​НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бид найм хоногийн дараа мөрдөж эхэлнэ. Иймд төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программыг бараа, ажил, үйлчилгээний онцлог тус бүрт тохируулан бэлэн болгожээ.

ААН-үүд энэ программыг кассын машиндаа суулгах ёстой. Мөн ebarimt.mn цахим хуудсанд нэвтрэн, өөрт тохирох хувилбарыг ашиглах боломжтой юм байна.

НӨАТ-ын тухай хууль ирэх оны эхний өдрөөс хэрэгжинэ. Иймд иргэд 1000 төгрөг юм чинь гэж нэрэлхэлгүй, цааргалахгүйгээр БАРИМТ бүрээ ЗААВАЛ авч дадахыг ТЕГ-аас сануулав. Учир нь тэр баримт сар бүр болох сугалаанд хонжвор хожих баталгаа болох юм. Нэгдүгээр сард цугларах баримтуудад үндэслэн хамгийн эхний сугалааг хоёрдугаар сард зохион байгуулна. Ингэхдээ иргэд хэдий чинээ их хэмжээний борлуулалт хийн, нэгдсэн системд бүртгүүлнэ төдий чинээгээр сугалааны тохирол өсөх аж.

Тэгэхээр нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэн та худалдан авалт бүртээ татварын нэгдсэн системээс баталгаажсан, сугалааны дугаар бүхий баримт авах ёстой. Хэрэв таны үйлчлүүлсэн ААН баримт олгохгүй бол 1800-1288 дугаарын утсанд мэдэгдэж болох юм байна. Баримт өгөөгүй байгууллагыг доорх байдлаар торгох юм.

Аж ахуйн нэгжүүд хуулинд заасны дагуу иргэнд НӨАТ-ын буцаалтгүй баримтыг зайлшгүй өгөх хуулийн үүрэгтэй. Хэрвээ худалдан авагч, үйлчлүүлэгчдээ баримт өгөөгүй, албан бус, гараар бичсэн баримт өгсөн тохиолдолд хуульд заасан шийтгэл хүлээх юм.

Тухайлсан заалтуудыг харвал:
18.1.Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ:
18.1.8.Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэрэглэх;
/Энэ заалтад 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар “кассын машин” гэсний дараа “хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин” гэж нэмэлт оруулсан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
74.5.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагч бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол доор дурдсан торгуулийг тухайн тайлант хугацаанд төлбөл зохих албан татвар дээр нэмж төлнө:

74.5.1.бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар;



74.5.2.бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол орлогын үнийн дүнгийн 20 хувиар.
Эндээс үзэхэд худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН нь хуулийн өмнө хүлээсэн баримт хэвлэх үүргээ биелүүлэхгүй бол их хэмжээний торгууль төлөх нь.
Ийм нөхцөл байдлаас урдчилан сэргийлэхийг тулд ААН-үүд Татварын ерөнхий газрын ebarimt.mn цахим сайтруу орж иргэдэд албан баримт өгөх тогтолцоогоо эзэмших үүрэгтэй болж байна.

Т.Буянаа