байна.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.7 нэгж хувиар (22.4%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.1 нэгж хувиар (55.2%) тус тус өссөн нь нөлөөлжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 12 дугаар сард өмнөх сараас 0.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 1.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 1.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.8 их наяд төгрөгөөр өсжээ. Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж 4.0 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Бага мөнгө (M1) 2025 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 11.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 460.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх сараас 115.6 тэрбум төгрөгөөр өсжээ.

Бага мөнгө (M1)-ний 10.2 (91.1%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 998.6 (8.9%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна. Харин бараг мөнгө 2025 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 35.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.2 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.1 их наяд төгрөгөөр өсжээ. Бараг мөнгөний 26.0 их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.6 их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.2 их наяд төгрөг нь валютын харилцах байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны 12дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 22.2 тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 36.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламж 2025 оны 12 дугаар сарын эцэст 26.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.0 (18.3%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.4 (5.5%) их наяд төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламжийн 21.6 (82.8%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 4.5 (17.2%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Харин валютын хадгаламж 5.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 776.3 (16.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 222.2 (4.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.