Дэлхийд алдартай Францын арми дахь легион буюу хөлсний цэргүүдийн талаарх олон сонирхолтой баримтууд байдаг.

Дэлхийн аль ч бүсэд, ямар ч нөхцөлд тулалдах, дайтах чадвартай, дээд төвшинд бэлтгэгддэг цэргүүдтэй гэдгээрээ гайхагддаг тус армид дэлхийн олон орны цэргүүд алба хааж байгаагийн дотор Монгол Улсын 100 гаруй цэрэг үүрэг гүйцэтгэн ажиллаж dea. Монгол легион цэргүүдийн төлөөлөл Хаш-Эрдэнийн Бямбасүрэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна. Тэрбээр Францын армид 14 жил тасралтгүй алба хааж байгаа бөгөөд, Францын армийн бага офицер цолтой, өдгөө салаан ахлагчийн ажил үүрэгтэй аж.


-Ярилцлагаа таны одоо үүрэг гүйцэтгэж байгаа газрын сонин сайхнаас эхэлье гэж бодлоо. Таны хувьд тасралтгүй арав гаруй жил Францын армид алба хаасан учраас мэдээж олон газарт очиж, олон ч дайнд оролцсон байх?

-Би одоо Өмнөд Америк тив дэх Гвиана гэдэг мужид үүрэг гүйцэтгэж байна. Энд Францын хоёр цэргийн анги байрлаж байна. Францын сансрын хиймэл дагуул эндээс нисдэг учраас хиймэл дагуулын аюулгүй байдлыг хангах, хоёрдугаарт эндхийн газар нутаг тэр чигээрээ алт ихтэй.

Бразилчууд Францад хууль бусаар орж ирж алт ухаж байгаль орчин сүйтгэх, бохирдуулах зөрчил их байдаг. Өнөөдөр бидний энд гүйцэтгэж байгаа чухал үүрэг бол ойд хууль бусаар алт ухаж байгаа хүмүүсийг зогсоох, тэдэнтэй тэмцэх юм. Монголоор нинжа нар гэдэг шүү дээ. Энэ хүмүүс мөнгөн ус хэрэглэж, байгаль орчин бохирдуулах, ой мод сүйтгэх гээд олон зөрчил гаргадаг.

Дээр нь хүн олон цугларсан газар учир гэмт хэрэг зөрчил гарах гээд эмзэг байдал үүсээд байгаа юм. Энэ байдлыг зогсоох, тэмцэх үүрэгтэй ажиллаж байна. Энд байрлаж байгаа ангиасаа ширэнгэн ойд таваас долоон өдөр алхаж нинжа нар дээр очдог. Цаг агаарын хувьд далайгаар хүрээлэгдсэн учраас чийглэг уур амьсгалтай.

Ерөнхийдөө ширэнгэн ойд нойтон өвсөн дундуур олон цагаар алхаж очдог. Хувцас хатдаггүй, мөнхийн нойтон байдаг. Хуурай хувцсаа унтахдаа сольж өмсөөд маргааш нь нойтон хувцсаа өмсөөд явдаг. Очсон хойноо хууль зөрчиж байгаа иргэдийг хайж олно, хийж байгаа үйл ажиллагааг нь зогсоох-зэргээр олон ажил бий.

Яг одоогоор манай салаанд “Ковид-19” гараад бид бүхэн 14 хоног тусгаарлалтад ороод байна. Биднийг завиар хүргэж өгдөг хоёр нутгийн иргэдээс “Ковид-19” илэрсэн тул ийнхүү тусгаарлалтад орж, бидний оронд өөр баг ирж үүрэг гүйцэтгэж байна.

-Наана чинь тантай хамт хэдэн монгол цэрэг байгаа вэ. Цар тахлын нөхцөл байдал хэр хүнд байна?

-Манай салаанд надтай хамт дөрвөн монгол цэрэг байна. Ковидын халдвар байна. Цэргүүд байнгын бэлтгэлтэй биеийн эсэргүүцэл сайн учраас туссан ч гэсэн 14 хоног тусгаарлалтад ороод эдгэж байна.

