Сүүлийн үед иргэд “Хүний аливаа өвчинд сайн байна” гэсэн ам дамжсан яриагаар АСД-3Ф, АСД-2Ф гэсэн малын эмийг өөрсдөө дур мэдэн малын эмийн сангаас авч хэрэглэх явдал гарсаар байна.

Эдгээр эмүүдийг Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид шинжилгээнд хамруулан ҮХААЯ-ны “Малын эмийн салбар зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж ОХУ-ын Агроветзащита, Армавирская биофабрика гэсэн үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдсэн хэлбэрээр “Монгол улсын малын эмийн бүртгэл”-д бүртгэсэн бөгөөд мал эмнэлгийн практикт хэрэглэдэг.

Аливаа эмийг шинээр бүтээхдээ эм зүй, хор судлал, эм судлалын буюу эмийн кинетик, динамикийн чиглэлээр судалгаа хийж аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй гэж тогтоосон нөхцөлд шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан аргачлалаар эмнэл зүйн буюу практикт туршилтыг явуулдаг.

Туршилтын үр дүн сайн, зохимжтой гарсан тохиолдолд зохих журмын дагуу эмийг хэрэглээнд гаргадаг. АСД-3Ф, АСД-2Ф эмүүдийг энэ дагуу судлаж, шинжлээд хүн эмнэлгийн бус мал эмнэлгийн хэрэглээнд зориулан гаргасан байна.

Иймд АСД-3Ф, АСД-2Ф эмийг хүнд дур мэдэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Аливаа эм, бэлдмэлүүд өөрийн үзүүлдэг гаж, дагалдах сөрөг нөлөөтэй. Энэ нь эмийг хэрэглэсэн үед эсвэл хэсэг хугацааны дараа хүний биед илэрч болох талтайг МХЕГ-аас анхааарууллаа.