Монголд өвлийн спорт хөгжсөн үү гэвэл олон хүн үгүй гэж хариулна. Гэхдээ хөгжих боломж байгааг энэ төрлийн спортыг сонирхдог олон хэлдэг ч аман яриа төдий болоод өнгөрдөг нь харамсалтай. Уг нь аман яриаг ажил хэрэг болговол бидэнд тун их хэрэгтэй.

Өвлийн спортыг хөгжүүлж, цаашлаад өвлийн спорт өндөр түвшинд хөгжсөн орнуудын Ази дахь бэлтгэлийн бааз болж, валют төвлөрүүлэх боломж ч байна. 2022 оны өвлийн олимп Хятадын Бээжин хотноо болно. Тэгвэл Бээжингийн өвлийн олимпод оролцох европ, америкчуудын Ази дахь бэлтгэлийн гол цөм нь Монгол Улс байх боломжтой гэх нийтлэл хүртэл гарч байв. Монголын хүйтэн цаг агаар, уулархаг бүс нутаг, эрс тэс уур амьсгал европчуудад том олз хэмээн тэрхүү нийтлэлд дурджээ. Үнэхээр Нидерланд, Швейцар, Франц, Норвеги, Австри, ОХУ, Герман, Дани зэрэг өвлийн спорт өндөр түвшинд хөгжсөн орнууд Бээжин хүрэх замдаа Монголыг дайран өнгөрөх бааз болгон төлөвлөж, олимпын өмнөх бэлтгэлээ хийвэл бидэнд томчуудаас туршлага судлах, цаашлаад валют үлдээх боломж гарч ирнэ. Үүнд цана, тэшүүр, биатлон, хоккей зэрэг өвлийн спортын холбоод өндөр ач холбогдол өгч, өнөөдрөөс идэвх зүтгэвэл гаргавал болохгүй гэх зүйлгүй. Хэдийгээр өвлийн спортын бүтээн байгуулалтад улсын төсвөөс хөрөнгө суулгаагүй ч холбоодын удирдлагууд толгойгоо ажиллуулж чадвал бүтэхгүй асуудал ч бас биш. Хятад, Монголын хооронд цагийн зөрүүгүй тул европчууд Монголыг сонгохоос нэг их татгалзахгүй болов уу. Урд хөршид болох цагаан олимпод европчууд ямар амжилт үзүүлэх бол гэж олон хүн анхаарлаа хандуулж байгаа. Магадгүй 2021 он дөнгөж гармагц Хятадтай хамгийн ойр орших орнууд руу цаг агаарт дасан зохицох бэлтгэл хийхээр цуврах нь ойлгомжтой. Тэгвэл энэхүү том боломжийг монголчууд овжноор ашиглах ёстой юм. Өвлийн спорт өндөр хөгжсөн зарим орноос ирсэн мэргэжилтнүүд Монголд дээрх спортуудыг хөгжүүлэх материаллаг баазыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлнэ хэмээн ярьж байсан түүх бий.