Өндөр халуураад парацетамол уугаад эдгэж байгаа. Ковид туссан цэргүүд амтлах, үнэрлэх чадвар байхгүй болчихдог юм байна гэж ярьж байна. Биеийн эсэргүүцэл сайтай хүнд тийм ч айхавтар хүндрэл өгөхгүй эдгэж байна. Хууч, суурь өвчтэй, өндөр настай хүмүүст их халгаатай өвчин гэж яриад байгаа нь үнэн бололтой.

-Легионд тийм ч амархан тэнцчихдэггүй болов уу. Анх очиж байсан дурсамжуудаасаа хуваалцаач. Хөгтэй хөгжилтэй зүйл болж байв уу, эсвэл эсрэгээрээ хэцүү шантрахаар олон асуудал тулгарч байсан уу?

-Анх энд ирээд хэл мэдэхгүй хэцүү байсан. Хүүхдүүдээрээ шахуу ирж байж дээ.

Франц хэлээр хичээл ороод байдаг, ойлгохгүй, нэг тийм хүнд үеийг давсан. Францаар л ярихыг зөвшөөрдөг учраас өөр хэлээр ярих боломжгүй. Тэгээд манайхнаар “та та тун га дана” гэдэг бил үү. Олон орны залуучууд хоорондоо хэл нэвтрэхгүй францаар ярина, ойлголцоно гэдэг бөөн инээдэм болдог байлаа. Хэлээ л хурдан сурахыг хичээсэн. Хурдан ч сурсан гэж боддог.

Гутлаа бараг тайлахгүй, бэлтгэл байнга хийдэг, өдөр болгон цүнхээ үүрээд алхалтууд хийдэг учраас хөл нэлдээ цэврүү. Анхны алхалтуудыг одоо бодоход бага багаар хийдэг байсан ч шинэхэн цэрэг бүх хэрэглэлтэй цүнхээ үүрээд алхдаг байсан учраас хөлний асуудал их чухал байдаг байж билээ.

Биедээ буу зэвсэг бусад хэрэглэл, дээр нь цүнхтэйгээ нийлээд бараг 50 кг ачаатай явна гэсэн үг. Хөлөө цэврүү үсрээд ирэхээр хоёр давхар оймс өмсөнө. Ер нь легион цэрэгт хөл маш чухал. Өдөр болгон хол алхаж, гүйж албан үүргээ гүйцэтгэдэг учраас хөл сайтай байх ёстой. Ялангуяа хөлөндөө шарх сорвитой, гэмтэл бэртэл авч байсан бол асуудал гэсэн үг.

-Одоо та Францын цэргийн армийн бага офицер цолтой. Хэдэн онд цол нэмж байсан бэ. Олон орны шилдэг цэргүүдээс цойлж гарч ирнэ гэдэг бас том амжилт байх?

-Хурдан цол ахиж байсан ч шүү. Миний цэргийн карьер 2008 оноос эхэлж байлаа. Эхлээд Орос, Америк, Франц, Африк, Япон, Итали, Герман гээд олон орны залуучуудтай мөр зэрэгцэн хичээллэж эхэлсэн.

Одоо эдгээр олон улсын залуучуудаа ахлаад салаан дарга хийгээд явж байгаа нь сайхан санагддаг ч нөгөө талдаа 27 хүний аюулгүй байдал, амь нас, тэдний цаашдаа өсөн дэмжих боломж, хүний нөөц, сургалт гээд олон асуудлыг хариуцан ажиллана гэдэг том хариуцлага юм байна. Өдөр болгон буу зэвсэгтэй харьцдаг хүмүүс учраас эрсдэл өндөр.

Нэг удаа буруу шийдвэр гаргавал хүний амь нас эрсдэх ийм аюул ойрхон байдаг учраас маш өндөр хариуцлага юм даа. Монголын анхны бага офицер, анхны салаан даргаар томилогдон ажиллаж байна. Намайг цол нэмж байхад бага офицер цолтой монгол цэрэг байгаагүй. Миний эзэмшсэн мэргэжил “Мина, тэсрэх бөмбөг салгаж аюулгүй болгох” юм.

