2016 онд УИХ, орон нутгийн сонгуульд дараалан ялагдаж, эрх баригчаас парламентад дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний суудалтай, хүчгүй сөрөг хүчин болсон АН-ынхан шившигт ялагдлынхаа буруутныг удирдлагаасаа хайж, намаа шинэчилнэ гэж баахан давхисан.

Эрх баригч хүчнээс гудамжинд гартлаа “өшиглүүлэх” болсон шалтгаанаа олж, түүнийгээ засаж залруулахаар баахан ярилцсан. Үүний хүчинд “Эв нэгдэлгүй, фракцын зөрчлөө шийдэж чаддаггүй, бүлэглэлд хуваагдсан нөхдийн хувийн тоглолт, улс орны бус, бүлэглэлийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг эрээ цээргүй байдал, өнгөрсөн дөрвөн жилд бодлогын нам биш, фракцын нэгдэл төдий бүтэц гэдгээ хангалттай нотолсон явдал нь энэ ялагдлын шалтгаан” гэж дээр, дооргүй хүлээн зөвшөөрсөн нь тэдний хувьд дэвшил байсан юм.

ФРАКЦТАЙГАА, ХАГАРАЛТАЙГАА ҮЛДСЭН АН

Ингээд тэд намаа шинэчилнэ гэж хоёр жил шахам бужигнасан. Шат шатны хурал, элдэв сунгаа, дотоод сонгуулиас гишүүд, дэмжигчид нь ихийг хүлээж байв. АН бүлэглэлүүдийн нэгдэл төдий бүтэц, тэднийг албан тушаалд хүргэдэг шат, гишгүүр бус, нам шиг нам болоосой, лидерүүд нь хагарал, тэмцлээсээ ангижирч, нэг талдаа гараасай, шинэчлэл шиг шинэчлэл хийж, фракцуудыг зөрчилдүүлдэг биш, бодлогоор уралдуулдаг нам болоосой гэж АН-д элэгтэй бүхэн хүссэн. Харин бодит байдал дээр АН шинэчлэгдсэн үү. Шинэчлэл хийнэ гэж хоёр жил сүр бадруулсны хүчинд тус нам даргаа сольж, Их хурлаа хуралдуулан, дүрэмдээ зарим нэг өөрчлөлт оруулсан. Дүрэмд оруулсан хамгийн “амьтай” өөрчлөлт нь тус намын сонгуульт албан тушаал болон намаар дамжин төрийн албан тушаалд санаархсан хүн төлбөр төлөх ёстойг албажуулсан заалт байв.

Өнгөрсөн дөрвөн жилийг АН иймэрхүү байдалтайгаар үдэж, эцсийн эцэст фракцтайгаа, хагаралтайгаа сонгуультай золгох нь

Шинээр сонгогдсон С.Эрдэнэ дарга нь “АН нээлттэй болно, бүхнийг гишүүд, дэмжигчдээсээ асууж шийднэ” хэмээсэн сайхан амлалтынхаа араас Үндэсний бодлогын хорооны гишүүд, шат шатны намын дарга нараа мөнгөөр уралдуулан, дээрх заалтаа хэрэгжүүлж эхэлсэн. Мөнгө төлж даргын сунгаанд оролцсон гишүүдээсээ дарга нараа тодруулснаар АН-ын шинэчлэл ч ерөнхийдөө дууссан. С.Эрдэнэ намын дарга болоод “Фракцын эрх ашигт хөтлөгдөж, хуваагдсан намаа нэг цул, гишүүдийн саналд тулгуурлаж үйл ажиллагаа нь явдаг, бодлогын нам болгох нь миний гол зорилго. Намыг нэг цул байлгах хамгийн гол гарц нь гишүүдийн нам болох, гишүүдийн оролцоо, тэдний санал дээр тулгуурлаж аливаа шийдлээ гаргах. Шинэчлэгдсэн, гишүүдийн хүсэн хүлээж буй нам болгохын төлөө би хатуу зогсоно.

