Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн хөрсний бохирдлын шинжилгээгээр нийт дээжийн 88 хувьд нь хөгц, мөөгөнцөр илэрч, гэр хороолол орчмын хөрсний дээжийн 93 хувь нь нянгийн бохирдол ихтэй, хүнд металын бохирдлоор бохирдсон гэсэн дүн гарсан талаар БОАЖЯ-аас мэдээлсэн.

 

Мөн ХААИС-ийн Байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлтийн профессорын багийн 2022 онд хийсэн судалгаагаар хүнцэл машин засварын газрууд, хаягдал хүлээн авах цэгүүдийн орчим зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.5-7 дахин их, захуудын орчим хар тугалганы агууламж 5-40 дахин илүү агуулгатай гарсан талаар бид өмнөх нийтлэлдээ бичсэн.

 

Хөрсөнд агуулагдах цайрын агууламж Дэнжийн мянга  болон Төв цэвэрлэх, Өгөөмөр зах, Мамба дацан болон бусад цэгүүдэд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давжээ. Мөн “Харгиа” цэвэрлэх байгууламж орчимд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хөрсний чанарын нэмэлт дээж авч шинжлэхэд хромын агууламж 1031 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс долоо дахин их гарсан байна. Энэ бол нийслэлийн хөрс хүнд металаар хэрхэн бохирдсоныг батлах цөөн хэдэн баримт. Тиймээс энэ удаа олон жилийн турш ярьж байгаа ч шийдэл олоогүй хөрсний бохирдлын хүнд металыг бууруулах ямар шинэлэг арга, технологи байдаг талаар уншигчдадаа хүргэе.

 

Хөрсний бохирдлыг бууруулахын тулд арьс, шир, үслэг болон бусад боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, хотын хүн амыг суурьшилын бүсээс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж олон жил ярьсан. Гэсэн хэдий ч шийдэлд хүрсэн зүйл одоогоор алга.

 

Энэхүү шийдвэр бодит болж хэрэгжтэл бид юу ч хийхгүй сууж болохгүй. Учир нь хөрсний бохирдол гэдгийг усны бохирдол, ундны усны чанартай шууд холбон ойлгох хэрэгтэй. Хөрс хэдий чинээ бохир байна бидний ундны ус төдий чинээгээр нянгаар бохирдсон, эрүүл бус байна гэсэн үг. Ийм ч учраас жил бүр хэвлэлүүд энэ асуудлыг хөндөж, гарц, шийдэл хайж, анхаарлаа хандуулахыг эрх баригчдаас шаардсаар байгаа юм.

 

СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ХУРДАЦТАЙ ХӨГЖИЖ БУЙ “IN-SITU” АРГА

 

Хөрсний бохирдлыг бууруулах зардал бага, байгальд ээлтэй “phytoremediation” буюу хүнд металлыг өөртөө хуримтлуулагч ургамал тарих арга бий. Тодруулбал, хөрсөн дэх хүнд метал буюу органик бус бохирдлыг ургамлаар саармагжуулах, бохирдлыг бууруулах арга технологи байдаг.

 

Хөрсний бохирдлыг бууруулах зардал бага, байгальд ээлтэй “phytoremediation” буюу хүнд металыг өөртөө хуримтлуулагч ургамал тарих арга бий. Тодруулбал, хөрсөн дэх хүнд метал буюу органик бус бохирдлыг ургамлаар саармагжуулах, бохирдлыг бууруулах арга технологи байдаг. Энэ арга технологийг олон улсын түвшинд өргөнөөр хэрэглэдэг.

 

Үүнээс гадна хөрсийг бүрэн эрүүлжүүлэх уламжлалт арга технологи “ex-situ” нь бохирдсон газраас ихэвчлэн хөрсийг зөөж тээвэрлэх, тусгаарлах, цэвэршүүлэх байгууламжид оруулан хандлах, электронжуулах, угаах, урвалын орчныг өөрчлөх зэрэг хэд хэдэн дамжлагыг дамжин хөрсөн дэх хүнд металлыг бүрэн арилгах үйл явц юм. Гэхдээ эдгээр аргууд нь хөрсний био идэвхийг бууруулах, хөрсний бүтцийг эвдэх, үржил шимийн түвшин буурах сул талтай. Мөн инженерийн зардал их шаарддаг, өртөг өндөртэй учир зөвхөн түргэн хугацаанд бохирдлыг арилгах шаардлагатай, бага хэмжээний газарт л ашиглахад тохиромжтой байдаг.

 

Харин “in-situ” буюу тухайн бохирдсон газар дээр шууд ашиглаж болох аргууд нь зардал бага, томоохон хэмжээний талбайг хамрах боломжтой учир сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Тухайн газрын хөрсний хэв шинж, бохирдлын төрлөөс шалтгаалан хэд хэдэн төрлийн ургамлуудаас сонгон нөхөн сэргээлт явуулах боломжтой.

