Урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахгүй байх, Ноён уулыг ухуулахгүй байхын төлөө “Босоо хөх Монгол” бүлгэмийн  залуус өлсгөлөн зарлаад 13 хонож байна. Тэгвэл сар шинийн өмнө УИХ-ын нэгдсэн чуулган завсарлахтай зэрэгцэн урт нэртэй хуулийг баталсантай холбоотойгоор өлсгөлөн зарлаж байгаа иргэд  өнөөдөр ажлын цаг дууснаас эхлэн хуурай өлсгөлөн зарлахаа албан ёсоор мэдэгдлээ.  Бид энэ үеэр өлсгөлөн зарлаж байгаа  П.Шинжээравдантай цөөн хором ярилцлаа.  

- Биеийн байдал ямар байна?

- Өлсгөлөн зарлаад 13 хоног буюу 284 цаг болж байна. Одоогоор биеийн байдал яаав ээ. Барагцаатай байна. Жин их хасдаг юм байна. Доод тал нь 5 дээл тал нь 8кг хасаж байна.  

-Урьд  шөнө хүчээр тараана гэсэн мэдээлэл байсан. Өнгөрсөн шөнө яг юу болов?

- Урьд шөнө Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Поликлиникийн эрхлэгч Д.Нэмэхбат гэж хүн ирсэн.  Уг нь эрүүл мэндийн байгууллагын хүн хэрнээ цагдаагийн байгууллагын улсуудтай  цуг ирж, бие нь муудсан байна. Тарах хэрэгтэй гэсэн өнгө аястай юм хар шөнөөр  ярьж албан бичиг барьж ирсэн. Үнэхээр тийм бол өдөр, орой нь ирж үзэж байгаа. Тэгэхдээ ярихгүй яасан юм. Цаанаасаа л энэ эмнэлэг цагдааг турхирч байгаад биднийг бушуухан эндээс тараачих сана байх шиг байна, энэ дээгүүр байгуу улсуудад. Өнөөдөр 13 дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. Бидний хувьд ингээд үр дүнгүй салахад бол хэцүү байна.  Цаашдаа яадаг юм байгаан, Ерөнхийлөгчийг бидэнтэй уулзатлаа, эсвэл шийдтэй хариу өгтөл байна л гэж үзэж байгаа.  Гэхдээ биднийг өнөөдөр өлсөж цангаж, гадаа даарч хонохоос илүү цагдаа хүчний байгууллагын дарамт бол үнэхээр их байна. Шөнө хичнээн араваараа энүүгээр холхилдоод, янз янз болоод, энд тэнд рүү утасдаад, бүрэлдэхүүн ирж машин тэрэгтэй бужигнацгаагаад үнэхээр эгдүү хүргэж байна энэ улсууд. Өнөөдөр бид нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн юм биш. Ихэс дээдсээс үлдсэн ганц Ноён уулаа, ой мод, гол мөрнөө авч ирсэн, ард түмнээс гарч ирсэн  эко хууль болох урт нэртэй хуулийг ард түмэнд нь үлдээчих гэж гуйсан. Илүү цалин хөлс, ахуйн чанартай юу ч ярьсангүй.  Суулаа тавьж өг гэж амбиц нэхсэнгүй. Тэгэхэд өнөөдөр ард түмэнд тэрийг нь өгсөнгүй, тавиад туучихлаа. Урьдчилаад гадаадын компанитй нөхцчихсөн, болзчихсон байсан асуудал. Битүүний өдрөөр зүгээр дүр эсгэж хууль баталж байгаа юм байна.              Эртнээс өгөлцөж авалцсан асуудал байх шиг байна.  

- Та бүхэнтэй уулзаж байсан  УИХ-ын гишүүн О.Баасанхүү,  Д.Арвин нар та бүхнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч урт нэртэй хуулийг батлахдаа эсрэг кноп дарсан. Үүнд таны бодол?          

-Итгэмээргүй хүмүүс  урт нэртэй хуулийг батлая гээд кноп дарсан байдаг юм билээ. Ард түмэн энэ улсуудыг үнэхээр таньдаггүй юм билээ. Таньдаг байсан ч энэ луйварчин, эрх баригчдаасаа халдвар авчихдаг юм биш үү? Хэзээ ч дэмжихгүй байх гэсэн улсууд кноп дарсан байна лээ. Энэ улсууд 2016 оны сонгуулиар гарна гэж бодолтгүй биз. Тэднийг эх орноосоо урвагч гэж үзэж байна.

- Та хэдийг хэн нэгний гар хөл гэсэн яриа байгаа?

- Бидний ард хэн байхав дээ. Ядасран ард түмэн л байна ш дээ. Гадаад дотоодоос месенжерээр харьцаж байгаа ард түмэн л байна.  Биднийг өнөөдөр АН нь дэмжих үү? МАН нь дэмжих үү? Үгүй ш дээ. Эд нар чинь өнөөдөр бидний дайсан болоод газар нутгийг зарж байгаа биз дээ. Бидний гуйсан юмыг өгөхгүй байж, биднийг суулгаад байна гэж байхгүй ш дээ. Ноён уулын савдаг биднийг суулгаад байгаа биш шүү дээ. Мөнгө цаасаар сууж байна гэж өөрсөд шигээ юм бодож байна. Бид эд нартай адилхан мөнгө цаасаар,  албан тушаал горилж өлсгөлөн зарлаж өөрсдийгөө золигт гаргаагүй. Ганцхан газар нутаг, уул усныхаа төлөө байгаа. Үүгээрээ бид үеийн үед ялгагдана. Үүнийг  ард түмэн ялгаад салгаад эхэлсэн.

Хуурай өлсгөлөн  зарлахын зэрэгцээ тэмцэж болох бүхий л аргыг тэд хэрэглэх болно гэдгээ хэлж байсан юм.  Монгол улсын Ерөнхийлөгч  өнөөдрийн үүсээд байгаа энэхүү байдалд ямар нэгэн байдлаар мэдэгдэл хийхийг  хүсэж байсан юм.  

А.Баярмаа