Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөлөө. Сонгуулийн ирц 59.24%-тай байсан нь найман удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн бага оролцоотой санал хураалтад тооцогдож байна. 

Сонгогчдын оролцоог хүйсээр нь харвал санал өгөх ёстой эрэгтэйчүүдийн 55.4%, эмэгтэйчүүдийн 62.7% нь сонгуульдаа оролцжээ. 

Харин насны бүлгээр харвал 55-аас дээш насныхан 70-аас дээш хувьтай оролцсон бол 20-24 насныхны 43.6% нь саналаа өгсөн байна. 30-34 насны 153,692 хүн санал өгсөн нь насны бүлгийн хувьд хамгийн олонд тооцогдож байна. 

Өмнөх долоон удаагийн сонгуулийн дүнг харвал ирц тасралтгүй буурсаар иржээ.