Монгол улсын нэг өдрийн амьдралын өнгийг ажиглавал, архидалт, ажилгүйдэл, зугаа цэнгэл нь хэтэрсэн төрх нэг давхаргад дэндүү тод харагдана. Харин нөгөө  хэсэг нь ажиллаж амьдралаа залгуулж өөрсдийнхөө хөдөлмөрийн үр шимийг хүртэн амжилттай явна.

Нийгэм нэн ядуу, баян гэсэн ангилалд багтаж буй дүр зураг бидний нүдэнд илхэн харагдаж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 

Нийслэл хотод амьдарч буй залуусын 19-23 насных нь баар, цэнгээний газруудаар чөлөөт цагаа өнгөрөөгөөд олон жил болж байгаа гэх. Тэдний зарим нэг нь бүжиглэх гэж тус газрыг зорьдог ч дийлэнх нь архидан согтуурдаг. Гэтэл монгол залуусаа архинд живүүлэхээр эргэлт буцалтгүй шийдээ юу даа гэмээр шийдвэрийг хотын мээр гаргачихлаа. Өмнө нь мөрдөгдөж байгаа хуулиараа архи, согтууруулах ундаагаар үйлчлэх цагийн хуваарь шөнийн 00:00 цаг байсан. Гэтэл энэ цагийг уртасгаж  баар, цэнгээний газрууд шөнийн 04:00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх боломжтой боллоо. 

Шөнийн 00:00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчилдэг байсан газрууд 23:20 цагаас үйлчлүүлэгчээсээ захиалгаа авчхаад цагдаа нарыг ороод хаах шаардлага тавихаар "энэ хүмүүс авсан зүйлээ ууж, идэж дуусаагүй байна. Манайх тэгээд хөөгөөд гаргах юм уу" хэмээн ундууцаж хуулиа цөөхөн хэдэн газрууд биелүүлдэг байсан гэдэг. Энэ нь хуулийн цоорхойг ашиглан ийн даварч байсан хэрэг. 

Тэгвэл одоо баар, цэнгээний газруудаар үйлчлүүлж байгаа хүмүүс шөнөжингөө архидан согтуурах боломжоор бүрэн дүүрэн хангаж өгч байгаа нь иргэдээ бодсонгүй шийдвэр байна гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь согтуугаар жолоо барих, цаашлаад хүний амь насыг бүрэлгэх гээд гэмт хэргүүд өдөр өнжилгүй гарч буурахгүй байгаа энэ цаг үед хэр тохиромжтой шийдвэр бол доо. 

Дэлхийн улс орнуудад нэг хүнд ноогдох архины хэмжээ жилд 5 литр орчим байхад манай улсад 10 литрээс илүү байгаа нь өндөр үзүүлэлт юм. Монгол хүний цусан дахь архи задлах ферментийн түвшинг тогтоох судалгаагаар ферментийн агууламж европ хүнийхээс 3.5 дахин бага байгаа нь тогтоогджээ. Иймд согтууруулах ундааны нэг удаагийн хэрэглээний үндэсний стандарт хэмжээг тогтоох, хэрэглээг бууруулах шаардлага зүй ёсоор гарч байгаа юм.

Архидан согтуурч биеэ авч явах чадваргүй болсон, хэв журмын зөрчил гаргасны улмаас сүүлийн 5 жилд 651 мянга, жилд дунджаар 130-140 мянга, хоногт 356-383 хүн, 2013 оны эхний 10 сарын байдлаар 110,000 гаруй хүн “эрүүлжүүлэгдсэн” байна. 2012 онд хийсэн судалгаагаар хүн амын 10.3 хувь буюу эрэгтэйчүүдийн 37.5 хувь, эмэгтэйчүүдийн 9.7 хувь архи хэтрүүлэн хэрэглэсэн байна. Түүнчлэн оюуны хомстолтой хүүхдүүдийн эцэг, эхийн 58.4 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэгч байсан нь архи хүний үр удамд хэрхэн нөлөөлдгийг харуулж буй. Согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр ууснаас цусан дахь спиртийн агууламж эрс нэмэгдэж, цочмог согтолттой холбоотойгоор осол, гэмтэл, элэгний хатуурал, зүрх судасны эмгэг, сэтгэл гутрал, донтолт зэрэг архаг өвчин үүсч байна. Архины шалтгаант элэгний өвчнөөр жилд дунджаар 600 хүн өвчилж, нойр булчирхайн цочмог үрэвсэл, түүний хүндрэлээр өвчлөгсдийн тоо жилд дунджаар тогтмол 26.2 хувиар өсч, 2003 онд 10000 хүнд 13.01 тохиолдол ногдож байсан бол 2010 онд 27.30 болж, даруй 2.1 дахин өссөн байна. Уг өвчнөөр жилд дунджаар 51 хүн нас барж, 2004 онд 10000 хүнд 0.16 тохиолдол ногдож байсан бол 2011 онд 0.22 болж, 37.5 хувиар нэмэгджээ. Наркологийн төв эмнэлэгт 2011-2012, 2013 оны эхний 10 сарын байдлаар архинд донтон эмчлүүлсэн 5951, гүн хордлогод орж эмчлүүлсэн 477, улсын хэмжээнд 2011-2012 онд архинд донтон хэвтэн эмчлүүлсэн 11379, архины гүн хордлогод 736 хүн эмчлүүлсэн байна. ШШГЕГ-ын харьяа эмнэлэгт анх хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээний үр дүн 50 хүрэхгүй хувь, давтан эмчлүүлэгчдийх 10-15 хувь байна гэж өнгөрөгч дөрөвдүгээр сарын тоо судалгаанд тусгагдсан. 

Хотын даргын шийдвэрийн улмаас "Хавтгайрсан архидалттай орон болох" вий гэсэн айдас төрж буйг энд сийрүүлэн буулгав.

 

Х.Даваа