Монгол Улсын хөгжлийн түүхэн дэх биет бүтээн байгуулалт гэж дөрвөн жил рекламдсан нэг төсөл санаачлагчдынх нь үгээр бол аль хэдийнэ босчих байсан ч сөөм газар ахисангүй. Энэ бол Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл. Мянга гаруй км үргэлжилсэн хурдны авто зам барих ажлын тендерт “Чингис лэнд девелопмент групп–Шинэ хөгжлийн зам” олон улсын түншлэл 2-3 жилийн хугацаанд, концессын гэрээгээр барина гэсэн амлалтаар ялсан байдаг.
Ингээд Засгийн газар 2013 оны гуравдугаар сарын 16-нд “Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Концессын тухай хуулийн 15 дугаар зүйлийг үндэслэн Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-ийн концессын гэрээний нөхцөлийн талаар “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрч, дүгнэлтийг концессын гэрээний төслийн хамт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үүргийг өгчээ.
Засгийн газар энэ төслийг наанаа “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” нэртэй компанид өгсөн ч ард талд нь тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярын МҮДН фракци байсан талаар АН-ын эх сурвалжууд мэдээлдэг юм. Юутай ч үйл ажиллагаа нэлээн идэвхтэй явагдаж, 2014 оны аравдугаар сарын дундуур Төрийн ордонд хуралдсан Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр “Чингис лэнд девелопмент групп” ХХК–ийн ерөнхийлөгч С.Отгонбаатар болон ОХУ-ын “Дальстроймеханизация” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Я.Колушков нар сүр дуулиантайхан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад авсан.
Энэ үеэр ОХУ-ын “Дальстройме­ханизация” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Я.Колушков “Монгол Улсын санаачилсан “Талын зам” үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, ОХУ, БНХАУ-ыг холбосон XXI зууны тээврийн коридорыг байгуулах нь ОХУ-ын нийт эдийн засгийн хувьд, тэр дундаа Оросын Алс Дорнод, Сибирийн эдийн засаг, нийгмийн хөгжилд маш чухал ач холбогдолтой. Бид Азийн авто замын нэгдсэн сүлжээний Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замыг бүтээн байгуулах энэхүү олон талт төслийн хэрэгжүүлэлтэд ОХУ-ыг төлөөлөн оролцох болсондоо баяртай байна. Монгол Улсын транзит тээвэр, ложистикийн нөөц бололцоог хэрэгжүүлэх нь Зүүн хойд Азийн бүс нутгийн интеграцийн үйл явцад хурдасгуур болж, Орос, Монгол хоёр улсын ард түмний хөгжил цэцэглэлтэд хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдэж байсан. Үүнээс хойш төслийн ажил таг чиг байсаар 2016 оны УИХ-ын сонгуультай нүүр тулж байгаа юм.
Хэвлэлийн хуудсыг сөхөн үзвэл “Талын зам” төслийн хэрэгжилтийг “Чингис лэнд девелопмент групп” ХХК хариуцан ажиллана. Дотоод, гадаадын нэр хүнд бүхий санхүүгийн болон техникийн зөвлөх компаниудтай хамтран хурдны авто замын нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Трассын дагуу ажлын зураг боловсруулахад шаардлагатай геодези, геотехникийн судалгааг амжилттай гүйцэтгэв. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг ч шийдвэрлэж чадав. Төслийн шав тавих нээлтийн ёслолоо хийнэ. Төслийн барилга угсралтын ажилд ойролцоогоор үндэсний 1000 гаруй, гадаадын 30 орчим аж ахуйн нэгж оролцохоор тооцоолж байна. Мөн нийт 30-40 мянган байнгын болон түр ажлын байр шинээр бий болохоос гадна хурдны авто замыг дагаад шинэ хот суурин, тээвэр ложистикийн болон бусад үйлдвэр, үйлчилгээний шинэ төвүүд бий болно” гэх зэрэг жинхэнэ “мөрөөдөл” бичигдэн үлджээ.
