Архинд донтох нь нэг төрлийн өвчин бөгөөд өнөөдөр Монголын нийт хүн амын  тал  хувь нь архины хамааралтай гэсэн судалгаа байдаг.  Тэгвэл  энэхүү сөрөг үзэгдлийг  бууруулах зорилгоор одоогоос арван жилийн өмнөөс  Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төв байгуулагдсан байна.  Уг төвийн дэргэд “ байгуулж, сүүлийн таван жилийн  турш үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж 5000 орчим  хүнийг архинаас гаргаад байна.  Архинд донтож байсан тэдгээр залуусын хувьд өнөөдөр  архиний хор хөнөөл, түүнээс болж юугаа алдаж болох, алдсан бүхнээ эргүүлэн авах хичнээн хэцүү байдаг, архинаас гарсны дараа өөрийгөө хэрхэн авч явах зэргийг бусдад  заахаар болоод байна.  Үүгээр ч зогсохгүй  нийгмийн “ сөрөг үзэгдэл” хэмээн нэрлэгдэж байсан тэд өнөөдөр  “нийгмийн  эерэг” үзэгдэл болж байгаа юм.  Тодруулбал  өмнө нь архинд донтож байсан  Пүрэв л гэхэд Дарханы уугуул бөгөөд  өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийн  дагуу  арьс боловсоруулах үйлдвэр байгуулан  250 орчим хүнийг ажлын байраар хангаад байна.  Тэрбээр  удахгүй үйлдэврэээ томруулж 3000 орчим хүнийг ажлын байраар  хангахаар төлөвлөөд байгаа ажээ.  Ингэхдээ тэрбээр  архинаас гарсан ч ажилд орж чадахгүй байгаа залуусыг  ажлын  байраар хангах болно хэмээн зорилт тавин ажиллаж байгаа  юм .  Түүний энэ зорилго нь  өнөөдөр  архины хамааралтай залууст үлгэр дууриалал болж байгаа нь  таатай хэрэг юм.  Яг түүнтэй адил бусаддаа үлгэр дууриалал болж, архинаас гараад амьдрал ахуйгаа авч явж байгаа залуус цөөнгүй байдаг ажээ.

Ингээд  архинд донтоод байгаа  нийгмийг  эрүүлжүүлэх  аяныг  хэрэгжүүлж  байгаа  Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн, Аддиктологич Ж. Цогтсугартай цөөн хором ярилцсанаа хүргэе.

- Архинд донтсон хүнийг сэтгэл заслын аргаар эмчлэх болсон талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

- Өнөөдөр манай “Эрүүл идэвхитэй амьдрал” клуб 70, 80 мэргэжилтнийг бэлтгэн гаргаад, 5000 залуучууд архины асуудлаа шийдвэрлэчихсэн байна. Монголын нийгэмд 30 гаруй клубууд үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж энэ 12 жилийн хугацаанд би дан судалгааны ажил хийж явсан. Монгол эр хүнд “эмгүйгээр архины асуудлаа шийдвэрлэх өөр боломж байгаа эсэхийг их бодсон. Тэгээд сүүлийн хэдэн жилүүдэд нэг сайхан үйл явц бидэндтэй давхацлаа. Архины асуудалтай, нийгмийн шаар шавхруу, архичин гэж нэрлэгдээд шоовдорлогдож явсан Монгол эрчүүдийг сэтгэл санаа, итгэл үнэмшлийнх нь хувьд өнөөдөр хөл дээрээ босох сайхан үлгэр жишээг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзүүлсэн. Энэ хүн өнөөдөр Монголын нийгмийн сэтгэл зүйг анагаасан гэж би дүгнэж байгаа. Архины хууль гарах тухай асуудлууд яригдаж эхэлсэн. Зарим газар архины үйлдвэр буурсан. Тийм учраас нийгмийн сэтгэл зүйг анагаасан, монголын нийгэмд гарсан энэ их өөрчлөлт бидэнд эрч хүч урам зориг өгчихлөө. Манайд эрдмийн зөвлөл гэж байдаг. Өнөөдөр дэлхийн улс орнууд эмгүй эмчилгээний салбарт хошуурдаг болчихож. Тэгэхээр энэ салбарыг Монголын нийгэмд илүү түлхүү хөгжүүлье гэж шийдээд,  Монгол улсын ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” гэдэг санаачилгынх нь хүрээнд , Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтарч иргэний танхимд ажилласан. Мөн Төрийн бус байгууллагуудын “Архигүй Монгол” гэдэг сүлжээ байгуулсан. Тэгээд тэр сүлжээнийхээ соён гэгээрүүлэх ажлыг бид хариуцаж авсан. Манай лектор, мэргэжилтнүүд энэ ажлынхаа хүрээнд бүх аймаг, сумуудаар явж зохион байгуулсан. Үүний үр дүнд олон сайхан эрчүүд хөл дээрээ босч ирлээ. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумыг загвар сум, Хэнтий аймгийг загвар аймаг болгоод ажиллаж байна. 

