Гадаа хавар цагийн урьж орж, урин дулаан уур амьсгал эх оронд маань наашилсаар. Гэвч иргэдийн аж амьдрал дах урин дулаан улам бүр алсран холдсоор. Захын гэр хорооллын айл өрхүүд ширхэг талхыг таллан, будаа элсэн чихрийг 50-100 грамаар нь худалдан авч, ард түмний амьдралд өдрөөс өдөрт доройтсоор байгаа тухай мэдээллийг бид энгийн зүйл мэт өдөр бүр сонсох боллоо. Мэдээжийн хэрэг хувь иргэний ядуу зүдүү амьдарч байгаагийн шалтгааныг нэг талаас тухайн хүнтэй өөртэй нь холбон ажилгүй, арчаагүй, анхиагүй, мэргэжилгүй, чадваргүй гэж шүүмжилж болох ч арчаа байгаад ажил олдохгүй, мэргэжил байгаад цалин нь амьдралын өдөр тутмын хэрэгцээнийхээ хаана ч хүрэлцдэггүй байдал түгээмэл болжээ.

 

Энэ бүхний буруутныг иргэд олон нийт хүссэн хүсээгүй засаг төрийн буруутай шийдвэр, алсын хараагүй бодлоготой холбон ойлгож байна. Ингэж ойлгохоос өөр арга тэдэнд үгүй.

Монгол улс 2017 оноос эхлэн Чингис бондын өр төлөх монголчууд өнөөдөр төсвөө бүрдүүлж чадахгүй байдалд ортлоо эдийн засаг сөхрөөд байгаа нь хэн бүхэнд нууц биш боллоо.

Улс орныг хөгжүүлэх үүрэгтэй 76 гишүүдийн үйл хэрэг, засаг төрийн бодлого буруу яваад байгааг ард иргэдийн олонхийн амьдрал, амжиргаа нэгэнт нотлолоо. Тэгвэл энэ энэ бүхэнд хариулт авахаар "Монголоо аврах” хөдөлгөөнийг хэсэг залуучууд санаачлан эхлүүлж байгаа юм байна.

Хаврын хаварт олон нийтийг хамарсан элдэв хөдөлгөөн, жагсаал цуглаан идэвхидэг. Тэдний ихэнх нь улс төрийн зорилготой байдаг нь нууц биш. Тэгсгээд хөдөлгөөн санаачилсан кадруудын амбицийг өндөрт өргөөд төгсдөг жишээ олон. Мэдээж энэ жишгээр олон хөдөлгөөн, жагсаал цуглаан болох биз. Харин тэдний дундаас "Монголоо аврах хөдөлгөөн”-ий үйл ажиллагаа анхаарал татлаа.

Анх саажилттай болон зүрхний цооролттой хүүхдүүдэд тусладаг байсан "Монголоо аврая” хөдөлгөөний залуус нэгдэж, үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, зорилгоо өргөтгөж "Монголоо аврах хөдөлгөөн” –ийг санаачилсан бололтой юм.Гол нь эдгээр залуусын хэн нь ч улс төрд орохгүй, сонггуульд нэр дэвшихгүй, сонгуулийн шоу болгож асуудлыг яриагүй гэдгээ хэвлэл мэдээллийнхэний өмнө батлан хэлсэн юм байна.

Ямартай ч "Монголоо аврах хөдөлгөөн”-ий залуус засаг төрийн удирдлагууд хандан Монгол хүнд хэдэн төгрөгний ӨР НООГДОЖ байна вэ, Монгол хүн ЯДУУРЛААС хэзээ гарах вэ, Эх орондоо монгол хүн хэзээ САЙХАН АМЬДРАХ вэ гэсэн гурван асуултыг асууж байгаа гэнэ. Тэд удахгүй эдгээр асуултынхаа хариуг авахаар зэхэж байгаа юм билээ.

Хэрвээ хаврын синдром гэж яригддаг бусад хөдөлгөөнүүд шиг энэ хөдөлгөөний залуусын уриаг лоозун, асуулт, зорилго тэгсгээд гэнэт гарч ирсэн шигээ гэнэтхэн намжжихгүй л бол иргэд олон нийтийн зүгээс эрх баригчдаас ийм асуулт асууж, хариулт авах нь цагаа олсон зүй ёсны хэрэг гэж ойлгож байна.

Та бидний эргэн тойронд амьдарч байгаа монгол хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байгааг "Монголоо аврах хөдөлгөөн” залуус зүгээр хараад сууж чадахгүй гэдгээ хэлнэ билээ. Түмнээ ядуурлаас гаргах, иргэдээ хүн шиг амьдруулах мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан улстөрчдөөсс ам асуух цаг хэдийнэ болсон. Монголын залуусын "тэвчээрийн хүлээс алдуурч, тэсвэрийн гинж тасрах” цаг үе "Монголоо аврах хөдөлгөөн” залуусын үйлдлээр илэрлээ гэж хэлж болмоор санагдлаа.

"Монголоо аврах хөдөлгөөн” иргэд олон нийтийн дуу хоолойг илэрхийлэн урагш үргэлжлэх нь үү, тэгсгээд намжих нь уу гэдгийг ард түмэн бид харах үлдэх шив дээ.

 

А.Тамир