Ийн хэлэх шалтгаан нь Засгийн газар “Чингис лэнд девелопмент” компанийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг шалтгаанаар шүүхэд өгсөн явдал. Анхан шатны шүүх 3.5 тэрбум ам.долларын өртгөөр 2015 оны аравдугаар сар гэхэд барьж дуусгасан байх учиртай төслийн ажил удааширсанд “Чингис лэнд девелопмент” компани буруутай хэмээн үзсэн. Үүнээс гадна өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Зам тээврийн сайд М.Зоригт энэ сарын Хонконгт болсон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр тус группийн концессын гэрээг цуцалсан хэмээн мэдэгдэж байсан. Гэвч тус компани төслийн эрхийг бусдад шилжүүлэн өгөхөөс эрс татгалзаж байгаа нь гайхалтай. Мэдээлэлд ойр хүмүүсийн харж байгаагаар бол “Чингис лэнд девелопмент” группийн энэхүү төслийн цаана томоохон мөнгө яригдаж буй. Төслийн эрхийг дахин хуваарилах гэсэн хуйвалдаан өрнөж эхэлжээ. Эдийн засаг, хөгжлийн яамыг Н.Батбаяр тэргүүлж байх үед гэрээ нь байгуулагдсан энэ төслийн ард экс сайдын харьяалагддаг МҮДН сууж байсан. Харин одоо эрхийг МоАХ фракци авахаар хөдөлсний илрэл нь Зам тээврийн сайд М.Зоригтын Хонконгт хийсэн мэдэгдэл хэмээн хэвлэлүүд мэдээлж байв. Энэ үнэхээр ч үнэний хувьтай байсан бөгөөд “Чингис лэнд девелопмент” компанийнхан “Төслийг аль эрт эхлүүлж болох байсан. Гэвч Женко Баттулга замыг заавал Майдар төслөөрөө дайруулахаар зүтгэж, зураг төсөлд нь дахиад өөрчлөлт орсон” хэмээн ам алдсан байдаг.
Төр нэг ч төгрөг зарцуулаагүй төслөөс алдагдал хүлээхгүй гэж бодох хүн гарч магад. Төслийн санхүүжилтэд ойролцоогоор таван тэрбум ам.доллар шаардагдана гэсэн тооцоо бий. Тохиролцоо ёсоор нийт санхүүжилтийн 30 хувийг “Чингис инвестмент групп” гаргах юм. Үлдсэн 70 хувийг олон улсын түншлэлд багтсан зам барилгын компаниуд, бусад хэсгийг дотоод, гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангуудаас татан төвлөрүүлнэ гэж байсан энэхүү Талын зам төслийн хувь заяа өнөөдөр нэгэнт бүүдийжээ. “Сүүлийн жилүүдэд ОХУ, БНХАУ-ын худалдаа эдийн засгийн харилцаа жилээс жилд өргөжсөөр байгаа. Манай хоёр хөршийн худалдааны нийт эргэлт 2012 онд 88.9 тэрбум ам.долларт хүрсэн бол 2015 онд 100 тэрбум, 2020 онд 200 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа нь Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит тээврийг нэмэгдүүлэх нэг нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ Европын орнуудаас Азийн зах зээлд, эдийн засгийн эрчимтэй хөгжил бүхий Азийн орнуудаас ОХУ болон Европын орнуудын зах зээлд нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, техник технологийн хэрэгцээ улам өсөн нэмэгдэж байгаа нь энэ замын ач холбогдлыг өндөрсгөж байна.
Өнөөгийн байдлаар Бээжингээс Москва хүртэл төмөр замаар ачаа тээвэрлэхэд 20 хоног, Бээжингээс Бонн хүртэл ачаа тээвэрлэхэд 30 хоног зарцуулдаг. “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замыг барьж байгуулснаар дээрх хугацааг 7-10 хоног хүртэл богиносгох боломжтой” гэхчилэн том том ярьж, амлаж байсан нэг компани улс орны хөгжлөөс хэдэн алхам, хэдэн жилийг хороочихов. Ийм хоосон амлагчдад дахин итгэл хүлээлгэх хэрэггүй байх аа.

Эх сурвалж: