Туркийн "Turkish Airlines” компани нислэгийн бизнесийнхээ хүрээг тэлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулах болсондоо ихэд баярлаж, реклам гэдгийг ч цацах шиг болсон. Манайхан Туркт ажиллах, сурах нь нэмэгдсэн энэ үед Туркийн агаарын компани манайд үйл ажиллагаа явуулах болсон нь аль аль талдаа ашигтай, сайхан ажил. Харамсалтай нь нэгэн зовлон байна.

Өчигдөр идэр есийн хүйтэн биш жирийн нэг өдөр байсныг санаж байна уу. Ийм л "дулаахан” өдөр иргэдийн дулаацахын тулд гаргасан утаа Улаанбаатарыг харагдахгүй болгожээ.

Тиймээс "Turkish Airlines” /Туркиш Эйрлайнс/ компанийн онгоц Улаанбаатар хотын дээгүүр хоёр цаг гаруй нисчээ. Туркээс Турк, Монгол зэрэг цөөнгүй орны иргэдийг тээсэн энэ онгоц утааны улмаас газардах талбайгаа харж чадахгүй Улаанбаатар хотын дээгүүр хий дэмий хоёр цаг гаруй нисчээ. Шатахуун, тос яамай гэхэд ард нь ажил, хайран цаг хугацаа. Мөнхүү тэднийг тосох гэж нисэх буудалд хоёр цаг гаруй хүлээх ар гэрийнхэн нь хөөрхийлөлтэйеэ.Туркийн онгоц Улаанбаатарын утаанаас болж бууж чадахгүй хотын дээгүүр 21 дэх тойргоо хийснийг дуулаад "Чингис Хаан” олон улсын нисэх буудлын лавлахаас тодруулахад "Өчигдөр үдээс өмнө 10:05 цагт Туркийн иргэний агаарын тээврийн онгоц Улаанбаатарт газардах хуваарьтай байсан. Гэвчутааны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан учраас 12:20 цагт газардсан. Уг онгоц 13:45 цагт Улаанбаатараас Туркийг чиглэн ниссэн” гэж хэлсэн юм.

Энд ганцхан Туркээс Монголыг зорьж буй иргэдийн асуудал яригдахгүй бөгөөд Турк уруу нисэх гэсэн Монголчууд болон гаднынхан ч мөн хугацаа алдаж, хоцорчээ. Мэдээж энэ байдал даамжирвал аль аль талд нь хохиролтой. Нөгөө талаас "Чингис Хаан” олон улсын нисэх буудалд утаанаас болж онгоц бууж чадахгүй байх иймэрхүү тохиолдол өмнө нь хэд хэд гарч байжээ. Тэгвэл өчигдөр өдрийн 12:00 цагийн үед агаарын чанар буюу тооcонцрын хэмжээ Нисэх орчимд дунджаар нэг шоо метрт348 микрограмм байсан бөгөөд энэ нь бидний хэлдгээр зүгээр буюу бага зэргийн бохирдолтой үе байжээ.

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор нэрлэгдэх болсон Улаанбаатарыг ДЭМБ-аас тогтоосон хэвийн хэмжээнээс 25 дахин их бохирдолтой /хоёрт орсон Дели 24 дахин их, гуравт орсон Бээжин 21 дахин их/ хэмээн олон улсын шинжээчид дүгнэсэн. ДЭМБ-аас тогтоосон нэг шоо метрт байх агаарын бохирдлын хэвийн хэмжээ буюу тоосонцорын үзүүлэлт 50 микрограмм байдаг гэж үзвэл 25 дахин их Улаанбаатарын агаарын нэг шоо метр тутамд 1250 микрограмм тоосонцор байна. Гэвч Улаанбаатарт нэг шоо метрт оногдох тоосонцорын хэмжээ нь 2685 микрограмм хүрч байсан баримт бий. Ямартай ч, муу амалж байгаа юм биш олон хавар нэгэндээ гэдэг шиг ямар нэгэн гай болж утааны улмаас онгоц осолдвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Монголын Улсын Засгийн газар уу.

 

Хий дэмий эргэлдсэн Туркийн онгоцны тойрог хийсэн байдал

 

 

 

 

Э.Төгс