 Цана, биатлон

Хандгайт гэж том бааз байна. Үүнийг ашиглан олон улсын стандартад нийцсэн бэлтгэлийн бааз байгуулах боломжтой. Уг нь Хэнтий аймгийн Биндэр суманд олон улсын стандартад нийцсэн цанын замтай болсон гэдэг. Даанч тамирчдын амрах өрөө, хооллох газар, хувцас солих өрөө зэргийг бүтээн байгуулах хэрэгтэй болно. Ингээд бодохоор зардал их гарна. Тэгвэл Хандгайт дахь одоогийн баазыг ашиглавал илүү хямд зардлаар олон улсын стандартад нийцсэн бэлтгэлийн баазтай болох боломж байна. Манай тамирчдын бэлтгэл хийдэг замыг засч янзалчихвал Хандгайтад заавал бүтээн байгуулалт өрнүүлэх шаардлагагүй. Нийслэл хотоос ердөө 15-20 км зайтай учраас тамирчид өглөө очиж бэлтгэлээ хийгээд, орой буцах боломжтой. Гагцхүү тамирчдын хувцас солих, өдрийн амралтын зэрэг дор хаяж хоёр байр байгуулах шаардлагатай. Уг нь Цанын холбооны ерөнхийлөгч асан Д.Хишигжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн нар уг ажлыг эхлүүлсэн ч дуусгаж чадалгүй ажлаа өгсөн. Харин шинэ удирдлагууд нь үүнийг үргэлжлүүлсэнгүй. Ингээд мартагдсан. Швейцар мэргэжилтэн Паскаль Герч хэлэхдээ “Хандгайтыг бэлтгэлийн бааз болгоход хамгийн тохиромжтой. Нэг их хөрөнгө шаардагдахгүй. Бага зэрэг засаж, залруулах ажил бий” хэмээн ярьж байсан юм. Монголын цаначид олон улсын цуврал тэмцээнд оролцож, бэлтгэлээ гадаадад хийх эд хамгийн багадаа 60 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Ер нь 60-200 сая төгрөгөөр гадаадад 1-2 сарын хугацаанд бэлтгэл хийдэг. Энэ бол нэг дасгалжуулагч, дөрвөн тамирчны хоол, байр, замын зардлын үнэ. Хэрэв дотооддоо олон улсын стандарт хангасан бэлтгэлийн баазтай болчихвол энэ их мөнгийг улсдаа үлдээх боломжтой. Биатлон ч мөн адил. Олон улсын биатлоны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын биатлоны холбооны дэд ерөнхийлөгч Виктор Майгуров 2016 онд Монголд зочлохдоо манай улсад бэлтгэлийн төв барихад туслахаа амласан. Тэрбээр “Бээжин-2022” олимпын наадам нь Ази тив, Монгол улстай тун ойр болохын хувьд гаднын тамирчид урьдчилж бэлтгэл хийх боломжтой. Энэ нь Монголын биатлоны хөгжилд ч өндөр ач холбогдолтой. Одоогоор дэлхийн биатлоны холбоонд Украин, Беларусь зэрэг орнууд Ази тивд бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор хангахыг хүсэж байгааг ашиглаад танай улс олон улсын жишигт нийцсэн бэлтгэлийн төвтэй болох давуу тал байна” хэмээн ярьж байв. Бэлтгэлийн баазыг Төв аймгийн нутагт барихаар болж, Майгуров тэргүүтэй албаныхан газар дээр нь очиж танилцаад сэтгэл хангалуун буцаж байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл таг чиг. Тэгвэл энэхүү аман яриаг ажил хэрэг болгох цаг үе нь 2020-2021 он юм. Бидэнд бас ч гэж хугацаа байна. Европын томчуудаар баазаа бариулж, хариуд нь бид бэлтгэл хийх боломжоор нь хангана. Ийм тохиролцоогоор өвлийн спортыг эх орондоо хөгжүүлэх суурь баазаа бэхжүүлэх хэрэгтэй.

Тэшүүр, уран гулгалт, хоккей

Огт өвөл болдоггүй халуун орны тамирчид өвлийн спортын төрлүүдэд амжилт гаргах болсон. Тэдний хажууд манай тамирчид эх орондоо бэлтгэлээ базаах боломжтой ч амжилт үзүүлэх хэмжээний бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл нь бүрдээгүй. Эх орондоо өвлийн спортын бэлтгэл хийхэд улирлын чанартай учраас тамирчдад хамгийн түрүүнд шаардлагатай зүйл нь өвлийн спортын битүү дээвэртэй ордон. 2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас өвлийн спортын ордон барих төлөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байлаа. Улмаар концессоор барих нь зүйтэй гэж үзэн концессоор хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулсан. Удалгүй сонгууль болж засгийн эрх барьж буй нам солигдсоноор концессоор өвлийн спортын ордон барих санал мартагдсан. Гэхдээ 2017 онд Чехээс туслалцаа авч, өвлийн ордонтой болох төлөв гарсан ч бас л замхарсан юм. Яг өнөөдрийн хувьд “Хүннү молл”-ын нэг давхарт л мөсөн талбай байна. Даанч энэ нь стандарт биш учраас бэлтгэл хийх боломжгүй. Зөвхөн сонирхогчид, хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх л боломжтой. Тэгвэл хувийн хэвшлийн хөрөнгөөр Яармагт битүү дээвэртэй мөсөн ордны бүтээн байгуулалт өрнөж байна. Ажлын гүйцэтгэл 60 хувьтай яваа бөгөөд ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тухай гүйцэтгэгчид онцоллоо. Өвлийн спортын хөгжилд томоохон нөлөө үзүүлэх уг бүтээн байгуулалтын ашиглалтын талбай 5700 м.кв, 2600 суудалтай бөгөөд мөсөн дэвжээний талбай 60х30 метр. Сүүлийн жилүүдэд өвлийн спортын ордонтой болох тухай ярих болсон ч одоогоор бодитой ажил хэрэг болсон нь хувийн хэвшлийн барьсан энэхүү ордон л байна. Товчхондоо манай улс өвлийн спортоо хөгжүүлэхээр элдэв төсөл хэрэгжүүлэх гэж оролддог ч нөгөөх нь тухайн үедээ хүчтэй яригдаад замхарч орхидог нь харамсалтай.


