Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа, Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёлыг барьж өнгөрсөн оны 10-р сарын 31-нд саатуулсан. Гэвч “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа батлан даалтаар хоёр дахь удаагаа суллагдаад байгаа юм.
Тэднийг хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хээл хахуулийн хэргээр шалгаж байгаа.

Энэ хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга болон Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг шалгаж байгаа. Харин өчигдөр Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг саатуулсан байна. Тодруулбал түүнийг эрүүгийн хуулийн 148.4, 166-р ангийг үндэслэн саатуулсан байна. Тус зүйл ангиуд нь залилан болон татвараас зайлсхийх гэсэн заалттай юм. Туслах эмэгтэйг дараах зүйл ангиудаар буруутган баривчилсан байна.

 

148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах

148.4.Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

166 дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх

166.1.Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

166.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуусан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг цагдан хорихтой холбоотой шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр өнөөдөр 10:00 цагт болно. Уг шүүх хуралд Х.Баттулга сууна гэж зарим эх сурвалж мэдээлж байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

О.Номин