- Их ажил хийжээ.  Их л хөрөнгө орох байхдаа.  Санхүүжилтийн хувьд?

- “Төрийн ажлын зарим чиг үүргийг төрийн бус байгууллага гэрээгээр гүйцэтгэнэ” гэж Засгийн газрын тогтоол байдаг. Энэ тогтоолын хүрээнд ажилладаг гэж ойлгож болно. Өнөөдөр Монголд сайхан сэтгэлтэй хүн олон байна. “Архигүй Монгол” сүлжээний болон “шууд ардчилал”-ын хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас бид гуйж, машинд нь хамт сууж яваад бүх аймаг, сумдад хүрч чадсан. Энэ бүхний үр дүнд биднийг ард түмэн хүсэн хүлээгээд,”ирээч” гээд  дууддаг болсон. Өнөөдрийг хүртэлх хугацаанд миний бэлтгэж гаргасан 70, 80-аад лектор мэргэжилтнүүдийг одоо хүмүүс урьдаг болчихсон байна. Ийм соён гэгээрүүлэгчдийг би бэлтгээд гаргачихсан байна. Манай ажлын баг удирдах зөвлөл гаргачихсан байна. Бид үндсэндээ амьдралын академи гэдэг юмыг байгуулах гээд зүтгэж явна

- Таныг өмнө нь уудаг байсан гэж дуулсан.  Тэр талаараа тодруулбал?

- 12 жилийн өмнөх Цогтсугар гэдэг хүн бол цагаан зангиатай, архины нууц хэрэглээтэй, хэт хэрэглээтэй хүмүүсийн ангилалд орно. Яагаад гэхээр би тэр үед удирдах албан тушаалд ажиллаж байсан. Мөнгө гэдгийг олж ч үзсэн, алдаж ч үзсэн. Энэ түвшинд би өөрийгөө маш их үгүйсгэдэг. Би 2,3-н дээд сургууль төгссөн, зохиолч яруу найрагч агуу амьтан, хүнийг өөртөө байлдан дагуулдаг, томчуудтай вискинээс өөр архи уудаггүй гээд л бодоод явж байсан. Энэ хүрээнд ч гэсэн 1000-ын архи уух, виски уух хоёр эцсийн үр дүнд яг л адилхан. Оюун санааг гэмтээдэг бол адилхан л гэмтээдэг. Хортой нөлөөллөөрөө жаахан ялгаатай байхыг үгүйсгэхгүй. Ийм байдлаасаа болоод маш их алдаж энэ зовлонг өөрөө мэдэрч жинхэнэ Р.Чойном шиг дотор нь зовж үзсэн дээ. Р.Чойномын 60, 70-аад оны үед бичсэн:- “Хөдөө хотгүй уугаад л, Хөгшин залуугүй согтоод л, Улс орон минь нэг л, Уруудан доройтох шинжтэй...” гэдэг нэг шүлгийг чи санадаа. Би 80-аад оны сүүлд 10 дугаар ангид байхаасаа л пивонд дурлаж , тэр үеийн архины хөнөөлд автсан хүн шүү. Тийм учраас 90-ээд он надтай огт хамаагүй. Энэ үед миний эмгэг шинж илэрсэн. Тэр үед миний нууц архидалтын шинж илэрсэн. Тэгээд 12 жилийн өмнөх миний амьдрал гэвэл цагаан зангиатай архины нууц, хэт хэрэглээтэй хүн байсан. Яг өнөөдрийн өнцгөөс харая гэвэл архийг огт амсдаггүй, архины хор хөнөөлийг өөрийнхөө биен дээр үзчихээд, бусдыг энэ хорт зуршлаас нь гаргах гэж өөрийгөө бусдын өмнө ил гаргаж яваа нэгэн гэж өөрийгөө ойлгодог. Манай “Эрүүл идэвхитэй амьдрал” клубийн 100, 100-н залуус үүнийг олны өмнө хэлдэг.  Тэд ганц ч гэсэн хүнийг өөрийнхөө араас оруулахгүйн тулд ингэж явж байгаа.

 -Цаг гарган ярилцсан таньд  баярлалаа.  

Архинд донтсон бол та эм хэрэглэхгүйгээр  гарах боломжтой. Нэгэнт замаа алдсан гэж хэзээ  ч битгий шантраарай гэдгийг архинд донтож явсан залуус  уриалж байлаа .

 А.Баярмаа