Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Binance биржээс хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан гэх дуудлага иржээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба шалгахад иргэн О нь телеграмм чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор зургаан удаагийн гүйлгээгээр 96 сая төгрөгийг тоот дансанд шилжүүлж залилуулсан хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Залилан мэхлэгчид таны итгэлийг олж авахын тулд өөрсдийгөө найдвартай, олон жилийн туршлагатай, удаа дараалан шагнал хүртсэн, хөрөнгө оруулалтаасаа их хэмжээний ашиг хүртдэг хэмээн итгүүлэхээр хуурамч бичиг, баримт ашигладаг. Иймд  хөндлөнгийн буюу гуравдагч этгээдийн баталгаажуулалтын тусламжтайгаар үнэн бодит мэдээлэл эсэхийг сайтар нягталж залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.