Монгол Улсад хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан, нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Энэ асуудлын хүрээнд ХСҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ц.Батболдтой ярилцлаа.


-Манай улсад жилд хэд орчим хүн хорт хавдраар оношлогдож байна вэ. Энэ талаар тоон мэдээлэл эхлээд өгөхгүй юу?

-Дэлхий дахинаа хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Үүнийг дагаад Монголд ч гэсэн хорт хавдрын өвчлөл, нас баралтын тоон мэдээллүүд нэмэгдэх хандлагатай байна. ДЭМБ-ын статистик мэдээллээр дэлхий дээр 19 сая орчим хүн хорт хавдраар өвчилж, үүний улмаас 10 орчим сая хүн нас барж байна. Харин Монголд жилдээ 7500 орчим хүн өвчилж, 4500 хүн нас бардаг гэсэн мэдээлэл бий. Тодруулбал, өнгөрсөн оны мэдээллээр 8069 хүн хорт хавдраар өвчилж, 4700 орчим хүн энэ өвчний улмаас нас барсан харамсалтай тоон мэдээлэл байна.

-Цаашдаа хорт хавдрын өвчлөл улам нэмэгдэх хандлагатай байна уу?

-Тийм. Судалгаагаар одоогийнхтой харьцуулахад дэлхий даяар хавдрын өвчлөл 2040 он гэхэд 2-3 дахин нэмэгдэж, нас баралт 96 хувь нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан.

-Манай улсын хувьд хорт хавдар айл бүрийн хаалгыг тогшоод эхэлсэн байгаа шүү дээ. Энэ асуудлын учир шалтгаан, шийдлийн тухайд юу хэлэх вэ. Яг юунаас болж нийгэмд энэ аюул нүүрлэсэн байна вэ?

-Хорт хавдрын 20 орчим эрсдэлт хүчин зүйл бий. Наад захын энгийн жишээнүүдийг дурдахад, дэлхий даяар хүмүүсийн амьдралын дэглэм өөрчлөгдөж таргалалт ихсэж байна. Архи, тамхины хэрэглээ байна. Үүнээс гадна цаг уурын өөрчлөлт бий боллоо. Мөн ямар эрхтний хавдар үүсч байгаагаас шалтгаалаад вирусийн халдвар их байна. Манай улсын хувьд зонхилох хавдар нь элэгний хавдар байна. Дараагаар нь ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүү, хөхний хавдар ордог. Хавдруудын эрсдэлийг дурдвал эрхтэн тус бүрээс хамаараад өөр байдаг. Жишээлбэл, элэгний хавдар нь B, C вирус, элэгний өөхжилт, амьдралын дэглэмтэй холбоотой. Ходоодны хорт хавдар бол хеликобактери, хоолны буруу дэглэмтэй холбоотой. Уушгины хорт хавдар нь тамхидалт, агаарын бохирдлоос үүддэг. Умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг үндсэн шалтгаан нь папилома вирус. Эдгээр хавдрыг бууруулах боломжтой. Энэ бол ганцхан ХСҮТ гэхгүйгээр нийгмээрээ, улсаараа, бүр цаашилбал дэлхий нийтийн асуудал болчихоод байна. Хавдар бол эрт оношилбол эдгэрэх магадлал 90-100 хувьтай байдаг. Хамгийн чухал нь эрт илрүүлэг. Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэгт хамрагдаж байгаа үйлчлүүлэгчдийн 36 хувь нь хавдраа эрт оношилж, 64 хувь нь хожуу оношлогдоод байгаа. Хожуу оношлогдох тусмаа эмчилгээний зардал өндөр болж, боломж нь багасдаг.

-Дэлхийн улс орнууд хорт хавдартай яаж тэмцэж байгаа юм бол. Манай улс төр засгийн хэмжээнд дорвитой анхаарч чадаж байна уу?

-Би бол эмэгтэйчүүдийн хавдрын эмч. Тийм учраас жишээ аваад ярья. Дэлхий даяар умайн хүзүүний хорт хавдраар 660 мянган эмэгтэй өвддөг. Үүний улмаас 350 эмэгтэй нас бардаг гэсэн судалгаа бий. Харин Монголд 500 эмэгтэй өвчлөөд эдгээрийн 36-40 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог. ДЭМБ-аас энэхүү өвчний эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 онд гэхэд хавдрын шинэ тохиолдол 22.4 хувиар нэмэгдэнэ гэх тооцоолол гарсан. Үүнтэй холбогдуулаад ДЭМБ-аас хөгжиж байгаа орнууддаа дэмжлэг үзүүлэх хорт хавдрыг устгах стратеги гэж гаргасан. Энэ хүрээнд вакцинжуулалт, оношилгооны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2100 онд гэхэд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлыг 100 мянгад дөрөв болгож бууруулах боломжтой гэсэн тооцоолол гарсан байна.

