Улс төр судлаач, хууль зүйн магистр О.Баярцогттой ярилцлаа.


-Сүүлийн үед Туулын хурдны замын төсөл тойрсон асуудлууд, тэр дундаа холбогдох албан тушаалтнуудыг шалгаж, баривчилж буй мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Юуны өмнө нэг зүйлийг тодруулж хэлэх хэрэгтэй. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгах эрх нь хууль хяналтын байгууллагад бий. Энэ бол хууль ёсны процесс. Гэхдээ энэ эрхийг хэрэгжүүлэх арга хэлбэр нь өөрөө хүний эрхийг зөрчихгүй, айдас төрүүлэхгүй байх ёстой. Сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг хандлага бол эхлээд хорьж байгаад дараа нь нотлох баримт цуглуулна гэсэн хуучин арга барил хэвээр байна. Энэ нь манай Эрүүгийн процессын шинэчлэлийн зорилготой зөрчилдөж байгаа юм.

-Та Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан гэж байсан. Яг энэ асуудал дээр хууль ямар зарчим баримтлах ёстой байсан бэ?

-Шинэчлэлийн гол зорилго нь хорьж байгаад хэрэг хүлээлгэдэг тогтолцоог өөрчлөх байсан. Өөрөөр хэлбэл, нотлох баримтад тулгуурласан мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хүнийг зайлшгүй тохиолдолд л баривчлах зарчим руу шилжих ёстой байсан юм. Гэтэл бодит байдал дээр хүн байвал хэрэг олдоно гэсэн хандлага бүрэн арилаагүй байна. Энэ нь товчхондоо хууль хэрэгжихгүй байна гэсэн үг.

-Нийслэлийн удирдлагын түвшний хүмүүсийг шалгаж байгаа нь улс төрийн өнгө аяс агуулж байна гэсэн шүүмжлэл гарч байна. Та санал нийлэх үү?

-Ийм хардлага нийгэмд үүсч байгааг үгүйсгэх аргагүй. Жишээ нь, албан тушаалтан өөрөө дуудагдахад очсон, оргон зайлсан зүйлгүй, нотлох баримт устгасан шинжгүй байхад гэнэт баривчлах шийдвэр гарч байгаа нь олон хүнд эргэлзээ төрүүлж байна. Энэ эргэлзээ өөрөө аюултай. Учир нь хууль хяналтын байгууллагад итгэх итгэл сулрах эрсдэл бий болдог. Тухайлбал, олон нийтийн дунд яригдаж байгаа нэг тохиолдол бол нийслэлийн орлогч дарга Д.Даваадалайтай холбоотой асуудал. Түүнийг дуудсан цагт нь очсон, байршил тодорхой, мөрдөн байцаалтад саад учруулаагүй гэх мэдээлэл бий.

Гэтэл амралтын өдөр удаан байлгаж байгаад шөнө дунд баривчилсан гэх мэдээлэл гарсан нь заавал баривчлах шаардлага байсан уу гэсэн асуултыг дагуулж байна. Энэ бол миний дүгнэлт биш, харин нийгэмд үүсч байгаа эргэлзээ.

-Ямар нэгэн том төсөл эхлүүлдэг. Араас нь улстөрждөг, улмаар ажлаа идэвхтэй хийж яваа хүмүүсийг баривчилдаг, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ял тулгадаг асуудал газар авлаа. Ийм нөхцөл байдал томоохон төслүүдэд хэрхэн нөлөөлөх бол?

-Энэ бол хамгийн ноцтой асуудал. Туулын хурдны зам шиг том төсөл хэрэгжүүлэхийн тулд асар их хариуцлага, зориг хэрэгтэй. Гэтэл төслийг хэрэгжүүлж байгаа хүмүүс улс төрийн шалтгаанаар шалгагдах, баривчлагдах эрсдэлтэй байвал хэн ийм ажлыг хийх вэ. Айдас бий болсон орчинд шийдвэр гаргах хүн цөөрнө. Хариуцлага хүлээхээс хүмүүс зайлсхийнэ. Том төслүүд гацаанд орно. Эцэст нь улс орны хөгжилд шууд сөргөөр нөлөөлнө. Энэ бол энгийн логик шүү дээ. Хамгийн аюултай нь хэрэг хянан шийдвэрлэх процесс болон хуулийн хэрэгжүүлэхтэй холбоотой бүхэл бүтэн буруу систем тогтчихоод байна. Өөрөөр хэлбэл, манайд нэг төрлийн хуулийн хар технологи бий болсон мэт харагддаг. Энэхүү хар технологи хэрэгжихдээ эхлээд сошиал орчинд тухайн хүнийг харлуулна. Олон нийтийн дунд сэжиг төрүүлнэ. Дараа нь хууль хяналтын ажиллагаа эхэлнэ. Ингээд буруу, зөв гэхгүйгээр цэвэр улс төрийн хандлагаар тухайн ажил, тухайн ажил хариуцсан этгээдийг шууд яллах маягаар процесс дуусдаг. Эцсийн дүндээ улс оронд ашигтай, иргэдэд наалдсан, эдийн засгийг өсгөх гол төсөл зогсдог. Энэхүү байдал, энэ систем олон давтагдвал хэн ч эрсдэлтэй шийдвэр гаргахыг хүсэхгүй болно. Хэн ч ажил хариуцах зориггүй болно.

-Хэнд ч хамаагүй улс төрийн зорилгоор ял тулгадаг. Хэнийг ч хамаагүй хийсэн ажлаар нь үндэслээд хуулийн хариуцлага тооцдог байдал нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчим алдагдаж байна гэж үзэж байна уу?

-Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Гэвч бодит амьдрал дээр олон нийт хэн нэгнийг улстөрч л бол шууд буруутай гэж хардаг болсон нь нууц биш. Энэ нь өөрөө шүүхийн өмнөх олон нийтийн яллалт болж хувирч байна. Хүн гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоох ёстой. Харамсалтай нь шүүхээс өмнө нийгэм, аль нэг улстөрч хэн дуртай хүнээ гэмт хэрэгтэн, ялтан мэтээр хандлагын хариуцлага тооцож байгаа нь манай өнөөдрийн нийгэмд үүссэн гажиг тогтолцоо гэж хэлж болно.

-Туулын хурдны замаас эхлээд олон том төсөл хөтөлбөрүүд дандаа улс төрийн шалтгаанаар зогсдог. Энэ байдал нь мэдээж гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж байгаа байх. Угтаа хөрөнгө оруулагчид тухайн оронд хөрөнгөө оруулахдаа эрх зүйн орчин, хууль тэгш үйлчилж байгааг нь нэн тэргүүнд хардаг байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Хамгийн түрүүнд эрх зүйн орчин нь ямар байгааг харна шүү дээ. Ийм орчинд гадны хөрөнгө оруулагчид орж ирэх магадлал маш бага. Тэдний хувьд хамгийн чухал зүйл бол таны хэлсэн эрх зүйн тогтвортой орчин. Шударга шүүх, урьдчилан таамаглах боломж. Хэрэв төслийн удирдагч нь улс төрийн шалтгаанаар баривчлагдаж болдог орчин байвал хөрөнгө оруулагчид эрсдэл гэж харна. Улмаар хөрөнгө оруулахаасаа татгалзана. Тиймээс бид хууль, эрх зүйн хувьд ч тэр тогтолцооны хувьд ч тэр нэн тэргүүнд засах хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, хууль хяналтын байгууллагын хараат бус байдлыг бодитоор хангах хэрэгтэй. Хоёрдугаарт, баривчлах арга хэмжээг зайлшгүй нөхцөлд тодорхой үндэслэлтэй, ил тод байдлаар хэрэгжүүлэх ёстой. Гуравдугаарт, улс төрийн намууд том төслүүд дээр өрсөлдөх биш, хамтрах шаардлагатай. Засгийн газар, УИХ, орон нутгийн түвшинд уялдаа холбоотой ажиллахгүй бол ямар ч төсөл урагшлахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Эцэст нь хэлэхэд, хууль засаглаж байгаа оронд хууль хэрэгжих л ёстой. Гэхдээ хууль хэрэгжих нэрийн дор айдас бий болгох ёсгүй. Айдас давамгайлсан нийгэмд хөгжил зогсдог. Хэрэв бид том төсөл хэрэгжүүлдэг, хариуцлага үүрдэг хүмүүсээ хамгаалж чадахгүй бол маргааш Монголд удирдах хүн олдохгүй болох эрсдэл бий. Энэ бол улс төрийн биш, үндэсний хэмжээний асуудал юм.

 

Э.МӨНХТҮВШИН

ӨДРИЙН СОНИН