Наадмын маргаашаас эхлээд нийслэлийн замын хөдөлгөөн эрс татарч эхлэв. Өмнө нь хоцрох вий хэмээн гэрээсээ эрт гараад сурчихсан нөхөд наадмын дараа тэр зангаараа эртлэн очоод ажлын цаг эхлэхийг хүлээн хэдэн арван минут гиюүрч сууж байна. Гэхдээ энэ жаргал удаан үргэлжлэхгүй. Ирэх сарын дундуур гэхэд сургууль, ажилдаа яарсан иргэд нийслэлийг дүүргэж орхино. Мэдээж нөгөө л түгжрэл дунд амьдрал “буцалж”, стресс, уур бухимдалтай аж төрцгөөнө. Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан судалгаагаар нийслэлчүүд замын түгжрэлээс болж өглөө төлөвлөж гарсан гурван ажлынхаа дөнгөж нэгийг амжуулдаг байна. Мөн хамгийн багаар тооцоход автомашинтай нийслэлчүүд 120 тэрбум төгрөгийн шатахууныг түгжирч зогсож байхдаа дэмий шатаадаг аж.

Харин энэ сараас эхэлж нийслэлээс авто замын гурван бүсчлэл тогтоож, А, Б зэрэг онцгой бүсэд дугаарын хязгаарлалттай оруулж, үзлэгт ороогүй, торгууль, татвараа төлөөгүй тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлэхгүй байх алхмыг хэрэгжүүлнэ. Эдгээр хязгаарлалтыг тогтоосноор хотын төв сэлүүхэн болж, нийтийн тээврээр сүнгэнээд л хамаг ажлаа амжуулчих юм. Автомашинтай иргэдийн эрхийг хязгаарлаж буй мэт боловч түгжрэл дунд урсан өнгөрч байгаа амьдралаа аврахын тулд үүнээс өөр арга өнөөхөндөө алга. Ядаж л ганц цагийн өмнө ч болов гэртээ харьж үр хүүхдийнхээ хичээл номыг давтуулдаг болно гэдэг завгүй нийслэлчүүдийн хувьд том олзуурхал. Цаашлаад залуус хотын төв рүү тэмүүлэхийн оронд нийслэлийн захад аятайхан хувийн сууц бариад суух сонирхлыг ч өдөөж өгч мэднэ. Мэдээж авто замын бүсчлэлийг анх удаа хэрэгжүүлэхэд алдаа дутагдал гарч магадгүй. Тэр болгоныг шүүмжилж, шогшрохын оронд хэрхэн засч, сайжруулах талаар санал нэмэрлэвэл түгжрэл дунд залуу насаа “үддэг” хувь заяагаа засах боломж байна даа, уг нь.

Г.БАТЗОРИГ

Эх сурвалж: www.dnn.mn