Энэ зарчмаасаа алхам ч ухрахгүй. Зөв ч бай, буруу ч бай энэ зарчим дээрээ зогсож байгаад эцсийн үр дүнг харна. АНыг бодлогын институцын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, засгийн эрх авлаа гэхэд бэлтгэгдсэн боловсон хүчнээр төрийн албыг бүрдүүлэх чадвартай улс төрийн хүчин болгож төлөвшүүлэхийн төлөө ажиллана” хэмээн хэлсэн. Энэ мэдэгдлийн талаар фракцын төлөөллүүд ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Дуугүй байна гэдэг зөвшөөрсний тэмдэг гэдэг ч энэ удаа эсрэгээрээ байсан юм. Нийгмийн хүлээлт, захиалга, гишүүдийнх нь уриалга, тэр бүү хэл эрх баригчаас хэн ч биш болгосон ялагдал нь ч задалж чадахааргүй амь бөхтэй бүлэглэлүүд дор бүрнээ С.Эрдэнэ даргынхаа байр байдал, хандлага чиглэлийг дор бүртээ анзааран суусаар, даргатайгаа арга барил, бодлого чиглэл таарахгүй бол цаашид хэрхэхээ тооцон нөөц төлөвлөгөө боловсруулж, хоргодох байраа бэлтгэсээр энэ удаагийн сонгуультай золгож буй.

АН ЯМАР ТАМИРДУУ БАЙГААГ ШИНЭ ГЕНСЕКИЙН МЭДЭГДЭЛ ИЛЧЛЭВ

АН-ын хууччууд намаас зохион байгуулсан олон нийтийг хамарсан ажилд оролцохгүй, намаа төлөөлөн байр суурь илэрхийлэхгүй, ажин түжин байсаар буйн цаана үнэн хэрэгтээ тийм ч ажин түжин байдал байгаагүй. Урт удаан хугацааны шинэчлэлийн үйл явц, дүрмийн өөрчлөлтийн дараа аман дээрээ фракцгүй болсон гэх хэрнээ ачир дээрээ тал тал тийшээ хараад суучихсан хэвээр, бүр задралын ирмэг дээр байгаа гээд хэлчихэд ч хэтийдэхээргүй байдалд өнөөг хүрсэн. Дотоод сонгуулиар Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Да.Ганболд, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр, Сангийн сайд асан Б.Болор тэргүүтэй 116 хүнийг Үндэсний бодлогын хорооноос хасаж, тэдний оронд “Шонхор”- ын голдуу хүмүүсийг оруулсан гэсэн хэл ам ч гарсан нь үүний нэг нотолгоо байлаа.

Фракцгүй нам болгоно гэчихээд “Шонхор”- оо тойглон, хүчийг нь зузаатгаж буй намын даргатайгаа дотносон, ээнэгшиж чадахгүй, үг, үйлдлийг нь сонжин, анхааралтай ажиглаж суугаа хүн АН-д олон байв. Нэг хэсэг нь “Шонхор”-т зүгээр л зайгаа тавиад өгчихгүй, “базалт”-ыг нь эсэргүүцэхүйц хүчтэй болохын тулд фракцуудаа нэгтгэх хэрэгтэй хэмээн ярилцаж буй бол нөгөө нь Монголын улс төрд бий болоод удаж буй шинэ, цэвэр улс төрийн хүчний орон зайг “онилж” эхэлсэн. Гишүүд , дэмжигчдийн хүлээлт, бодит байдал хоёр хол зөрүүтэй, АН нэг цул болж чадаагүй хэвээр байгааг, тэдний дүр эсгэсэн эвлэрлийн хугацаа дуусаж буйг зарласан өөр нэг явдал нь Ж.Батзандан, Л.Болд нарын “бослого” байсан юм.