Манай улсад ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр эрт илрүүлгийг яаж хийх вэ гэдэг сургалт нийслэлийн хэмжээнд эхэлж байна. Ирээдүйд үүсч болох эрсдэлээ ойлгосон учраас хойд бүсэд хавдрын төв нээлээ, "Хавдар-2" төслийг эхлүүлсэн байна. Сургалт сурталчилгаанд мэргэжлийн эмч нарыг хамруулж байна. Цаашид хорт хавдар өсөн нэмэгдэх асуудлыг ойлгосон учраас үүнд онцгой анхаарах зайлшгүй шаардлага аль хэдийнэ үүссэн. Сэргийлэх боломжтой хавдраар хүн нас барна гэдэг харамсалтай. Үүнд улс орон даяар эрт илрүүлэг хийж, эрт оношилсноор нас баралтыг огцом бууруулж чадна. Харин төр засгаас юу хүсдэг вэ гэвэл эрүүл мэндийн салбарыг удирдаж байгаа хүн маань мэргэжлийн хүн байгаасай л гэж хүсдэг. Мэргэжлийн хүн асуудлаа ойлгодог, зөвөөр шийддэг.

-ХСҮТ-ийн хүчин чадал ямар байдаг вэ. Хорт хавдрыг эмчлэх, оношлох орчин үеийн ямар шинэ технологиуд нэвтэрч байна вэ?

-Жилдээ амбулаториор 160 мянга орчим хүн үйлчлүүлж байна. Ачааллын хувьд бүрэн дүүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Хавдрын өвчнийг нэг эмч эмчилдэггүй. Хими, туяа, мэс засал, хавдар судлаач, дүрс оношилгооныхны оролцоотойгоор нэг өвчтөнийг олон аргаар эмчилдэг. Зөвхөн хими, туяа, мэс заслаар биш, олон арга дэлхий дахинд нэвтэрч байна л даа. Монголд яг л энэхүү аргачлалаар явж байна. Энэ хүрээндээ технологиудаа дээшлүүлээд явж байгаа. Жишээлбэл, NGS технологи байна. Энэ бол молекул, генийн мутацийн түвшинд хавдрыг оношлоод, ямар эм таарч байна, химийн ямар эмчилгээ таарах юм, цаашдаа үйлчлүүлэгч маань ямар хавдраар өвдөх магадлалтай вэ гэдгийг хүртэл тогтоодог болчихлоо. Энэхүү технологийг манайх он гараад оруулж ирлээ. Мөн гаднах урсгалыг бууруулах зорилгоор робот мэс заслыг хөгжүүлж байна. 2025 оны сүүлээр энэ технологи орж ирээд элэг, цөс, эмэгтэйчүүд, ерөнхий мэс заслуудад нэвтрүүлээд явж байна. Мөн химийн бай, дархлаа эмчилгээнүүдийг нэвтрүүллээ. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиудыг хэрэглээд явж байгаа нь Монгол Улсад хавдрын тусламж үйлчилгээ хоцроогүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Мөн элэгний Д вирусийн эсрэг эмийн эмчилгээг нэвтрүүлээд явж байна. Энэ эмчилгээтэй холбоотой манай улсын хэмжээнд хэдэн Д вирустэй хүн байна, нэмэгдэж байна уу, буурч байна уу гэсэн судалгаа нь давхар явагдаж байгаа. Үнэхээр Д вирус нь буураад, өвчнөө хянаад явахаар нас баралт буурах нь тодорхой. Энэ мэт хорт хавтрын өвчний эсрэг эмчилгээний технологийг нэвтрүүлэхэд анхаарч байна.

-Хүн бүр эрүүл мэндээ хамгаалж, урт удаан амьдрахын тулд хамгийн түрүүнд юун дээр анхаарах ёстой юм бэ?

-ХСҮТ-ийн захирлын хувьд нэг зүйлийг уриалмаар байна. Хорт хавдрыг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлүүдээс л зайлсхийх хэрэгтэй. Энэ нь хоолны дэглэмтэй байх, архи, тамхинаас татгалзах, таргалалтгүй байх юм. Эдгээр нь суурь хүчин зүйл. Мөн вирусийн халдвар авахгүй байх хэрэгтэй. Мөн сүүлийн жилүүдэд хүмүүсийн амьдралын хэмнэл өөрчлөгдөж байна. Үүний хамгийн тод жишээ нь, дэлгэцийн донтолт. 1-2 цагаас дээш гар утсаа оролдоод суувал амьдралын хэмнэл өөрчлөгдөөд л явчихна.

Наад зах нь хоол ундны дэглэм алдагдана, хөдөлгөөний дутагдал гэх мэт асуудлыг дагуулна. Хоол ундны тухайд хуурсан, хайрсан, химийн амт оруулагчтай хоолны хэрэглээ асар их байна. Мөн өлсөж байгаад хэт их идэх хүртэл нөлөөлнө. Агаар орчны бохирдол хүртэл нөлөөлнө. Эдгээр зүйлд анхаарахад бид хорт хавдраар өвдөхгүй, нас барахгүй байж чадна. Үүнийг л нийгмээрээ ойлгох хэрэгтэй.

Г.БАЛГАРМАА

ӨДРИЙН СОНИН