 

Энэ арга зүйг албан ёсоор 1988 онд АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах албанаас фито-нөхөн сэргээлт (Phytoremediation) ургамлаар сайжруулах арга хэмээн тодотгон баталсан байдаг. Энэ нь харьцангуй бага зардалтай, сөрөг нөлөөлөл бага, төрөл бүрийн цаг агаартай бүс нутагт хэрэгжүүлэх боломжтой, олон нийт хүлээн зөвшөөрсөн зэрэг давуу талуудтай. “Phytoremediation” буюу ургамлаар хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх арга нь таван дэд бүлгээс бүрддэг болохыг тогтоосон байдаг. Үүнд хөрснөөс хүнд металыг ургамал өөрийн эд эрхтнүүдэд шингээж арилгах, ургамлууд болон бусад холбогдох микробууд органик бохирдлыг задалж бууруулах, ургамлын үндэс нь хаягдал уснаас металыг шингээдэг арга. Бохирдуулагчийн био идэвхийг бууруулах, хүрээлэн буй орчинд тархахыг зогсоох эсвэл тархалт шилжилтээс урьдчилан сэргийлэх буюу тогтворжуулах, ургамлаар дамжуулан бохирдуулагчийг агаарт ууршуулах аргууд багтана. Хүнд металаар бохирдсон газарт тарьсан ургамлын үндэс хөрсний уснаас мөн бохирдуулагч элементүүдийг шүүж авдаг юм байна.

 

Хөрсний хүнд металын бохирдлыг ургамлаар нөхөн сэргээх арга нь бохирдлыг хэсэгчлэн арилгах, хөрсний биологийн идэвх болон механик бүтэц зэргийг хэвээр хадгалах, өнгө үзэмжтэй, энгийн хялбар технологи учир хөрсний бохирдлыг бууруулах, арилгахад хамгийн тохиромжтой юм.

 

Энэ арга технологийг ашиглан хөрс судлаач, доктор П.Оюунбат наранцэцэг болон эрдэнэшиш ургамлуудад туршилт, судалгааны ажил хийж гүйцэтгэжээ. Ингэхэд хромын агууламжыг наранцэцэг 61 хувиар, эрдэнэ шиш 59 хувиар бууруулсан байна. Иймээс үүнийг хүнд металын хуримтлалыг бууруулах хамгийн оновчтой бөгөөд байгаль орчинд ээлтэй арга гэж үзэж байна.

 

ХӨРСНИЙ ОРГАНИК ХОГ ХАЯГДЛЫГ ЗАДАЛДАГ БИЧИЛ БИЕТИЙН ТЕХНОЛОГИ

 

Хөрсний бохирдлыг бууруулахад ашиглах боломжтой зүйл нь био задлагч  буюу ашигтай бактер юм. Хөрсний органик болон нянгийн бохирдлыг бууруулах ашигтай бичил биетийн технологи нь сүүн хүчлийн бактер, исгэгч бактер, фототроф бактерийн бүлгээс бүрддэг. Дээрх бичил биетүүд хөрсөнд ормогц тухайн хөрсөн дэх органикуудыг ургамалд тохиромжтой, шингэхэд хялбар тэжээл болгон хувиргадаг. Үүний үр дүнд фермент аминхүчил, амин дэм, био фунгицид зэрэг олон төрлийн физиологийн идэвхт бодисууд боловсордог. Энэ технологи нэгдүгээрт хөрсийг хоргүйжүүлж, ариутгах, исэлдэлтийг зогсооно. Хоёрдугаарт, органик хог хаягдлыг задалдаг. Гуравдугаарт, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зэрэг хүн, амьтан, ургамалд үзүүлдэг эерэг нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон байна. Улаанбаатар хотын хөрсний нянгийн органик бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын нүхэн жорлон байдаг. Үүнээс үүсэх нянгийн бохирдлыг бууруулах, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, халдварт өвчин үүсэх, тархах зэрэг сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ микробиологийн бэлдмэл ашигтай бактерийг туршиж, ашиглаж байна.

 

Нийслэлийн Байгаль орчны газраас Гандангийн дэнжийн гэр хорооллын 680 гаруй айл өрхийн нүхэн жорлонд ариутгал, халдваргүйжүүлэлт, ашигтай бактер хийх ажлыг туршихад эвгүй үнэр , ялаа батгана  багасч, лаг нь суулт өгсөн үр дүн гарчээ. Мөн ШУА-ийн Технологийн Инкубатор төв нь “Харгиа” цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лаг дээр “ЕМ” технологийн бүтээгдэхүүнээр бохирдлыг саармагжуулах туршилт хийжээ.

 

Судалгааны дүнд хар тугалга 3.5 дахин, хром тав, зэс гурав, хүнцэл 2.1, төмөр 10 дахин багассан эерэг үзүүлэлтүүд гарсан байна. Тиймээс энэ технологиор Улаанбаатар хотын ойр орчмын бохирдсон хөрсийг эрүүлжүүлж нөхөн сэргээх боломжтой гэж хөрс судлаач, доктор П.Оюунбат ярилаа. Мөн тогтворжуулах, цахилгаажуулах арга технологи бий. Хөрсний бохирдолтой хэсгийг хөрсний гүн рүү нэвчиж орохоос сэргийлж тогтворжуулан барих, хавтан суурилуулж тархалтыг зогсоох энэ арга нь механик, хүнд машин механизмын тусламжтайгаар инженерийн нарийн тооцооллын үр дүнд хийх технологи юм. Технологийн давуу тал нь богино хугацаанд бохирдлыг арилгах, бага талбайн хэмжээтэй газарт ашиглахад тохиромжтой. Гэхдээ энэ арга технологийг ашиглаж Улаанбаатар хотын хөрсний бохирдлын тархалтыг зогсоох оролдлого, туршилт хийж үр дүн гаргасан тохиолдол одоогоор байхгүй байна.

 

 

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин