Сумын буйдхан төвд ганц нэг машин, мотоцикл, дэлгүүрийн үүд сахисан халамцуу нөхдийг эс тооцвол жилийн гурван улиралд хөл хөдөлгөөн бараг үгүй. Харин амьдрал зогссон мэт эл хульхан сумын төвд наадам дөхөхөөр л зорчих хөдөлгөөн илт сэргэдэг.

Ялангуяа, тэгш ой тохиосон зун бүтээн байгуулалтын ажил өрнөж эмнэлэг, сургуулийн хашаа хайсыг шинэчлэх, “холбоо, хонтоор, хөлөөв” гурвыг тойрсон будаг шохойны ажил ундарна. Зочин угтах хаалганаас эхлээд зочид буудал, хүндэтгэлийн гэр, дурсгалын хөшөө бэлтгэх гээд дарга, даамлын хариуцаж авсан ажил ч мундахгүй. 

Нийслэлд ирж хандив цуглуулах, нэр хүндтэй хүмүүсээ урих, мөнгө амласан дээдсээ мөшгөх гээд утсаа улайстал, хөлөө улдтал хөөцөлдөх ажил бүр дундрахгүй. Харин тэр цугласан мөнгийг хэрхэн зарцуулж, сум орноо өөд татсанаа баярынхаа өдрүүдээр “тайлагнадаг” юм.

Таван жилийн өмнө Монгол Улсын хэмжээнд 118 сум түүхт тэгш ойгоо тэмдэглэсэн. Тухайн үед хандиваар цугласан мөнгөн дүн дунджаар 200-300 сая төгрөгт хэлбэлздэг байж. 2014 оны мэдээллээр Дорнод аймгийн Матад, Баян-Уул, Булган, Халхгол гэх дөрвөн сум 90 жилээ тэмдэглэж, хандиваар 260-320 сая төгрөг цуглуулж зарцуулснаа аймгийн Засаг даргадаа тайлагнажээ. Дараа жил нь бас дөрвөн сум тэгш ойгоо тэмдэглэн мөн тэрбум гаруй төгрөг цуглуулж байсан бол энэ жилээс ганцхан сумын хандив нэг тэрбум төгрөгөөс давах болов. Өнгөрсөн долоо хоногт телевизээр зүүн аймгийн нэгэн сумын засаг ноён “Манай сумын 90 жилийн ой өнөө жил тохиож байгаа. Хандиваар нэг тэрбум орчим төгрөг цуглуулж үүнийхээ 950 сая төгрөгөөр буддын сүм байгуулж түүхт ойдоо бэлэг барьж байна” хэмээн хөөрцөглөв. Сумын ойг тохиолдуулан хандив цуглуулж, нутаг орныхоо өнгө зүсийг нэмдэг уламжлал эртнээс улбаатай ч сүм барьж сумаа хөгжүүлнэ хэмээн хэнээрхсэн нь арай л хэтэрсэн хэрэг.

Өмнөх сумд шиг цугласан хандиваар будаг шохойны ажил хийгээд сумын төвийнхөө өнгө зүсийг сайжруулсан бол гэх бодол ч энэ зуур зурсхийнэ. Хандиваар цугласан 950 сая төгрөгөөр сургууль, соёлын төвөө тордох, эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээгээ сайжруулсан бол зочдоо нүүр бардам угтах байсан биш үү. Ядаж алдартнуудаа мөнхөлсөн хөшөө баримал суурилуулсан бол сум орноороо бахархах сэтгэгдэл төрүүлэх байв. Гэтэл сүм барьж сумаа хөгжүүлсэн гээд хээв нэг яриад зогсох нь байна. Сүм барьснаар тухайн сумын хөгжил хэрхэн шат ахидгийг ойлгох үндэслэл олддоггүй. Мухар сүсэг, сохор итгэл хоёр л дээшилж байгаа дүр зураг буугаад болдоггүй ээ.