Аливаа байлдааны ажиллагаа эхлэхээс өмнө тухайн замыг онгойлгож, тэсрэх бөмбөг, мина салгаж аюулгүй болгох үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг. Зам онгойлгосны дараа цэргүүд тэр замаар явж үүргээ гүйцэтгэдэг. Би Францын Цэргийн инженерийн сургуулийг төгссөн. Бас Францын газрын армийн дээд зэргийн мэргэжил гээд хоёр жилийн сургуулийг төгссөн.

-Тэгвэл та их эрсдэл өндөртэй мэргэжил эзэмшсэн юм байна шүү дээ. Хэчнээн дайнд оролцож байсан бэ. Мэргэжлийн ур ухаан гаргаж хэчнээн бөмбөг аюулгүй болгосон тухайгаа сонирхуулаач?

-Аюулгүй болгосон бөмбөгийн тоо хэлэхэд хэцүү байна, багийн хамтын ажиллагаа байдаг учраас.

Дайны тухайд, Афганистанд зургаан cap үүрэг гүйцэтгэсэн. Тэнд тэсрэх бөмбөг аюулгүй болгох буюу зам онгойлгож байлаа. Зургаан сарын турш өдөр бүр зам дээр тэсрэх бөмбөг, пуужин, мина юу байдгийн бүхий л тэсрэх дэлбэрэх зэвсгийг шинжилж, аюулгүй болгож, зам онгойлгоно.

Бас Иракт зургаан cap сургагчаар явсан. Иракт ажиллах хугацаанд Исламын улсын эсрэг ажиллагаанд оролцсон. Тэнд сургагчаар явахдаа яаж тэсрэх бодистой харьцах уу, яаж аюулгүй болгох уу, хэрхэн хайж олох уу, олсон үедээ ямар арга хэмжээ авах уу гэх зэрэг хичээлийг цэргүүдэд зааж байсан.

Мөн 2014 онд Африкийн Малийвд терроризмын эсрэг ажиллагаанд оролцсон. Тэрнээс бусад нь Францын бусад арлуудаар их явлаа. Өнөөдөр дайнтай, байлдаантай байгаа улс орнуудад хамгийн гол аюулын нэг нь тэсрэх бөмбөг байдаг. Цэргүүд ямар нэг газраар явахаас өмнө эхлээд бид нар зам онгойлгож өгнө. Тэрний дараа цэргүүд явдаг ийм л ажил хийдэг дээ.

-Амь насанд эрсдэлтэй ийм хүнд ажил юм байна. Яг тэсрэх бөмбөг, пуужин, мина аюулгүй болгож ажиллах тэр мөчид сэтгэл зүй ямар байдаг вэ. Айж сандрах үе бий юу, эсвэл харин ч анхаарал төвлөрөл өндөр байдаг уу?

-Айна гэхээсээ илүү хамгийн гол нь энэ ажил ганц миний амь настай холбоотой асуудал биш, маш олон хүний амь нас эрсдэлд орох учраас маш өндөр хариуцлага юм. Үүрэг хариуцлагаа өндөр ухамсарласан байдаг гэх үү дээ.

Хэрвээ би энэ замыг онгойлгож чадахгүй бол 20, 30 хүний амь нас эрсдэх аюултай учраас миний амь нас гэхээсээ илүү энэ олон цэргүүдийн амь нас, тэдний ар гэр гээд маш олон хүний эрх хөндөгдөнө гэж боддог. Үүргээ маш сайн ухамсарлаж, маш хариуцлагатай, дутуу ажил хийж болохгүй. Яг бөмбөгөн дээр очоод аюулгүй байдлаа бүрэн хангаад заавраа дагаад ажиллахад тийм ч ажиллаж болохгүй хүнд ажил биш.

-Нарийн мэдрэмж, ур ухаан шаарддаг байх даа?

