Шинэ онтой золгоод удаагүй энэ хэдэн өдрүүдэд харуусал дагуулсан мэдээ ойр ойрхон дуулдаж байна даа. Орчуулагч Хасбаатарын Мэргэн, зохиолч Санжийн Пүрэв, ардын багш Дамдинжавын Банди гээд монгол түмний хүндлэл хайрыг хүлээсэн эрхэмүүд хоорондоо сэм тохирсон мэт хоног дараалан хорвоогоос буцаад явчихлаа.

Монголын боксын түүхийн амьд судар болсон Банди багш гэхээр санаанд тодрох дурсамж олон байна. Анх багштай нүүр тулсан минь 1977 он. Аав маань гэмтлийн эмч тул улсын аваргын тэмцээн дээр эмчээр ажиллахдаа намайг авч яваад бокс үзүүлснээс хойш энэ спортод дурлан спортын төв ордон дээр хүүхдийн ур чадвар дээшлүүлэх нэртэй шинэ сургууль байгуулагдаж чөлөөт, жюдо бөх боксын секцэнд авах сургаар гүйн очиж бүртгүүлсэн. Бокст орохоор ирсэн хүүхдүүдээс тэсвэр хурд хүч хөдөлгөөний эвсэл шалгах сорилт авч сонгоод хоёр группт хувааж гавъяат тамирчин Х.Алтанхуяг, Д.Банди нараар боксын А үсэг заалгаж эхлэж билээ. Нэрийг нь тогтоож тоглолтыг нь холоос ганц нэг харж явсан шилдэг боксчин ах нартай хамт нэг зааланд дагаад зэрэгцээд бэлтгэл хийх ямар байсан гэж санана. Шигшээ багийн багш тамирчид гэхээр үнэхээр өөлөх юмгүй үлгэр жишээ шижигнэсэн эрч хүчтэй эвтэй сайхан хамт олон. Банди багш идэр залуугийн ийм нэг өвөрмөц сөөнгө хоолойтой сонсоод баймаар ухаалаг дөлгөөн цэгцтэй яриатай эр байв. Хөгшин залуу гэлтгүй хэнтэй ч үе тэнгийн мэт хүндэтгэлтэй харилцана. Энэ агуу хүнтэй анх учирсан багш шавийн барилдлага төдийгүй сүүлдээ ах дүүсийн харилцаатай орж гарч олон жил ойр дотно явж иржээ. Алс газар амьдран суусаар уулзалгүй удсан ч холбоо харилцаа тасраагүй юмсан.

Боксын 70-80 аад оныхон бидний үед ажиллаж байсан дасгалжуулагч болгон өөрийн өвөрмөц заах арга барил онцлогтой хүмүүс байлаа. Шигшээгийн ахлах Мишигдорж багш боксын арга техникийг эхнээс нь нэгд нэгэнгүй нарийвчлан  давтуулж заадаг нарийн нямбай бол Алтанхуяг багш маань маш чанга хатуу шаардлагатай өөрөө дагуулаад кроссонд гүйж араасаа чирж рингэн дээр лапанд оруулах хэмээх цохилт давтуулж байснаа санаанд нь хүрэхгүй байвал шууд л нүдэх зэргээр "алах" шахна, хотын тэмцээнд харъяа дүүргийн Хүч нийгэмлэг дээр очиж Буянгийн Ганбат багш дээрээ хичээллэнэ. Удалгүй хойноос буюу тэр үеийн ЗХУ-д төгссөн Вандуйн Батбаяр багш ирээд шигшээ багийг гартаа авч Зөвлөлтөөс уригдан ирсэн солонгос гаралтай мэргэжилтэн багш Э.А.Чупровтой хамтран ажилласанаар дэлхийн аваргаас анхны мөнгөн медалыг гавъяат тамирчин агсан Равсалын Отгонбаяр хүртэж бидний үеийнхэн дундаас 1988 оны Сөулын олимпийн хүрэл медальт гавъяат тамирчин Н.Энхбат, ОУХМ Ц.Амаржаргал, Н.Нарантуяа.Б. Мөнхжаргал агсан нарын олон сайн боксчид төрөн гарсны гарааны анхны багш нь Банди байсан.   

