Гадаад иргэд яагаад Монголыг сонгодог вэ?
3 цагийн өмнө

Өглөөнөөс орой хүртэл Улаанбаатарын амьдрал завгүй өрнөнө. Хотын өнцөг булан бүрт дор бүрнээ зорилго тавин хөврөх хүмүүс жирэлзэн алхана. Завгүй хөврөх тэр олон дунд Монгол Улсыг зорин ажиллаж хөдөлмөрлөхөөр сэтгэл шулуудан ирсэн гаднын иргэд ч харагдана.
Хятад, Энэтхэг, Вьетнам гээд олон орны ажилчид монголын ажиллах хүчний эгнээнд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо эрчимтэй өсөж, уул уурхай, барилга, үйлдвэрлэлийн салбаруудад төвлөрөх болсон нь эдийн засгийн бүтэц, хөдөлмөрийн зах зээлд шинэ сорилт авчирч байна. Гэвч эдгээр ажилчдын ажлын орчин, цалин хөлс гээд хөдөлмөрийн нөхцөл бодит байдал дээр ямар байдаг талаар энэ удаагийн “Нийгэм-асуудал” булангаараа хөндөж байна.
“Гэрээсээ хол байх нь хэцүү ч энд ажиллахад нөхцөл байдал боломжийн байдаг”
“Алс холоос Монголыг зорино гэдэг тун амаргүй. Монгол Улс Энэтхэгээс цаг агаар, орчин нөхцөл, зан заншил гээд олон зүйлээрээ ялгаатай. Эхлээд энд дасахад хэцүү, шантрах үе олон байсан” хэмээн ярих эмэгтэйг Анита гэдэг. Тэрээр Энэтхэг улсаас Монголд ажиллахаар ирээд байгаа нь энэ.
Тэрээр өөрийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын талаар ярихдаа “Би монголд барилгын компанид ажиллаад хоёр жил гаруй болж байна. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу ажиллаж, цалин хөлсөө цагтаа авч байсан учраас ямар нэгэн асуудал гараагүй. Гэхдээ хүмүүстэй ойлголцоход хэлний мэдлэггүй учраас хүндрэл, бэрхшээл их учирдаг.
Биднийг амьдрах байраар хангасан. Нэг өрөөнд 4-5 хүн байдаг. Амьдрах орчин нөхцөлийн хувьд асуудал багатай ч заримдаа халуун ус, халаалт асуудалтай байдаг. Гэхдээ сүүлийн үед арай дээрдэж байна. Анх гэрээний нөхцөлөө тохиролцоход хүндрэлтэй байсан. Учир нь би англи хэл сайн мэдэхгүй, дээрээс нь монгол хэл мэдэхгүй шүү дээ. Заримдаа хамгаалах хэрэгсэл дутуу өгдөг. Барилгын ажил учраас аюултай. Нэг удаа манай хамтрагч бэртэж байсан. Монголд ажиллахад мөнгө олох боломжтой учраас амьдарлын чанар маань өмнөхөөс илүү дээрдсэн. Удахгүй гэрээний хугацаа маань дуусах гэж байгаа ч үргэлжлүүлэн сунгах бодолтой байгаа. Гэрээсээ хол байх нь хэцүү хэдий ч энд ажиллахад нөхцөл байдал боломжийн байдаг” хэмээн ярьж байлаа.
Монгол Улсад 2025 оны аравдугаар сарын 31-ний байдлаар 132 улсын 37.939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна. Эдгээр иргэдийн 537 иргэн нь албан зорилгоор оршин сууж байгаа бол 5087 иргэн суралцаж, 1769 иргэн цагаачлалаар, 141 иргэн шашны зорилгоор оршин сууж байна.
Мөн хөрөнгө оруулах зорилготой 5248 иргэн оршин сууж байгаа бол 2431 иргэн гэр бүлийн зорилгоор, 993 иргэн хувийн болон бусад гэсэн зорилгоор манай улсад оршин сууж байгаа аж. Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл АНУ-ын 1004, БНСУ-ын 1594, БНХАУ-ын 24.626, ОХУ-ын 2720 иргэн, бусад улсын 7995 иргэн байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан байдаг.
Хуулийн дагуу авч үзвэл Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 106.345 гадаадын иргэн, үүнээс нэг улсын 35 мянга гаруй иргэн Монгол Улсад оршин суух боломжтой юм.
Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 1.05 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс Монгол Улсад хамгийн олон иргэд оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0.69 хувь, ОХУ-ын иргэд 0.07 хувь, БНСУ-ын иргэд 0.03 хувь, АНУ-ын иргэд 0.02 хувийг тус тус эзэлж байгаа гэж Гадаадын иргэн харьяалтын газраас мэдээллээ. Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн сүүлийн таван жилийн тоон үзүүлэлтийг авч үзвэл, 2020 онд 14.509 иргэн, 2021 онд 16.795 иргэн, 2022 онд 20.153 иргэн, 2023 онд 30.987 иргэн, 2024 онд 31.901 иргэн, 2025 онд 37.939 гадаадын иргэн Монгол Улсад оршин сууж байна. Үүнээс харахад 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл манай улсад оршин сууж гадаадын иргэдийн тоо 23 мянган иргэнээр өсжээ.