Намынхаа удирдлагын шийдвэрийг үг дуугүй дагахгүй гэдгээ ил тод зарласан тэд намаас гарч, УИХ дахь бүлгээ тараахаас ч сийгээгүй. Намаас хөөгдсөн Ж.Батзандан “С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр АН-ыг булшилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. АН шинэчлэгдсэн гэж С.Эрдэнэ худлаа ярьж байна. АН шинэчлэгдээгүй гэдгийг би өнөөдөр харлаа. АН-ын бодит шинэчлэлийн төлөө, ардчиллыг бодит болгохын төлөөх тэмцлээ өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байгаагаа зарлая. АН-ын энгийн гишүүдтэй хамтарч, намын шинэчлэлийн төлөө зүтгэнэ” гэсэн бол намаас гарах өргөдлөө өөрөө өгсөн Л.Болд “АН ардчилсан биш, коммунист нам болжээ. 1990 оноос хойш явж байгаа гишүүний хувиар АН-ыг шинэчлэх хөдөлгөөнд нэгдэж байна. Энэ шинэчлэлд би ухамсарт амьдралаа зориулах болно” хэмээсэн.

Тэдний араас АН-ын зүг чигийг заадаг “Алтангадас” хэмээх томоохон бүлгийг “захирдаг” Н.Алтанхуяг удаан хугацаанд дуугүй байсны эцэст өнгөрсөн сонгуулиас хойш дуугараагүйгээрээ чанга дуугарч, намын даргаа шүүмжилсэн. Тэрбээр “АН сөрөг хүчин биш болсон. Манай намын удирдлага МАНАН бүлэглэлийн нэг хэсэг болчихсон. Манай намын удирдлага гишүүдийнхээ эсрэг зогсдог болсон. С.Эрдэнэ гэдэг хүн 2014 онд өөрөө сайдаар үлдэхийн тулд Засгийн газраа унагасан. Ийм ёс зүйгүй хүмүүс Монголын улс төрд нүүрлэсэн байна” гэсэн юм. Тэрбээр “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулснаа зарласан бөгөөд бие дааж сонгуульд оролцохоор шийдсэн гэсэн мэдээлэл бий. Дээд шүүхэд өнгөрсөн оны сүүлчээр бүртгүүлсэн Гэр хороолол хөгжлийн намын ард Э.Бат-Үүл тэргүүтнүүд бий нь нэгэнт тодорхой болсон.

АН-ын дотоод асуудал цэгцрээгүй, нэгэн гарт зангидагдаагүйг сүүлийн өдрүүдийн залуу гишүүдийнх нь мэдэгдэл ч нотоллоо. УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхээ авахын тулд намдаа 100 саяыг хураалгасан хүмүүсээс дахин 300- 400 саяыг нэхсэнээр намын дотоод уур амьсгал нэлээд халж, дарга удирдлага руугаа дайрч эхлээд байна. Хэсэг хэсгээрээ талцаад, хэрэлдэж уралцах нь АН-д шинэ үзэгдэл биш. Гэвч 2016 оны ялагдлынхаа дараа намаа намаа шинэчилж, алдаагаа зассан гэсэн имижтэйгээр дараагийн сонгуульд оролцох гэж буй үед энэ яах аргагүй анхаарал татах зүйл мөн билээ. Өдгөө намын байгаа байдлыг харахад хоёр жилийн хугацаа зарцуулсан шинэчлэл хэмээх нөр ажил ямар үр дүнд хүрсэн нь туйлын тодорхойгүй, АНын дотоодод чимээгүйхэн уугьж байсан дайны утаа үүгээр, түүгээр нь олгойдсон байдалтай харагдаж байна. Өнгөрсөн дөрвөн жилийг АН иймэрхүү байдалтайгаар үдэж, эцсийн эцэст фракцтайгаа, хагаралтайгаа сонгуультай золгох нь.

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар хэдхэн хоногийн өмнө сонгогдсон Ц.Баатархүү өчигдөр “Ардчилсан үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, мөн ардчиллын туган дор явж байсан журмын нөхдөдөө, АНаас тусдаа гарч нам байгуулсан улстөрчдөд хандан 2020 оны сонгуульд хамтарч, хүчээ нэгтгэн орохыг уриалж байна” гэж хэвлэлээр мэдэгдлээ. Улс төрийн хүчнүүдийн эвсэх боломж нэгэнт хаагдсан үед ингэж хэлж буй нь АН тэднийг намаасаа нэр дэвшихийг гуйж буй хэрэг юм. АН ямар тамирдуу байгааг энэ урилга нь илчилчих шиг боллоо.

Эх сурвалж. ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН