"Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл" үндэсний чуулган өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөв. 

Чуулганы үеэр "Монгол хэл, бичгийн хэрэглээ ба олон нийтийн хандлага" сэдэвт илтгэлийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар танилцуулсан юм. 

Гадаад хэл бол бидний амьдрахуйн дархлаа, эх хэл бол бидний оршихуйн дархлаа.

Монголчууд гадаад хэлийг сурч, судалж, дэлхий ертөнцтэй харилцдаг хэлээр нь харилцах хэрэгтэй. Гэхдээ бид харилцаж амьдрахынхаа өмнө орших ёстой.

Оршихын тулд монгол хүн болгон эх хэлэндээ эзэн болж, сайтар эзэмших тухай ойлголтыг сэтгэлгээнд нь суулгах ёстойг хэлсэн юм. 

 Эх хэлний хэрэглээндээ гаргаж байгаа сөрөг хандлагын тухайд дараах мэдээллийг тэрбээр хүргэв.



Олон нийтийн сөрөг хандлага:

  • Залуус үндэстэн оршихуйн дотоод дархлаа болсон эх хэл, соёлоо үл ойшоох 
  • Гадаад хэлний боловсролыг хэт шүтэх 
  • Хос хэлтэй болох санал санаачилга тодорхой хэсгээс гарах 
  • Өсвөр үе, эцэг эхчүүд эх хэлний боловсролыг чухалчлахгүй байх 

"Ахмад настан, залуу хойч үе хоорондын харилцаанд хэлний бэрхшээл тулгарч эхэлбэл эх хэл мөхнө" 

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар хэлэхдээ "Монгол үндэстэн тусгаар тогтнолтой, туурга тусгаар улс орон гэдэг нь үнэн. Гэвч хүн амын тоо буюу монгол хэлээр харилцагчид харьцангуй цөөн билээ. 

Цөөн хүн амтай үндэстэн хос хэлний бодлогодоо маш болгоомжтой хандах нь зүйтэй.

Хэлний дархлааны хамгийн их эмзэгшил буюу мөхөл рүү хөтөлдөг хүчин зүйл юу вэ? 

Харилцагч тээгч нь байсаар байтал ярилцагчдын дийлэнх нь ахмад настнууд болж, улмаар залуу үеийнхэн эх хэлээрээ ойлголцож, ярилцах чадвар суларсан цагт мөхөхөд ойр байна гэж үздэг. 

Хос хэлийг хэн эзэмших вэ? Хүүхэд багачууд, залуус эзэмшинэ гэсэн үг.

Энэ нөхцөл ахмад үе, залуу хойч үе хоорондын харилцаанд хэлний бэрхшээл тулгарч эхэлнэ. Ийм эмзэгшил бий болбол хэлний дархлаа суларч, мөхөл рүү хөтлөх магадлал бий" гэдгийг сануулав. 

"Чи англи хэлээ давт, математикаа хий", "За яах вэ цаг гарвал монгол хэлээ хараарай" гэдэг сөрөг хандлага эцэг, эхчүүдэд байна

Үргэлжлүүлэн "Өсвөр үе, эцэг, эхчүүд эх хэлний боловсролыг чухалчлахгүй байх нь сөрөг хандлагын жишиг. 

Нуулгүй хэлэхэд эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн чухлыг эрэмбэлэхдээ монгол хэлийг хойш тавьдаг. 

"Чи хятад хэлээ сур", "Чи англи хэлээ давт", "Чи математикаа хий", "За яах вэ цаг гарвал монгол хэлээ хараарай" гэсэн ийм хандлага хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлж байна.

Тийм учраас эх хэлнийхээ үнэ цэнийг ойлгох, чухалчлах сэтгэлгээ дан ганц хүүхэд залууст бус хүн бүрд, гэр бүлийн гишүүн болгонд хамаатай" гэж зөвлөлөө. 

Үг хэллэгийг буруу хэлбэр, оновчгүй утгаар нь сэргээн хэрэглэж байгаа хандлага: 

  • Гадаад хэлний шууд орчуулгаар харь сэтгэлгээний хэлц хэллэг бий болох. "Хэрүүлийн алим" гэхээр бараг бүгдээрээ ойлгодог болжээ. Гэхдээ мал дагасан хөдөөгийн настанд “хэрүүлийн алим” гэдгийг хэлбэл бараг учрыг нь ойлгохгүй.
  • Харь хэлний шууд орчуулгын улмаас харь сэтгэлгээний нөлөө бий болж байна. Бид үүнийг өөрсдөө ч анзаарахгүйгээр бий болдог. 
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үг хэллэг, үгийн сан ядуурах. Эх хэлний үг бүтэх зүй тогтлыг зөрчсөн буруу хэлбэр үүсгэх асуудал байна.

Энэ талаар тэрбээр "Хэл, сэтгэхүй хоёр шууд хамааралтай тул бидний сэтгэлгээнд сэв суухын цондон болж байна. Хамгийн түрүүнд бидэнд дадал болсон нэг жишээг хэлье.

“Баярлалаа гэж хэлмээр байна” гэх мэтчилэн "маар, мээр байна" гэсэн угтвар монгол хэлэнд байдаг юм шиг болжээ. Гэтэл англи хэлний шууд хам бүтцийг монгол хэл рүү буулгаад ирээдүй төлөвт хэрэглэдэг “маар байна” гэх бүтцийг яг одоо цагт юм шиг хэрэглэдэг болоод удлаа.

Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй гэж өнөөдөр бид мянга яриад байхад олон нийтийн зүгээс "Энэ дайснууд зөв бичгийн дүрэм өөрчиллөө" гэж ойлгож байна. 

Хамгийн гол асуудал нь олон нийтэд хүрч ажиллахгүй байна. Энэ чиглэлд манай хэлний бодлого хариуцсан томоохон нэгжүүд ажиллах ёстой.

Их дээд сургуулийн элсэгчдээс авах монгол хэлний шалгалтыг үнэлгээтэй болгох хэрэгтэй. Өндөр оноо авч байгаа хүүхэд урамшуулал, муу оноо авч байгаа хүүхэд ташуур авдаг байх хэрэгтэй. Түүнээс биш хүнийг залхаадаг зэвсэг байж болохгүй.

Эцэст нь шийдлийн гаргалгаанд хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой гэж үзэж байгаа. Эх хэлний боловсролын үнэлэмжийг эрс дээшлүүлэх ёстой. Энэ бол бодлогоор бэлдэх ёстой асуудал. Наад зах нь эх хэлний олимпиадын урамшуулал эрс өндөр байх хэрэгтэй.

Монгол Улсад зохиогдож байгаа олимпиадууд дотроос хамгийн өндөр үнэлэмжтэй, хамгийн өндөр урамшуулалтай олимпиад нь эх хэлний хичээл байх ёстой" хэмээн хэллээ.