Арай л 100 граммаар мах авах нь холгүй байна

“1000 төгрөгөөр буулгачих” хэмээн бүсгүй гуйна. “10 мянган төгрөгийн өмдийг илүү яаж хямдруулах юм бэ. Авбал ав” гэж худалдагч ширэв татав. Бүсгүй ч, худалдагч ч хэн хэн нь бууж өгөх шинжгүй. Хэсэг хугацааны дараа бүсгүй лангууг орхин одлоо. Харин худалдагч “Өнгөрсөн жил авчирсан өмдөө тал үнээр нь борлуулж байна. Урд хөршөөс авсан үнээсээ доогуур өгнө гэж юу байх вэ. Санасан үнээ хэлэх юм” хэмээн араас нь үглэсээр хоцров.

“Нарантуул” худалдааны төвийн бэлэн хувцасны тасагт ийм нэгэн яриа өрнөлөө. Уг нь хэн хэнд нь худалдах, худалдан авах сонирхол байсан нь мэдээж. Гэвч үнийн хувьд тохиролцоонд хүрч чадсангүй.

Бид үйлчлүүлэгчээ алдсан өнөө худалдагчийг зорилоо. Ахимаг насны энэ эмэгтэй “Нарантуул” анх байгуулагдахад энд төвхнөжээ.

-Борлуулалт хэр байна вэ?
-Муу, муу. Амралтын өдрүүдэд арай дээр. Сүүлийн 10 жил дэх хамгийн муу орлоготой зун, намраа үдэж сууна.

-Томоохон дэлгүүрийн худалдагчид “Нарантуул”-д борлуулалт сайн байгаа гэх юм. Энэ үнэн үү?
-Мэдээж, Томоохон дэлгүүр, худалдааны төвтэй харьцуулахад энд борлуулалт муугүй л байна. Гэхдээ өмнөх жилүүдийнхээс буурсан. “Нарантуул”-ыг орхисон худалдаачид буцаад ирж байна. “Бөмбөгөр”, “Sunday plaza”-д худалдаа эрхэлж байсан хүмүүс одоо лангуу сураглаж байх юм. Тэдний хэлж буйгаар борлуулалт нь зогссон гэнэ. Манай том бэр “Түмэн плаза”-д худалдаа хийдэг. Бараг л борлуулалтгүй байна гэж хэлэх юм. Би 2X3 ам.метрийн хэмжээтэй энэ талбайг сарын 140 мянган төгрөгөөр түрээсэлдэг. Гэтэл “Түмэн плаза”-д ийм талбайн түрээс 760 мянга шүү дээ. Тэгэхээр энд 20 мянган төгрөгөөр борлуулж буй өмд тэнд дор хаяж 40 мянга байх нь зүйн хэрэг. Миний хувьд одоогоор таван өмд борлуулчихаад сууж байна.

Монголчууд эргээд комиссын хувцас өмсөж эхэлсэн

-Хүмүүс чанараас илүү хямд үнэтэй бараа сонгож байна гэх юм. Ийм хандлага ажиглагдаж байна уу?
-Ийм хандлага бүр ноднин жилийн намраас эхэлсэн. Мөн өнгөрсөн хавраас залуучуудын хэлдгээр “од”-ууд энд үзэгдэх боллоо. Өмнө нь тэднийг “амьдаар” нь харна гэдэг бараг өдрийн од шиг байлаа. Одоо бол олны танил эрхмүүд “Нарантуул”-аар үйлчлүүлж байна. Ингээд болохоор хямрал хэнийг ч ялгалгүй дайрдаг бололтой гэв.

Биднийг ийн ярилцах зуур нэлээд дэгжин бас боломжийн амьдралтай нэгэн болов уу гэмээр эмэгтэй ирж ноосон өмд худалдаж авлаа. Тэрбээр хогийн сав, угаалгын нунтаг гээд ахуйн хэрэглээний ойр зуурын юм ачааны тэргэнд өржээ. Нарантуулын худалдаачдын хэлж буйгаар иймэрхүү дэгжин үйлчлүүлэгч олон болжээ.

Найр наадмын үеэр зах хүний хөлд дарагдана. Мөнөөх дашням, балжиннямтай өдөр нь жинхэнэ утгаараа наймаачдыг бас “ивээлдээ” авчээ. Хөргөгч, тоос сорогч, хивс зэрэг гэр ахуйн бараа хэдэн зуугаараа зарагдсан гэнэ. “Хурим, найрын бэлэгний бараг 80 хувийг энэ захаас худалдаж авсан байх. Харин сүүлийн үед нэг ч бараа зарахгүй, хоосон харих тохиолдол олон байна” хэмээн тавилгын борлуулагч Б.Дашням хэлэв. Мөн хүнсний бүтээгдэхүүнийхэн ч тогтмол орлоготой байгаа гэдгийг тэрбээр онцлов.

