Бидний хэдэн сэтгүүлч өнгөрсөн баасан гаригийн өглөө өмнөд хөршийн Эрээний галт тэрэгний буудлын тасалбар түгээх газраас Монгол руу явах тасалбар авахаар очлоо.

Их л эрт ирлээ хэмээн бодож очтол кассын гадна уртаас урт дараалал хэдийнэ бий болчихож. Дугаарлаж буй улс нь голдуу хятадууд. Өглөө таван цагаас хойш дугаарлаж байна гэсэн хүн ч байна билээ. "Энэ олон хятад Монгол явах гэж байгаа хэрэг үү" хэмээн харсандаа үл итгэн, хажуу хавиргынхнаасаа лавлахад "Долоо хоногийн гурван өдөрт тус бүрт нь 500 шахам хятад Монгол руу хил давах гэж ингэж "алалцдаг" юм шүү дээ" хэмээхийг сонсоод чихэндээ итгэхэд ч хайран санагдав. Өдөрт 500, долоо хоногт 1500, сард 6000 хятадаар бид хөдөлмөрийн зах зээлдээ бүл нэмж байгаа аж.
 

      Монголыг "хөгжүүлэх" гэж явж байгаа хятад залуус "Монголчууд барилга бариулах захиалга өгсөн. Ажил олгогч маань биднийг авч явж байгаа шүү. Албан ёсны бичиг баримттай, зөвшөөрөлтэй" их л итгэлтэй хариулцгаах юм билээ.

Гэтэл энд, Монголд эдийн засгийн хямралаас үүдэн аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, хүмүүс хэдэн зуугаараа ажилгүй болж хэдэн хүүхдийнхээ ам руу яаж шуухан үмх талх олж хийх вэ хэмээн гайхсан аав ээжүүд олширч байгааг хүн бүхэн л мэднэ. Хийлгэх ажил ч, өгөх мөнгө ч алга хэмээн өөрийнхөндөө мөрөө хавчих хэрнээ урдаас ийм олноор нь оруулж ирээд хаана ажиллуулж, хаанаас цалинжуулаад байгааг ойлгоход үнэхээр бэрх. Эрээний галт тэрэгний буудлын тасалбар түгээх газрын гадна дугаарлан зогсох цөөн монголын нэг А.Оросбай гуай "Ах нь Хөх хотод эмнэлэгт үзүүлчихээд буцаж явна. Гэтэл энэ хятадууд чинь яасан айхавтар улс вэ. Өглөө 05:00 цагт ирээд дугаарлаж байтал бөөнөөрөө шаагилдаж шаваад эгнээнээс маань гаргачихлаа. Миний дугаарлах ч дүүрч. Ийм олон хятад өдөр бүр эх орон руу маань орж байна гэж бодохоор үнэхээр сэтгэл өвдөж байна. 500 хятад иргэдийн лав 20 нь эхнэр аваад Монголд үлдэж байгаа даа гэж бодохоор бүр ч хэцүү санагдах юм. Монголчууд өөрсдөө ажилгүй байхад ийм олон хятадыг аваачих ямар хэрэг байна вэ. Хоёр их гүрний дунд байгаа бид уг нь энэ тал дээрээ их л чанга бодпоготой баймаарсан. Үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж байгааг ойлгоосой билээ" хэмээн бухимдаж байв. Удаан дугаарласан бололтой нэг бүсгүй мөн л бухимдаж "Би билет авч чадсангүй ээ. Энэ олон хятад урдуур н дайрч ороод билет нь дуусчихлаа. Хамгийн гол нь-тэд буцаад явдагсан бол өөр хэрэг. Цөөн биш нь улдэж байгаа нь хамгийн том аюул. Ёстой нөгөө хаяанд байсан хятад хатавчинд ороод ирсэн ньэнэ юм биш үү" гэв.

 

   

       Ингэж ингэж галт тэргэндээ суув. Зуны ялаа шиг язганасан олон хятад бөөнөөрөө хэдэн ч вагоныг дүүргэчихэв, бүу мэд. Бидний хажууд лав хоёр хятад сууж таарсан. Нас нь нэлээн ахимаг, жар бол хэдийнэ гарсан, гэр бүлийн хоёр бололтой юм. Галт тэрэгний билет шалгагч тэднээс "60 нас хурсэн бол эрүүл мэндийн дэвтэртэй явах ёстой. Та хоёр дэвтэргүй бол бууна даа" хэмээн сүртэй нь аргагүй том дуугарсан ч буулгаад хөөсөнгуй. Эхнэр нь хазгай муруй монголоор ярьчихдаг юм байна. Тэднийх "Богд-Ар" хороололд хоёр өрөө байртай, тэндээ 20 хоночихоод буцах юм байх. Ирэн очин байдаг бололтой юм. Өөрсөдтэй нь адил хоёр газар сэлгэж амьдардаг хүн цөөн биш гэнэ. Ийм л маягаар хятадууд эх оронд маань эздээс нь хийх ажлыг нь булааж, амьдрах байрыг нь хүртэл худалдаад авчихсан байдаг аж.
 

 

       Гэтэл гадныхны ирж явахыг харж цагдаж, хуульд заасан хугацаандаа буцаж байна уу үгуй юу гэдгийг хянаж суудаг үүрэгтэй Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын эх сурвалж "Сошиал медиагаар БНХАУ- ын иргэд өдөр бүр вагон вагоноор орж ирж байна гэдэг ташаа мэдээлэл. Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газраас олгосон квотын дагуу буюу манай улсад ирж ажиллах зөвшөөрөлтэй иргэд л хилээр олноороо нэвтэрч байгаа" гэх. Өнгөрсөн жил Засгийн газраас гаргасан хоёр тогтоолын дагуу компани, аж ахуйн нэгжүүдэд гадаадаас 14 мянга орчим ажиллах хүчин буюу хөлсний ажилчин оруулж ирэх зөвшөөрөл олгосон. Тэдний 90 орчим хувь нь БНХАУ-ын иргэд байж. Тэдэн дээр хөдөлмөр эрхлэхээс бусад хэлбэрээр буюу хувийн хэргээр оршин сууж байгаа 4000 орчим бүртгэлтэй хятад иргэн байдгийг нэмэхээр хэд болох нь ойлгомжтой. Гэхдээ энэ манайд байгаа хятадуудын яс тоо биш. Дээр дурдсан хувийн хэргээр оршин сууна гэдэг нь зургаан сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа иргэдийг хэлж байгаа хэрэг. Монгол Улсад түр ирэх буюу нэг хүртэлх сарын хугацаанд орж гарч байгаа хятад ажилчдын тоо хэдэн мянгад хүрсэн байдаг гэхээр өнөөх хуульд заасан манай улсад оршин суугаа гадаад иргэдийн тоо нийт иргэдийн гурван хувь хүртэл байх, үүнээс нэг улсын иргэн Монгол Улсын хүн амын нэг хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн заалт Хятадаас ирж буй хүмүүсийн хувьд биелж буй эсэх тун ч эргэлзээтэй.