Э.Мөнхбилэг: Бааз байгуулах боломж байгаа ч санхүү дээрээ л гацдаг

БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол Улс өвлийн спорт өндөр хөгжсөн орнуудын бэлтгэлийн бааз болох боломжтой гэж гаднынхан үзэж байна. Үнэхээр тийм боломж бий юү?

- Манай улсад өвлийн спортын төрлүүд өндөр түвшинд хөгжих бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн спорт цогцолборт битүү дээвэртэй хоккейн талбай удахгүй ашиглалтад орох гэж байна. Мөн хувийн хөрөнгө оруулалтаар “Степпе арена” өвлийн спортын ордон энэ зун ашиглалтад орно. Энэхүү ордонд тэшүүр, уран гулгалт, хоккей зэрэг спортыг хөгжүүлж болно. Цана, биатлоны бэлтгэл хийх бааз барих бүрэн боломжтой ч газар болон санхүүгийн асуудал холбоодод тулгарч байна. Уг нь стандарт хангасан баазтай болох юм бол гадаадад хийх бэлтгэлд урсаж буй валют хэмнэхээс гадна гаднаас ч валют оруулж ирэх боломжтой. Ингэснээр тамирчдын ур чадвар сайжрах болон санхүүгийн эх үүсвэртэй болох давуу талтай. 2019 онд Спортыг дэмжих сангаас цана, тэшүүр, биатлон, шайбтай хоккейн холбоонд тус бүр 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

-Спорт холбоод бэлтгэлийн бааз байгуулах тал дээр илүү санаачилгатай ажиллах ёстой. Ер нь ийм санал тавьж, төсөл танилцуулж байна уу?

-Өвлийн спортын холбоодын удирдлагуудыг нэг дор цуглуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан. Энэ үед цаныхан Хэнтийн Биндэр, Өвөрхангайн Бат-Өлзий суманд бэлтгэлийн бааз байгуулах боломжтой гэдгээ хэлсэн. Уран гулгалтын тухайд 2020 ондоо багтаад битүү дээвэртэй хоёр ордонтой болох учраас материаллаг бааз бий болж байна гэсэн үг. Ер нь бидэнд бэлтгэлийн бааз байгуулах маш их боломж бий. Хөрөнгө санхүүгийн асуудлаас болж гацах болон удааширч байна. Манай улс бэлтгэлийн бааз барих нь олон талын ач холбогдолтой. Ялангуяа Азид болж байгаа томоохон тэмцээн уралдаанд оролцох тамирчид манай улсад бэлтгэл хийх давуу талтай. 2022 онд өвлийн олимпын наадам хэдхэн километрийн цаана, яг нэг цагийн бүсэд болох гэж байна. Дээрээс нь бэлтгэлийн баазаар дамжуулан тодорхой хэмжээний валют олох боломжтой гэж түрүүн дурдсан. Мэргэжлийн тамирчид гадаадад бэлтгэл хийхдээ тодорхой хэмжээний мөнгө төлдөг. Бид ч орчноо бүрдүүлээд, баазаа байгуулж чадвал мөнгө олж болно. 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин