“Нүхт тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй МИАТ компани болон Төрийн өмчийн хороонд холбогдох тендерийн маргааныг шүүх хурал Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд болж шүүх шийдвэрээ гаргажээ. Шүүхээс нэхэмжлэгч тал болох “Нүхт тур” компанийн зарим хүсэлтийг хангасан байна.

Тодруулбал, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатарын шийдвэрээр МИАТ компанид катеринг /хоол хүнс/ нийлүүлэх тендерийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарласан “Тендер зарлах тухай шийдвэр”-ийг хүчингүй болгосон байна. Улмаар МИАТ, “Нүхт тур” ХХК-ийн хооронд байгуулсан катерингийн төвийг гүйцэтгэх удирдлагын гэрээний хугацааг энэ оны долдугаар сарын 23-ныг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна. Харин нэхэмжлэгч тал буюу “Нүхт тур” ХХК-иас гаргасан катеринг нийлүүлэх гэрээг хоёр жилээр сунгах хүсэлтийг шүүхээс хүлээн аваагүй ажээ.

Өнгөрсөн удаагийн шүүх хуралд хариуцагч талаас буюу МИАТ компаниас хэргийг шүүж байгаа шүүгч Д.Халиунаагаас татгалзсан ч шүүхийн ерөнхий шүүгч хүсэлтийг хүлээн аваагүй байна.

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүх хурлаас эцсийн шийдвэр гараагүй, маргаантай байхад МИАТ компаниас тендер сонгон шалгаруулалт явуулж, ялагчийг тодруулсан байна. Тендерт гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Gate Gourmet” компани ялж, МИАТ-д хоол хүнс нийлүүлэхээр болоод байгаа гэх. Шүүхээс харин “Нүхт тур” компанийг ирэх долдугаар сар хүртэл дээрх үйлчилгээг явуулах эрхтэй гээд шийдвэр гарсан байна.

Харин МИАТ компани шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд давж заалдана гэлээ.