Билгийн тооллын 30 буюу аргын тооллын билигт сайн өдөр  "ханш нээлээ". Энэхүү өдөр нь хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ханш нээх өдөр нь хаврын уур орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг юм.

 Ханш нээхээр хамаг амьтан буюу ичигсэд хөдөлж, ногоо ургаж, хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог. Харин аргын буюу нарны зурхайн ёсны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эхэлдэг байна.

Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай ажээ. Эл өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун намрын өнгийг тодорхойлдог байна. Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг аж. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг ажээ. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж.

Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өв ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ. Ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээгээ хөнгөлдөг байна. Тийм ч учраас унаганд нь уяашуулж, дааганд нь давтуул, шүдлэнд нь шүттүгэй, хязааланд нь хөнгөлж өднөөс хөнгөн сумнаас хурдан, хүлэг болтугай хэмээн ерөөдөг байна. Мөн хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг ажээ. Хүмүүс ханш нээх өдөр өөд болсон хүмүүсийнхээ газрыг эргэдэг болоод удаж байна. Энэ нь сүүлдээ ёр болж, хэрвээ очихгүй бол муу юм болно хэмээн бодох болж. Угтаа энэхүү ёсыг дорно зүгийн ард түмэн мөрддөг аж.

Тиймээс Монголчууд энэ өдөр буян хийж, ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эрүүл саруул эд баялгаар арвин, эрүүл саруул байна гэж бэлэгшээдэг юм.