“Манай улсад ажиллаж буй ажилчдын дийлэнх нь БНХАУ-с ирдэг”
2025 оны гуравдугаар улирлын байдлаар дэлхийн 103 орны 23.800 гаруй иргэн манай улсад хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн хөлсний болон сайн дурын ажилтнаар ажиллаж байна. Тэдгээрээс хүйсийн хувьд эрэгтэй ажилчид давамгайлж байна. 2025 онд монголд ирсэн ажилчдын 21.900 эрэгтэй нь 1.900 эмэгтэй ажилчид байна. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд давамгайлж буй салбар нь хүнд үйлдвэрлэл, барилга, үйлдвэрлэл үйлчилгээний салбар байна.
Манай улсад ирж буй гадаад ажилчдын дийлэнх хувь нь БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Филлипин, ОХУ-аас ирдэг байна. Тэдгээр ажилчид уул уурхай төвлөрсөн аймгууд руу ажиллах нь элбэг байдаг аж. Гадаад ажиллах хүчин нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлэх зохицуулалттай.
2025-2026 онд гадаадаас ажиллах хүчний тоонд Засгийн газраас квот тогтоогоогүй бөгөөд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн. Үүнээс өмнө засгийн газар гадаад ажилтныг тоог тогтоодог байсан бөгөөд 2024 онд 27.851 гадаад ажилтныг Монголд ажиллахыг зөвшөөрч байжээ. Түүнчлэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоход ажиллах хугацаагаар нь тооцож ажлын байрны төлбөр авдаг. Тодруулбал, гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажил олгогч нь энэхүү төлбөрийг төлдөг байна. Төлбөрийн хэмжээ нь сар тутамд гадаадын иргэн бүрд Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байдаг.
“Манайхаар зуучлуулж ирсэн гадаад ажилчид түлхүү зочид буудлын салбарт ажиллахаар ирдэг”
“Тэгвэл “Эй Би Си world” ХХК 2025 оны аравдугаар сараас хойш гадаад иргэдийг Монгол Улсад ажилд зуучлах зуучлалын үйлчилгээг явуулж эхэлжээ. Тус компани Бангладеш, Нипал, Энэтхэг улсаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг ажилд зуучилдаг байна. Энэ талаар “Эй Би Си world” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхманлайгаас гаднаас ирж ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрийн нөхцөл байдал, хэрхэн ажилд зуучилдаг талаар тодруулсан юм. Тэрээр “Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажиллаж, цалин хөлсөө тохирдог. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Гэнэтийн ослын даатгалд хамруулдаг буюу монгол хүнтэй адил хөдөлмөрийн нөхцөлөөр ажиллуулдаг.
Гадаадаас ажиллахаар ирж байгаа ажилчдыг монгол компаниудын тавьсан санал, захиалгын дагуу онлайн ажлын ярилцлага, анкет бөглүүлэх зэргээр сонгон шалгаруулдаг. Манайхаар зуучлуулж ирсэн гадаад ажилчид түлхүү үйлчилгээ тэр дундаа зочид буудлийн салбарт ажиллахаар ирдэг.
Мөн гадаад ажилчдын ихэнх нь эрэгтэй хүмүүс байдаг. Түүнчлэн тухайн ажилчны ар гэрийнхэн албан ёсоор визээ мэдүүлээд, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлснээр Монголд ирж оршин суух боломжтой байдаг. Гэрээгээр ирж ажиллаж байгаа хүмүүс дунд ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд хамтарч ажилладаг хуулийн фермерээ дамжуулан үүссэн асуудлыг шийдвэрлээд явдаг” гэлээ. Тухайлбал, гаднын зарим улсууд ажлын зургаан өдөртэй буюу долоо хоногийн 48 цаг ажилладаг байна.
Харин Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай хуулийн 84.1-т заасны дагуу долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна. 84.2-т Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна. 84.4-т Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна” гэж заасны дагуу “Гаднын иргэд хөдөлмөрийн таатай нөхцөлд ажиллаж байгаа гэж хэлж болно” хэмээн ажилд зуучлагчид хэлж байлаа. Мөн тухайн ажилчныг ажиллуулж буй компаниуд нь амьдрах орон байр болон бусад хувийн хэрэгцээний зүйлсийг бүрэн шийдэж өгдөг гэлээ.
Чулуунхүү БЯМБАХАЖИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин







Бат · 50 минутын өмнө
Зах зээл хөгжсөн орнуудад ажлын олдоц хөвөр манайд элбэг олдоно энэ л шүү дээ
Зочин · 3 цагийн өмнө
BOOW XXN BOOB DOLOOJ TOMSGN XELEERE DOLOIX URN SHINEGENE AMSX80955877