Үүний дараа хүнсний бүтээгдэхүүний тасгийг зорилоо. Борлуулагчид нь ам сайтай байна хэмээн таамаглаж байсан юм. Гэвч хоёр хонины мах дуусахгүй хоёр хонож байна гэсээр угтав. Махны худалдаачин борлуулалт ямар байгаагийн баталгаа энэ хэмээн өнгө нь гандаж борлосон мах руу заалаа. Тэрбээр “Бид бөөнөөр биш жижиглэнгээр борлуулдаг болсон. Хүмүүс арай л 100 граммаар нь мах авах нь холгүй байна. Дийлэнх нь хагас килограммаар нь худалдан авч байна. Их хэмжээний мах авдаг үйлчлүүлэгчид маань хүртэл “Хүчит шонхор”-ыг л зорьдог болсон” хэмээв. Иргэд махтай адил гурил, будаа, элсэн чихрийг бас грамм хэмээх “шинэ” нэгжээр “Нарантуул”-аас худалдан авах нь ихэсчээ. Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу ийм хэмжээгээр өгдөг болсон байна.

Хүнсний захаар нэгэн том компанийн ажилтнууд бүтээгдэхүүнээ борлуулж байлаа. Тэд 2000 төгрөгийн үнэтэй шоколаднаас хоёрыг авбал 1000 төгрөгөөр борлуулах юм. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт буурчээ. Харин хугацаа нь дуусах дөхсөн тул ийн худалдаж байгаа аж.

Харин хуучин буюу комиссын барааны хэсэг хөл хөдөлгөөн ихтэй харагдлаа. “Монголчууд эргээд комиссын хувцас өмсөж эхэлсэн. Гэхдээ манай бараа чанар сайтай. Энэ зузаан цамц гэхэд 20,000 төгрөгийн үнэтэй. Гэтэл ийм цамцыг шинээр 50,000 төгрөгөөр авч чадахгүй” хэмээн худалдагч нь хэлэв.

Хүнс, комисс зэрэг цөөн хэдэн тасгийг эс тооцвол бусад нь эл хуль. Энд тэндгүй хөзөр тоглосон хүмүүс. “Иргэд зөвхөн өргөн хэрэглээнийхээ зүйлийг л авдаг болсныг худалдаачид хэлж байна. “Цайны сүүгээ л арайхийн авч байна” хэмээн хоёр литр сүү авч буй эмээ өврөөсөө алчуур гаргаж, хөлсөө арчингаа санаа алдлаа. Тэрбээр сүүгээ даавуун торонд хийв. “Тэтгэвэр нэмэгдээгүй удаж байна. Гэтэл юмны үнэ хэд дахин өсөөд байх юм. Тэтгэврийн хэдээ хүнсэндээ хүргэхийн тулд хавьгүй хямдыг нь бодож захаас юмаа авч байна” гэв.

Бас нэг эмээ тус худалдааны төвийн хаалганы үүдэнд урамгүйхэн сууж харагдлаа. Түүний оёсон торыг худалдаж авахаа больжээ. Бизнес нь дампуурах дөхсөн тул гунигтай сууж буй нь энэ.

“Нарантуул” төв ийнхүү шинэ үйлчлүүлэгчдээр бүл нэмээд байна. Гэхдээ тэр хирээр байнгын үйлчлүүлэгчдийнх нь худалдан авалт хумигджээ. Тиймээс энэ шинэ тэнцвэрт тохируулан худалдаачид нь үйл ажиллагаагаа өөрчилснийг сая та бас анзаарсан биз ээ. Иргэдийн худалдан авалт килограммаас граммын нэгж рүү, бүтнээс хагас руу шилжээд эхэлчихэж. Тэрчлэн цүнх борлуулдаг Ц.Баярхүү урд хөршөөс зөвхөн хямд бүтээгдэхүүн нийлүүлэх болжээ. Учир нь иргэд “Дараа чанартайг нь авъя. Одоо хямдыг нь өгчих” хэмээдэг болсон гэнэ. Тиймээс хэрэглэгчдийнхээ хүсэлд нийцүүлж буй нь энэ. Тэгвэл дөрвөлжин хөлдөөгч дээр ус ундаа, улавч зардаг эгч скоч, үсний будаг зэрэг шинэ бүтээгдэхүүн нэмж өржээ. “Ингэж байж л хоолтой хонож байна шүү” гэж тэр чимээгүйхэн хэллээ.

Монголын нийгмийн толь гэж хэлж болохоор энэ төвийн нэг өдөр сонин, содон зүйлээр дүүрэн шигээ бас бухимдалтай. Хямрал хэдийнэ иргэдийн нуруун дээр иржээ. Ямар нэг гинжин хэлхээгээр хүн бүрт нөлөөлж байна.

Үнэт эдлэл борлуулдаг хэсэгт 10 гаруй өвгөн цуглажээ. Тэд мана, шүр, хаш чулуун хөөрөг, алтан нуга тэргүүтнийг голдоо тавьж. Тэгээд “Сайхан эд юмаа, жинхэнэ баялаг” хэмээн шүүрс алдан, булаалдан үзэцгээнэ. Гэхдээ энэ дунд эдгээр эдлэлийг худалдаж авч чадах нэг ч хүн байсангүй. Дэмий л өнөө хэдэн эрдэнийн чулуу, үнэт зүйлсийг харан шүүрс алдан сууж байлаа. Үнэндээ тэд яг л өнөөгийн Монгол Улсын бодит дүр төрх шиг харагдсан. Харин энэ сурвалжлагыг бэлтгэх үеэр “Ирэх хавраас тариа тарина аа” гэсэн худалдаачин олон байсан нь чихэнд чимэгтэй алтаа эрсдэлтэй олон асуултыг төрүүлж байсан юм.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