-Мэдээж тодорхой шалгуур бий. Манай ангид ийм мэргэжилтэй болж байгаа 12 хүн байна. 900 цэргээс 12 нь энэ мэргэжлийг эзэмшжээ. Нөгөө талаар хүн бүрийн хийхийг хүсдэг ажил биш байх л даа.

Зарим нь айна, эсвэл оюуны чадавх хүрэхгүй байх гээд олон зүйлээс шалтгаалдаг болов уу. Маш тайван, дуу чимээгүй, эргэн тойрон хамгаалагдсан, аюулгүй орчинд ганцаараа хийдэг ажил. Өөрийнхөө зүрхнийхээ чимээг хүртэл сонсох, хурууны өндгийг хүртэл мэдэрдэг тийм үе. Шороо чулуу болгон эмзэг чухал зүйл мэт санагддаг.

Бүх анхаарлаа тэр зүйлд төвлөрүүлж ажилладаг гэх үү дээ.

-Легион цэрэг биедээ хэчнээн буу зэвсэгтэй явдаг юм бэ. Сум нэвтрэхгүй хантааз өмсдөг биз дээ. Хувцас хэрэглэл нь хүний аюулгүй байдлыг хэр хангасан байдаг юм бол?

-Хувцас хэрэглэлийн тухайд өөр өөрийн онцлогтой явган цэргийн анги, мина, тэсрэг бөмбөгийн анги гээд олон анги бий. Анги болгоны онцлогоос хамаарсан өөр өөрийн гэсэн тусгай хэрэгсэл, буу зэвсэг ашигладаг.

Францын арми 143 орны 9,000 легион цэрэгтэй. Ерөнхийдөө цэрэг болгон хоёр буутай байна. Нэг том буу, нэг гар буутай явдаг. Тэсрэх гар бөмбөг авч явна. Мэргэжлээсээ хамаараад өөр өөр буутай байна. Жирийн сум нэвтрэхгүй хантааз зөвхөн цээж, нуруу хоёр талаараа хамгаалагдсан байдаг. Тусгай дэлбэрэлтээс хамгаалсан хувцас бас бий.

-Ажиллагаанд явахдаа биедээ буу зэвсэг авч явахаас гадна үүргэвчиндээ маш хүнд ачаатай гардаг гэж сонссон?

-Ажиллагаанд явж байгаа цэргүүдийн үүргэвчинд дор хаяж 48 цагийн хоол хүнс, унтаж амрах хэрэгсэл, эмнэлгийн анхан шатны эмийн сантай байна. Шархадлаа гэхэд эмнэлгийн анхан шатны эм тариа, боолт хийх шаардлагатай зүйлсүүд багтана.

Биедээ өмссөн хувцас хэрэглэл, буу зэвсэгт 15 кг, цүнхэндээ 20 кг ачаатай явдаг, дор хаяж. Ус маш чухал. Хол алхдаг учраас замдаа уух усаа авч явна. Өдөрт дунджаар дор хаяж зургаан литр ус уудаг.

Хүн зургаан литр ус авч явах уу, 12 литр ус авч явах уу гэдэг тухайн цэргийн өөрийнх нь асуудал. Юм болгоныг аль болох хөнгөн байлгах гэж хичээдэг дээ. Шүдний сойзоо хүртэл ишийг нь тайраад авч явдаг.

-Өдөрт хэдэн километр алхдаг гэсэн үг үү?

-Очих газраасаа шалтгаална. Ойд бол дунджаар 15 км алхана. Ойд бартаа ихтэй учраас таван километр газар бараг таван цаг алхаж туулдаг. Гол ус гатална, даваа толгойд өөдөө мацна гээд бартаа ихтэй.

Жирийн тэгшхэн газар таван км газар нэг цаг л зарцуулна шүү дээ. Ерөнхийдөө нэг цэрэг жирийн нөхцөлтэй бартаагүй газар цагт зургаан км алхана гэж дундчилж тооцдог. Ойд урагшлахгүй ээ. Гол таарна, уул, даваа ихтэй. Өвдөнө, ядарна гээд байж болох олон л асуудал тулгардаг даа.

Үргэлжлэл бий...