Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн IX хороонд байрлах Баруун Баян-Уулын гудамжны 24 тоотод оршин суух Э-гийн хашаанд эрэгтэй хүний занданшуулсан шарил хадгалж байсныг цагдаагийн байгууллагынхан илрүүлсэн. Шарилыг анхлан харсан судлаач, мэргэжилтнүүд хувилгаан хүнийх байж магадгүй хэмээн таамаглаж байв. Тиймээс занданшуулсан шарилыг хэнийх гэдгийг тогтоолгохоор бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Тэгвэл ойрын өдрүүдэд тус шарилыг хэнийх гэдгийг тогтоосон талаар мэдээлэл цацах боллоо. Энэ талаар Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн дэд хамба Н.Нанзаддоржтой ярилцлаа. 
 

-Сүхбаатар дүүргээс олдсон эрэгтэй хүний занданшуулсан шарилыг хувилгаан хүнийх гэх мэдээлэл цацаж байна. Ер нь бурхны шашны ёсонд занданшуулж нутаглуулсан хүнийг юу гэж нэрлэдэг юм бэ? 
 

-Занданшуулсан шарил гэж нэрлэдэг. Шашны томоохон хутагт хувилгаад, сүм хийдийн хамба, хэргэмтэй лам нарыг хүндэтгэн занданшуулж, оршуулдаг. Хүндэтгэх ёсны үүднээс шарилыг нь хатааж занданшуулдаг гэж ойлгож болно. Занданшуулах нь нарийн ёс дэгтэй. Яг тэр ёс дэгийн дагуу хатаасан шарилыг л занданшуулсан гэдэг. Занданшуулах дэг нь ховор тохиолддог шашны үйл юм. Монголчууд дээхнэ үед нас барсан хүнээ ил тавьдаг байсан. Мөн галд хайлж оршуулдаг байсан уламжлалтай. Харин занданшуулсан шарилаа шүтээн хэлбэрээр сүм, орон нутагт тахиж, шүтдэг. Тиймээс энэхүү ёс дэгийг хамгийн хүндэтгэлтэй хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. 
 

-Бурхан лам Г.Пүрэвбат занданшуулсан шарилыг 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх гэж мэдэгдсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 
 

-Одоогоор хаанаас олдсон, хэн гэдэг хүний занданшуулсан шарил болохыг нь тогтоогоогүй. Тийм болохоор энэ асуултад хариулах боломжгүй. 
 

-Олон жил хадгалсан шарилыг нар салхинд гаргаж байгаа нь үл хүндэтгэж байгаагаас гадна хадгалалтын горим алдагдахад хүргэх аюултай юу? 
 

-Шарилыг хаанаас, хэн олсон нь одоогоор тодорхойгүй байгаа шүү дээ. Ямар ч байсан улс анхаарал тавиад хамгаалалтдаа авсан нь сайн хэрэг. Гэхдээ бүх зүйл тодорхой болсны дараа шашных нь журам дэгийн дагуу хүндэтгэлтэйгээр байрлуулах нь зүйтэй гэж бодож байна. 
 

-Аль нутгаас олдсон хэн гэдэг хувилгаан гэдгийг нь тогтоож байж шашны дэгийн дагуу байх ёстой газар нь залах ёстой гэсэн үг үү? 
 

-Тийм. Хаанаас олдсон, хэн гэдэг хутагт хувилгаан гэдгийг нь тогтоож байж шашны зан үйлийн дагуу хүндэтгэн байрлуулах ёстой. 
 

-Хүмүүс очир завилгаагаар суулгасан байна гэсэн. Ингэж суулгах нь ямар учиртай юм бэ? 
 

-Угаасаа лам гэдэг нь суудлаасаа тодорхой байгаа юм. Учир нь, уг шарил нь очир завилгаагаар суусан, баруун зүүн мутар нь зөрсөн хэлбэртэй. Энэ нь шарил он цагийн явцад анхны байдал нь алдагдсан, хадгалалт буруу байснаас суулт өгсөн гэж бодож байна. Ер нь шарилын баруун гар ном номлож, зүүн гар нь өвөр дээрээ тэгш байдалтай байсан. Тэгээд өөрөө завилж суусан байдалтай байсан гэж бодож байна. Он цагийн явцад нөгөө гарын байрлал нь доош буусан гэж үзэж байна. Баруун гарыг нь харахад эрхий болон долоовор хуруугаа хоорондоо нийлүүлсэн ном номлох мутартай юм шиг харагдаж байгаа юм. 

-Далай ламын эмч Бэрри Керзин уг занданшуулсан шарилыг “Амьд” гэсэн. Тэгэхээр энэ шарил үнэхээр Будда болохоор бясалгаж байгаа амьд хувилгаан юм уу? 
 

-Амьд биш. Зарим хүн энэ талаар янз бүрээр ярьж байна. 200 жил бясалгал хийж байгаа хүн байна гэж ч хэлсэн. Энэ шарил нь шашны номд заасан “Гогнямба” буюу бясалгалд оршсон хүн биш, занданшуулсан шарил юм. Шашных нь талаас харахад энэ бүхэн тодорхой байгаа. 
 

-Та шарилыг бодитоор нь харсан уу? 
 

-Очиж үзсэн. 
 

-Шашны ёсны талаас харахад тус шарилын насыг баримжаагаар хэлж болох уу? 
 

-Занданшуулснаас хойш насыг нь хүмүүс 200 гэсэн байна лээ. Гэхдээ энэ баталгаатай мэдээ биш. Шарилаас эсийн шинжилгээ авч насыг нь тогтоож болно. Тус шинжилгээг одоогоор хийгээгүй байна. Тэгэхээр одоогоор 200 жилийн өмнө хойно гэж хэлэхэд эрт юм. 
 

-Бурхны шашны номд хэчнээн хутагт хувилгаадыг занданшуулсан байдаг юм бэ? 
 

-Монголын найман Богдыг занданшуулаад шүтээн хэлбэрээр тахиж, шүтэж байсан. Жишээ нь, Гандантэгчинлэнгийн Очирдарийн дугана бол V Богдын шарилын сүм юм. Мөн хийдийн одоогийн номын сан бол VIII Богдын шарилын сүм шүү дээ. Богдуудыг дандаа занданшуулсан хэлбэрээр хадгалдаг. Мөн VII, VIII Богдын номын багш Гачинбалданчоймпил гэж Түвдээс заларсан лам байсан. Тэр хувилгааныг таалал төгсөхөд нь занданшуулж, шарилыг сүмд залж байсан. Зая гэгээний олон дүрийг занданшуулан хадгалсан байна. Түүний занданшуулсан хоёр дүр нь олдсон гэх мэтээр Монголд бурхны шашин дэлгэрсэн үед 700 гаруй сүм хийд байсан. Тиймээс хутагт хувилгаадыг занданшуулаад шүтээн хэлбэрээр хадгалсан нь элбэг байдаг. Харамсалтай нь, 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр ихэнх нь галд шатаж алга болсон. Харин иймэрхүү уул хаданд нуусан хэлбэрээр олдож байгаа нь манай улсын хувьд анхны тохиолдол. Дахиад ч олдох байх гэж бодож байна. 
 

-Занданшуулсан шарилыг модон хайрцагт хийж, гадуур нь чулуугаар дуган зассан байсан гэсэн. Та тэр газар очиж үзсэн үү? 
 

-Үзээгүй.
 

 

Б.Сэлэнгэ