Виртуал хөрөнгө буюу койн, токентой холбоотой асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ), Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулав.  

Өнгөрсөн долоо хоногт виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байсан. Үүнээс виртуал хөрөнгө гаргаж, улмаар иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн дөрвөн хэрэг байна. Өнөөдрийн байдлаар энэ тоо долоо болж өссөн гэдгийг Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах хэлтсийн дарга Э.Сэргэлэнбаатар хэллээ. 

Тэрбээр "Цагдаагийн байгууллагад шалгагдсан 471 хэргийн 86 хэрэг нь гадаадын крипто валюттай холбоотой. Харин 385 буюу 82 хувь нь дотоодын койн, токентой холбоотой хэрэг байгаа юм. Иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 

ЦЕГ, СЗХ болон чиг үүрэг бүхий бусад байгууллага хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд хэрэгт холбогдсон этгээдүүдийг шалгаж байна. Койн, токентой холбоотой хөрөнгийг хэрхэн татан төвлөрүүлж, зарцуулсан, үүнтэй холбоотой хууль тогтоомж зөрчсөн асуудал байгаа эсэхийг шалгаж, дүгнэлт тайлан гарсны дараа мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ" гэлээ. 

"Өнөөдрийн байдлаар дэлхийн аль ч улс койн, токеныг хуулиар зохицуулаагүй"

 

СЗХ-ны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн хянан шалгагч Б.Батмөнх "Монгол Улсад анх 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. Тус хууль нь 2022 оны хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байдаг. Үүнээс хойш СЗХ болон төрийн байгууллагууд шилжилтийн үеийн зохицуулалтаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн холбогдох бүртгэлийг хийж байгаа. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сарын 27-ны өдрөөс анх бүртгэл олгож эхэлсэн.

Дээрх хуулийн хамгийн гол зохицуулалтыг иргэд ялгаж ойлгох нь зүйтэй. Энэ нь аливаа төрлийн виртуал хөрөнгийг зохицуулсан хууль биш. Өөрөөр хэлбэл, тухайн койн, токеныг арилжаалдаг "Exchange" гэх байгууллага буюу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх үйлдлийг хянан шалгахтай холбоотой харилцааг зохицуулсан.

Тус хуулиар өмнө нь явагдаж байсан Initial Coin Offering (ICO) буюу exchange бус замаар олон нийтээс хувийнхаа дансанд хөрөнгө татах нь зогссон. Тэгвэл хаана олон нийтээс хөрөнгө татах үйл ажиллагаа явах вэ гэвэл, зөвхөн хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид олон нийтээс хөрөнгө татах, шинээр койн, токен гаргах процесс явагдах юм" гэлээ. 

Мөн "Өнөөдрийн байдлаар дэлхийн аль ч улс койн, токеныг хуулиар зохицуулаагүй байна. Учир нь койн, токеныг ямар нэгэн төрийн хяналт, шалгалтад хамруулахгүй байх, нэрээ нууцалсан байх гэх мэтчилэн олон шинж чанар байдаг. Өмнө нь койн, токен нь өндөр эрсдэлтэй гэдгийг СЗХ болон цагдаагийн байгууллагаас удаа дараа сануулж байсан. Тодруулбал, 2021 оноос хойш нийт сануулсан анхааруулгын тоо 30-40 гарсан байна" гэдгийг нэмж хэлэв.