Булганы Тэшиг нутгаасаа гарч Улаанбаатарт МУИС-ийн математикийн ангид суралцахаар ирсэн залуу хүү Банди 1967 оноос хойш боксын спорттой хувь заяагаа холбосон гэхээр амьдралынхаа 50 гаруй жилийг рингэн дээр болон дэргэд өнгөрөөжээ. Тамирчны хувьд улсдаа зохиогдсон тэмцээнүүдэд төвөггүй түрүүлдэг болж монголд боксын спортыг хөл дээр нь босгосон гавъяат дасгалжуулагч Б.Олзотын удирдсан шигшээ багт шилэгдэн олон улсын дэвжээнээс алт мөнгө хүрэл медалиуд Румын улсад зохиогддог нэр хүндтэй тэмцээнээс анхны алтан бүсийг эх орондоо авчран 1972 оны Мюнхэн, 1976 оны Монреалын олимпд эх орноо төлөөлөн оролцож  1975 онд Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилтаар тамирчны замналаа дуусган дасгалжуулагчийн ажилд шилжиж байв. Банди багш ийнхүү боксын спортыг хөгжуүүлэх сайн тамирчин төрүүлэх нөр их ажилд 1976 оноос хойш тасралтгүй зүтгэн хот хөдөө орон нутаг дамжин ажиллахын зэрэгцээ анхны "Алтан бээлий" клубийг үүсгэн байгуулж олон зуун шавь төрүүлж боксын үндэсний шигшээ багийг  удирдан 2008 онд Бээжингээс анхны олимпийн аварга, олимпийн мөнгөн медалтан, 2009 онд Италийн Милан хотоос анхны дэлхийн аварга, мөнгө хүрэл медалтан төрүүлж монгол улсаа дэлхийн шилдэг тавд багтаасан амжилтаар Монголын боксын 70 гаруй жилийн түүхэнд хамгийн шилдэг дээд амжилт үзүүлж ардын багш цолоор энгэрээ мялаан ард түмнийхээ хүндэтгэл хайрыг  хүртэж байлаа.  

Энэ цаг үед гаргасан амжилтаараа тив дэлхийд Монголынхоо нэрийг өргөж яваа 2016 оны Риогийн олимп, 2017 оны дэлхийн аваргын хүрэл медалт Д.Отгондалай нарын олон сайн шавь Дорнот нутгаасаа төрүүлж гавъяатын алдрыг хүртсэн буурал дасгалжуулагч Ц.Төмөрбат гэхэд л Банди багшийн дасгалжуулагчийн замналаа эхэлсэн "Замчин" нийгэмлэгээс гарынх нь шавь болж тамирчны гараагаа эхлэж байсан гээд бодохоор аргагүй л монголын боксын амьд түүх болсон баавай байлаа. Хотын шилдэг дасгалжуулагч нар дундаас Банди багш анх удаа орон нутгийг зорьж авъяаслаг залуу үеийг эрж нээн олон шилдэг боксчдыг гаргаж ирсэний нэг нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас төрөн гарсан 1997 оны дэлхийн аваргын мөнгөн медальт 1995 оны Ази тивийн аварга гавъяат тамирчин Т.Үйтүмэн билээ.  1996 оны Атлантын олимпд Үйтүмэнд салам нүдүүлсэн Америк эр түүнээс ялалтыг нь хулгайлан тус олимпд аварга авсан ч 8 жилийн дараа Банди багшийн бас нэг шавь Э.Бадар-Ууган хүсэн хүлээсэн алтан медалыг авч чадсан тэр дурсгалт баярт мөчийг дурсээр нь интэрнэт дээрээс эргэж дахин үзэх сайхан байдаг.

Тоглолтын ямарч хурц ширүүн үед тайван амгалан байж шавьдаа захих арга тактикаа бодож боловсруулан сэтгэж суудаг алдарт дасгалжуулагч Банди багш таны тэр л дүр төрх монголын боксын хөгжилд хийж бүтээсэн амжилт ялалттай хамт ард түмний сэтгэлд хоногшин хоцорч байна. Тэнгэрийн орноос боксын рингээ ширтсээр байх бизээ. Ах минь та амгалан нойрс доо.

 

 

Дэмбэрэлийн Цэрэндорж

АНУ-аас

2018 оны 1 сарын 10 өдөр