Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал иргэд худалдан авсан бараа үйлчилгээнийхээ 2 хувийг буцаан авах боломжтой болох бол байгууллага аж ахуйн нэгжүүд татвар тайлангаа бүрэн тайлагнах эрх зүйн орчин бүрдэх юм.

Уг урамшууллын системийг нэвтрүүлэхтэй холбоотой технологийн бэлтгэл байдлыг хэрхэн хангаж байгаа талаар НӨАТУС-ийн Төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгатай ярилцлаа.

 

-Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системын талаарх мэдээллээр яриагаа эхэлье?

 

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг өнгөрсөн долдугаар сард УИХ шинэчлэн баталсан. Тус хуулиар иргэд төлсөн татварынхаа 20 хувь буюу худалдан авсан бараа үйлчилгээнийхээ үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч, сугалаанд оролцдог болж байгаа юм. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.

 

-Урамшууллын системийг нэвтрүүлэхтэй холбоотой технологийн бэлтгэл байдлыг хангах нь чухал. Энэ ажил өнөөдрийн байдлаар ямар түвшинд хийгдэж байна вэ?

 

-Улсын хэмжээнд Худалдаа, үйлчилгээ эрхлэгч ААН-үүд нэгдсэн нэг стандарттай, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт хэвлэдэг болсноор иргэд худалдан авалт болгоноосоо НӨАТ-ын урамшуулал авч, үндэсний сугалаанд оролцох таатай нөхцөл бүрдэх юм. Энэ нөхцлийг бүрдүүлэхийн тулд байгууллага аж ахуйн нэгжийг татварын нэгдсэн системд холбох нь чухал. Тиймээс ч Стандарчлал хэмжил зүйн газар кассын машины нэгдсэн стандарт боловсруулж баталсан. Түүнчлэн программ хангамжийн компаниуд төслийн багтай хамтран энэхүү системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа.

 

-Программ хангамжийн хэдэн компани энэ ажилд оролцож байгаа юм бол?

 

-Одоогоор кассын машин үйлдвэрлэдэг, кассын машины системыг нийлүүлдэг 17 аж ахуйн нэгж идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх компаниуд бүгд оролцож байгаа. Мөн арилжааны банкууд оролцоно.

 

-Банкууд оролцож байгаа гэлээ. Үүнийгээ жаахан тодруулаач?

 

-Банкны систем нь өөрөө маш олон цэгүүд дээр постермуналуудтай. Тухайн худалдан авагч картаараа хийсэн гүйлгээгээрээ татварын системд мэдээлэл илгээвэл тэрхүү баримт нь 2 хувийн буцаан олголт, сугалаанд оролцох нөхцлийг бүрдүүлэх юм.

 

-Хууль хэрэгжүүлэх технологийн бэлэн байдал хэрхэн хангагдаж байгаа вэ?

 

-Технологийн бариарыг арилгахын тулд хамгийн униварсалный бүх систем дээр харилцаж болох татварын системыг байгууллага аж ахуйн нэгжийн систем дээр ашиглах тогтолцоог хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Жишээлбэл Долоонбуудлыг нэг дэлгүүр кассын машинтай бол касс машин дээр татварын системыг суулгах юм. Ингэснээр татварын нэгдсэн системд мэдээлэл нь ирж, улмаар иргэдэд буцаан 2 хувийн татвар өгөх баримтыг бүрдүүлэх юм. Гэхдээ үүнийг зөвхөн кассын машин төдийгөөр дүгнэж болохгүй юм. Учир нь томоохон уул уурхайн компани баримт хэвлэж өгөх бол яах вэ гэх мэт олон асуудал үүсэх юм. Тиймээс энэ бүгд дээр манай төслийн баг технологийн бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна.

 

-Бүх мэдээлэл цахимжаад ирэхээр байгууллага аж ахуйн нэгжийн нууцлал хэрхэн хамгаалагдах юм бэ?

 

-Хуулиараа байгууллагын мэдээллийг тухайн байгууллага, татварын ерөнхий газар гэсэн байгууллагууд л танилцах эрхтэй байхаар заасан ба мэдээлэл нь үндэсний дата төв дээр хадгалагдах юм. Үндэсний дата төв дээр байрласнаар кибер аюулгүй байдлын хувьд хамгаалагдсан гэж ойлгож болно.

 

-Энэ ажлыг хэрэгжүүлэхэд байгууллага аж ахуйн нэгж хичнээн хэмжээний зардал гарах бол. Үүнийг тооцоолж үзсэн үү?