Судалж үзвэл сүүлийн үед сумын төвд хандив, тусламжаар сүм барьдаг “моод” дэлгэрээд байгаа аж. Нэг хэсэг аймаг, сум бүр зочин угтах, үдэх хаалга барьж уралдсан бол тэр нь морь малын хөшөөгөөр үргэлжлээд өдгөө сүм барих “моод”-оор үргэлжилж байна. Айлаас дутахгүй гэсэн хүсэл, жалга довны үзэл хэтрээд эхлэхээр тэнэглэл болж хувирдгийг танай манайдаа тулсан талцал хэрүүлээс олон жишээ баримтаар дурдаж болно. Гэхдээ сүм барьж “барьцана” гэдэг арай хэтийдсэн тэнэглэл шиг санагдахгүй байна гэж үү.

• Үндэсний статистикийн хорооны судалгаагаар өнөөдөр 80 гаруй сум буддын сүмтэй болжээ. 

• Зүүн аймгийн нэгэн сумын засаг дарга “950 саяар хийд барьж түүхт ойдоо бэлэг барьж байгаа” хэмээн хэнээрхэж сууна. 

• Мөнгө олдоггүй энэ олон сүм хийдийг арчлах тордох ажил эргээд сум, орон нутгийн төсөвт хүндрэл учруулдаг.

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар өнөөдөр 80 гаруй сум буддын сүмтэй болжээ. Ислам, христийн сүмийг нэмбэл 200 хол давсан тоо гарах нь байна. Эдгээрээс Сүхбаатар аймагт хамгийн олон буюу 11 буддын сүм шинээр баригджээ. Өнгөрсөн жил гэхэд л Баруун-Уртад нэг тэрбум, Уулбаян суманд 560 сая төгрөгөөр хэмжигдэх хоёр ч хийд баригдсан. Энэ мэтчлэн аймаг, сум бүрт шинээр баригдсан сүм хийдийн дүн мэдээг гаргаж болно.

Энэ олон сүм сум орны хөгжилд нэмэр болдог бол ойлгож үзэхсэн. Гэтэл сүм хийд татвараас чөлөөлөгддөг болохоор сумын төсөвт нэг ч төгрөгийн орлого оруулдаггүй. Дотоод, гадаадын аялал жуулчлалаас мөнгө “саадаг” сүм Хархорин, Хамарын хийд гэсгээд дуусчихаж байна. Сүмээр мөнгө олоод сумынхаа хөгжлийг дэмжсэн тохиолдол ч дээрх хоёроос хэтрэхгүй. Ийм нөхцөлд сумын төвд сүм барих нь хэтийдсэн хэнээрхэл гэхээс өөр гаргалгаа алга. Харин Өвөрмонголд түүхэн үйл явдлыг зохиомжилж, үзмэр бэлтгээд түүнээ мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байна. Сяньби үндэстэн, Монголын эх үүсэл, Чингисийн сүм, Монгол хан хот, Майдар зуу зэрэг 50 гаруй аялал жуулчлалын бүсийг бий болгож нутаг орноо хөгжүүлж байна.  Манайд эсрэгээрээ нутгийнхаа иргэдэд л алдаг оног үйлчлэх хязгаарлагдмал газар бий болгоод түүнийгээ 90 жилийн ойн бэлэг болгон “попорч” байгааг ойлгодоггүй ээ.

Ная, ерэн жил болсон сумд түүхэн хөгжлийн ойгоо тэмдэглэх, сүм барьж чамирхах нь нэг талдаа гадаадынхны инээд, шүүмжлэлийг байнга дагуулдаг болжээ. Өнгөрсөн жил түүхэн хөгжилт тэгш ойн баяраа тэмдэглэж буй сумын наадамд очсон гаднын жуулчин ичих багадаж, уурлах ихдэхээр зүйлийг МҮОНРТ-ээр ярьж байсныг санаж л байгаа.

“90 жил хөгжчихөөд сумын хэмжээнд стандартад нийцсэн ганц ч боловсон жорлонгүй байгаа нь гайхалтай” хэмээсэн тэр хүний үг доромжлол мэт санагдавч та биднийг шүүмжилсэн том сургаал байжээ. Эндээс л тэрбум төгрөгөөр сүм барьж “өвчигнөж” байхаар гадна дотнын зочдыг тохитой амрааж, тухтай наадахад мөнгөө зардаг болчихвол гэсэн бодол гол зураад байгаа юм.

ЗГМ сонин