“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) Төрийн ордонд эхлээд байна. Нээлттэй сонсгол нь эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ. Гурван өдөр үргэлжлэх сонсголд нийт 127 гэрчийг дууджээ.

Энэ үеэр эмийн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх мэдээлэл сонсох үеэр Шинжээч дараах баримтыг танилцуулав. 

ШИНЖЭЭЧ "2023-2024 оны хичээлийн жилд манай улсын их, дээд сургуулиудад Эмзүйн мэргэжил эзэмшсэн 2,881 хүн төгссөн. Энэрэл дээд сургуулийг ойрын дөрвөн жилд 310 мэргэжилтэн төгссөн атлаа 2022 оноос хойш тус сургууль одоо хүртэл Эмзүйчийн хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлээгүй сургалт явуулсаар байгаа. 

Энэрэл дээд сургуулийн Эмийн технологийн хичээлд оролцож байгаа оюутнууд хичээлийнхээ нэрийг Галений технологи, Эмийн ургамал, Химийн технологи, Эмийн ургамал судлал, Эмийн сангийн технологи, Хор судлалын хими гэх мэт буруу бичсэн нь цахим хичээлийн дутагдалтай талыг харуулж байна. 

Энэрэл дээд сургуулиас гаргаж өгсөн баримтаас үзвэл цахимаар хичээллэх веб хуудсанд нийт 970 контент байршуулснаас ердөө 120 удаа л оюутан орж үзсэн бөгөөд татаж авсан болон сургууль тэнхим, багш нарт хандсан ямар ч мэдээлэл байхгүй байна.

Мөн тус сургуульд 2020-2024 онд Эм зүйн ангид 1,252 оюутан элссэнээс орон нутгаас 596 оюутан байсан бөгөөд ЭЕШ-ын үнэлгээ 433-502 байсан.

Түүнчлэн ЭЕШ өгсөн элсэгч ердөө 11 байсан нь голдуу дээд боловсролтой хүмүүс элсдэг болохыг харуулж байна. Эм зүйн дээд, дунд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд шаардагдах сургалтын орчин бүрдүүлээгүй" хэмээн ярилаа. 

Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Энэрэл дээд сургуулийн гүйцэтгэх захирал Д.Найгалмаагаас Түр хорооны гишүүд сургалтын чанартай холбоотой асуулт асуулаа.

Тэрбээр "Манай сургууль орон нутгийн захиалгаар хүний нөөцийг бэлтгэж байгаа. Ер нь 80-90 хувь нь эрүүл мэндийн суурь мэргэжилтэй элсэгчид манайд ханддаг. Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд боловсрол эзэмшиж байгаа болов уу.

Төгсөгчид маань эмийн зах зээлд ажиллаад явдаггүй. Энэ нь төгсөгчдийн мөшгөгч судалгаагаар гардаг. Эмийн компани байгуулаад явж буй хүн мөшгөгч судалгаагаар гарч ирдэггүй. Манай сургууль жил бүр төгсөгчдийнхөө мөшгөгч судалгааг хийдэг.

Эмч хэрнээ эмзүйч болж буй хүмүүс нь эмийн компанид ихээхэн ажилладаг. Эм найруулагчаар төгссөн хүмүүс эмийн санд ажилладаг. Лицензийн шалгалтын хөндлөнгийн үнэлгээ манай сургуульд 97-98 хувьтай тавигддаг.

Сүүлийн гурван жилийн турш судалгаа хийж ажилласны үр дүнд эмзүйч, эм найруулагчийн хөтөлбөрийг зөөлөн ур чадвартай уялдуулж магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ энэ жил өгсөн. 

Шинжээчдийг очих үед манай сургуулийн сургалтын танхим үнэхээр ийм байсан. Энэ нь бүх танхимыг шинэчилж байсантай холбоотой.

Ялангуяа эмзүйч, эм найруулагчийн хөтөлбөрийн танхимыг зөөлөн ур чадварт тулгуурласан орчныг бүрдүүлэхээр суллаж, тоног төхөөрөмжийг Хятад улсад захиалан хийж байсан шинэчлэлийн үед таарсан. 

Одоогоор манай сургууль 7-8 эм зүйн лаборатори, бүрэн тоноглогдсон танхимыг тохижуулсан. Бид сургалтын агуулгыг бүрэн дүүрэн эзэмшүүлж байгаа. Ерөнхийдөө цар тахлын үед сургалтаа цахимаар явуулсан. Үүнээс хойш хослуулсан загвараар явж байгаа. 

Энэрэл дээд сургууль хүний нөөц бэлдээд таван жил болж байгаагийн 2.5 нь цар тахлын үе байсан. Гэхдээ бид зөвхөн онол, семинарын хичээлийг цахимаар явуулдаг" хэмээн ярилаа.