 

-Үүнд зардал өртөг гэх зүйл гарахгүй. Программ хангамжийг ашиглах түүнийг хэрхэн хэрэглэх, дадал зуршил суулгах сургалтын зардал л гарах байх. Түүнээс өөр ямар нэгэн илүү зардал мөнгөний асуудал яригдахгүй. Харин тоног төхөөрөмж, кассын машин байхгүй газрууд өөрсдийн хуучин компьютер, нөүтбүүк нь дээрээ татварын албан ёсны вэб сайтыг татаж аваад албан ёсны баримтыг энгийн цаасан дээр хэвлээд хэрэглэгч нартаа гаргаж өгөөд байж болно. Эсвэл мэргэжлийн байгууллагын кассын системтэй болъё гэвэл тэрийгээ авах боломжтой. Ер нь баялаг бүтээгчид маань ямар технологийг хэрхэн ашиглах нь нээлттэй. Ямартай ч манай төслийн баг аж ахуйн нэгжүүдийг технологийн зардалгүй буюу хосолмол байдлаар энэ системд нэвтрүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна.

 

Ирэх онд 74 орчим тэрбум төгрөгөөр НӨАТ өснө

 

-Энэ шинэчлэлийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж хийх ёстой байх. Одоогоор хичнээн газар системд холбогдоод байгаа вэ?

 

-Манай улсад бүртгэлтэй 170 гаруй мянган аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгжүүд бүгд энэ системд бүрэн холбогдох ёстой. Энэ нь хуулинд та эцсийн дүнд татвар төлж , НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаа учраас хуулиараа буцаагаад 2 хувийг нь авах тогтолцоотой болж байгаа юм. Бизнесын харилцаанд орж байгаа хувь хүн, аж ахуйн нэгж бүгд татварын буцаан олголт авахын тулд баримтаа зайлшгүй авах ёстой.

 

-Хууль хэрэгжсэнээр иргэд болон байгууллага аж ахуйн нэгжид ямар давуу талтай байх вэ?

 

-Иргэдэд маш том санхүүгийн дэмжлэг очно. Тухайлбал нэг өрх жилд 300 гаруй төгрөгийн татварын буцаан олголт авах боломжтой болох юм. Мөн сар, улирал бүр 20 гаруй тэрбум төгрөгийн сугалааг зохион байгуулж иргэдээ урамшуулна. Харин байгууллага аж ахуйн нэгжийн хувьд энэхүү системд холбогдсоноор иргэдийн хүсэх татварын хоёр хувийн баримтыг олгох боломжтой болж, өөрсдийн актив хөрөнгө нь өсөх ач тустай.

 

-Сугалааг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөсөн бэ. Ер нь худалдан авалтын баримт нь нэлээд олон талын үр ашигтай байх нь ээ?

 

-Тиймээ. Бид сугалааг үндэсний лото хэлбэрээр телевизээр шууд дамжуулж, азтанг тодруулна. Харин иргэдийн худалдан авалтын баримт нь гурван талын ач тустай. Нэгдүгээрт НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын баримт болно, хоёрдугаарт сугалаанд оролцох баримт, гуравдугаарт хуулийн этгээдийн хувьд хуулийг хэрэгжүүлэх төрийн субьект болон оролцох юм.

 

-Нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувийн буцаан олголтыг хэрхэн олгох юм бэ. Энэхүү мөнгө нь татварын байгууллагаас гарах уу?

 

-Жилд татвараас хуримтлагдсан мөнгийг төсөвт суулгаад Монгол Улсын татвараас буцаан олголтыг жилд нэг удаа олгох байдлаар зохион байгуулна. Та худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ талаар мэдээллийг татварын ерөнхий газрын нэгдсэн системд бүртгүүлэх юм. Тодруулбал тухайн иргэн татварын нэгдсэн системд орж өөр дээр акаунт үүсгээд баримтаа бүртгүүлээд байх юм.

 

-Эхний жилд хичнээн төгрөгийн буцаан олголт хийнэ гэсэн урьдчилсан судалгаа байгаа вэ?

 

-70 орчим тэрбум төгрөгийн буцаан олголтыг хийнэ гэсэн тооцоолол байгаа.

 

-Тэгвэл улсын төсөвт хэдэн төгрөгийг төвлөрүүлэх боломж бүрдэх юм бэ?

 

-Ирэх онд 74 орчим тэрбум төгрөгөөр НӨАТ өснө гэсэн судалгааг гаргасан.

 

Б.Энхжин

http://www.24tsag.mn