"Давс" бидний эрүүл мэндэд заналхийлж байна
2015/12/02
Монголчууд давс, өөх, чихэр гурвыг гурван цагаан хор хэмээдэг. Тэгвэл энэ гурван хор өнөөдөр та бидний эрүүл мэндэд заналхийлж байна.
Давс их хэрэглэвэл бөөр чулууждаг гэдгийг Канадын мэргэжилтнүүд тогтоожээ. Тэд амьтад дээр туршилт хийж, хүний бие дахь натрийн хэмжээг хянаж байдаг молекул кальцитай нягт холбоотой байдаг болохыг тогтоосон байна. Тиймээс кальци нь натритай хамт түүнийг дутагдсан үед шээсээр гадагшилдаг байна. Хэт их давс хэрэглэдэг хүмүүсийн бөөрөнд чулуужилт үүсч, шээсэн дэх кальцийн хэмжээ дутагдалд ордог. Энэхүү кальцийн гадагшлалтаас болж ихэнх тохиолдолд ясны сийрэгжилтэнд хүргэх аюул нүүрлэдэг аж. Гэвч ихэнх хүмүүс эмч нарын зөвлөснөөс илүү их давс хэрэглэдэг байна. Жишээлбэл, канадчуудын дундаж үзүүлэлтээс авч үзэхэд, нэг хүнд 3400 миллиграмм давс оногдож буй нь ердийн хэмжээнээс хоёр дахин их байгаа гэнэ.
Тэгвэл манай улсад ч давсыг хэтрүүлэн хэрэглэх болжээ. Өдөр тутамдаа идэж буй давсны 75 хувь нь бидний худалдан авдаг хоол хүнсэнд нуугдаж байдаг. Өөрөөр хэлбэл, та өдөрт идэх хоол хүнс, ундаа усандаа байгаа давсыг мөн тооцоолох хэрэгтэй гэсэн үг. Насанд хүрсэн хүн өдөрт зургаан граммаас бага давс хэрэглэх ёстой. Энэ нь нэг жижиг цайны халбага ч хүрэхгүй хэмжээтэй давсыг хүн өдөрт хэрэглэнэ гэсэн үг. Гэтэл бид хоол, ундандаа халбага халбагаар хэдэнтээ хийж хэрэглэдэг. Настай хүмүүс хоолоо шорвог талдаа идэхгүй бол амтгүй байна гэдэг талтай. Үүнээсээ үүдэн даралт нь ихэсдэг гэдгийг мэргэжлийн онцлов. Биенд илүүдсэн давс эрүүл мэндэд заналхийлдэг байна. Тухайлбал, Тархинд цус харвах, Зүрхний шигдээс ба зүрхний дутагдал, Таргалалт, Ходоодны хавдар, Бөөрний чулуу болон бөөрний өвчнөөр хамгийн ихээр өртөхөд эхний шалтгаан болж өгдөг аж.
Уг нь бага насны хүүхдэд давс хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлж хэрэглэх нь мөн л эрүүл мэндэд муу. 0-12 сартай хүүхдэд маш бага хэмжээний давс хэрэгтэй. Бүр өдөрт нэг граммаас ч бага байх ёстой гэнэ. Хөхүүл хүүхэд эхийн хөхний сүүнээс яг өөрт нь зохистой хэмжээгээр давс авдаг байна. Хоногт хэрэглэх давсны нийт хэмжээ нь хүүхдийн наснаас хамааран өөр өөр байдаг. Үүнд:
- 1-3 настай хүүхэд – хоногт 2 грамм давс буюу 0,8 грамм натри
- 4-6 настай хүүхэд – хоногт 3 грамм давс буюу 1,2 грамм натри
- 7-10 настай хүүхэд – хоногт 5 грамм давс буюу 2,0 грамм натри
- 11 ба түүнээс дээш настай хүүхэд – хоногт 6 граммаас бага давс буюу 2,4 грамм натри
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор халдварт бус өвчин, түүнд нөлөөлөх шалтгааныг хяналтад авч, тодорхой арга хэмжээ авбал энэ өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэл хувиар, үүнээс зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижинг 90 хүртэл хувиар, хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой гэнэ.