Автотээврийн үндэсний төв нь  “Оюутан тээвэр” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү арга хэмжээ нь улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэр, жуулчин тээвэрлэлт эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, “Замын хөдөлгөөний дүрэм”, Автотээврийн тухай” хууль болон тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан нийтлэг мөрдөх дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил, аргазүйн зөвөлгөө өгөх, эрсдлийг бууруулах, аюулгүй байдлыг хангуулах зорилготой юм.

Шалгалтыг 2013 оны 08 дугаар сарын 12-ноос 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдагийн пост, Төв аймгийн Лүн сум, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр, Төв аймгийн Өндөр дов, Багануур дүүрэг, Хэнтий аймгийн “Хэрлэнгийн гүүр” Замын цагдаагийн постуудад хөдөлгөөнт байдлаар зохион байгуулж байна.

Шалгалтанд улс, хот хоорондын ачаа /аюултай болон овор ихтэй хүнд/,  нийтийн зорчигч тээвэр, жуулчин тээврийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдах бөгөөд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтэс, Сонгинохайрхан, Баянзүрх автовокзал, Автотээврийн хяналтын улсын байцаагч нар, Замын цагдаагийн газар, Орон нутгийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн байцаагч, зохицуулагч цагдаа нарын нийт 45 хүний бүрэлдхүүнтэйгээр хуваарийн дагуу гүйцэтгэж байна.

Шалгах чиглэл нь:

  1. Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн гүйцэтгэлд;
  2. Хот хоорондын зорчигчдын тийз, тасалбарын олголт, олгосон байдалд;
  3. Тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн эрх үүргийн гэрээний биелэлтэд хяналт тавьж, зорчигчдын тоог хэтрүүлсэн, ачаа, зорчигч хольж тээвэрлэсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авах;
  4. Хот хоорондын ачаа /аюултай ачаа болон овор ихтэй хүнд/ тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тавигдах холбогдох стандарт, дүрэм, журмын хэрэгжилтэнд;
  5. Жуулчин тээврийн үйл ажиллагаанд тавигдах холбогдох стандарт, дүрэм, журмын хэрэгжилтэд;
  6. Хууль бус тээвэрлэлтэд хяналт тавих
  7. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хэмжих, гэрэл шилжүүлэлтэд хяналт тавих зэрэг болно.

2013 оны 8 дугаар сарын 31-ны байдлаар нийт 9351 тээврийн хэрэгсэл  шалгалтанд хамруулснаас 2645 зөрчил илрүүлсэн байна. 1446 зөрчлийг газар дээр нь арилгуулж 1199 зөрчилд холбогдох хууль, дүрэм журмын дагуу арга хэмжээ тооцож ажиллалаа.

Ачаа, зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгсэлд Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулагч нар шалгалт хийсэн. Давхардсан тоогоор 2013 оны 8 дугаар сарын 31-ны байдлаар нийт 4097 тээврийн хэрэгсэл  шалгалтанд хамруулснаас 2316 зөрчил илрүүлсэн байна. Зөрчилд холбогдох хууль, дүрэм журмын дагуу арга хэмжээ авсан.