Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, шинэ Эрүүгийн хууль  хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор "завсар үед нь" гэм хэрэг үйлдсэн этгээд  буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч ял завших боломжтой болж байна. Тухайлбал Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдэд гурван сарын баривчлах ялыг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх оноосон байгаа юм. Гэвч  шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байна. Мөн ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 120.1 дүгээр зүйлийн 1201.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг 1 сар баривчлах байсныг 6 сар хорих ял болгон нэмэгдүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул өмнөх Эрүүгийн хуулиар баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ. .2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд зааснаар баривчлах ял нь хасагдсан байх тул  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг  баривчлах ялаас чөлөөлсөн байна. 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч Ц.П нь  Монгол улсын иргэн  1989 оны .. дугаар сарын ..-нд Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....сумын 1 дүгээр багт оршин суудаг.  Хилчний алдар-3, Хилд амжилт гаргасны төлөө медалиар шагнагдсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай нэгэн. Тэрбээр  2016 оны 5 дугаарс араас хойш гэртээ байнга архидан согтуурч, эхнэрээ цохих, зодох зэргээр бие махбодид нь байнга халдаж, зүй бус үг хэрэглэн доромжилж таарвал ална, элгийг чинь иднэ гэх зэргээр айлган сүрдүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. 

Эхнэр нь ямар дарамтад байсан талаараа: “... Ц.П  хамт амьдарсан үеэсээ л намайг хий хардаж архи уухаараа гичий, нохой гэх мэтээр хэлж хэл амаар доромжилж гарт нь тааралдсан зүйлээрээ авч шидэж зодож, цохидог байсан. Хамт байхад үнэхээр хэцүү болоод нагац эгчийнхээ гэрт амьдарч байна. Ц.П уучлалт гуйгаад гэрт харихаар дарамтлаад би охинтойгоо хамт буцаж эгчийндээ очдог байсан. Энэ байдал олон удаа давтагдсан. Ц.П нэг хэсэг Улаанбаатар хотод ажил хийж байгаад 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирээд манай эгчийн гэрт ирээд бид нартай хамт амьдарч байсан. Ц.П ирснээсээ хойш 10-д хоног дараалан архи уусан. Дараа нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ц.П янз янзын хүний дугаараас залгаж хаана байна. Чамтай таарах л юм бол гэх мэтээр залгаж сүрдүүлсэн. 8920...  дугаараас өнөөдөр элгийг чинь нухна, янхан, элгийг чинь иднэ, таарвал ална гэх мэтээр мессэж бичсэн байсан...” хэмээн ярьсан байгаа юм. 

Үүнийгээ ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тодруулбал, "… Би архи ууж тасарчихаараа ийм асуудал гаргадаг. Сард 3-4 удаа архи ууж, хэрүүл маргаан гаргаж байснаа хүлээн зөвшөөрч байна. Одоо дахиж ийм асуудал гаргахгүй. Цаашид гэр бүлийн хамт амьдрах болно...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэж мэдүүлсэн байдаг. 

Харамсалтай нь энэ хэргийг үйлдсэн этгээд ял сонссон ч ялаас чөлөөлөгдлөө. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн энэ хэрэг шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдэл, шинэ эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн үед шүүхээр шийдвэрлэгдсэн. Тиймээс хэрэг үйлдсэн этгээдэд ашигтай хэлбэрээр хэргийг шүүх шийдвэрлэх учиртай болчихож байгаа юм. 

Тодруулбал, "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заажээ. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг 1 сар баривчлах байсныг 6 сар хорих ял болгон нэмэгдүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул өмнөх Эрүүгийн хуулиар баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд зааснаар баривчлах ял нь хасагдсан байх тул Ц.Пүрэвсүрэнг баривчлах ялаас чөлөөлөх нь зүйтэй байна" гэж Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үзсэн байна. 

Шүүхээс хэрэг шийдвэрлэгдэж байх хооронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч эхнэртэйгээ зохицсон байгаа юм. Ялаас мултарсан иргэн дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх  эрсдэлтэй... хуулийн цоорхой ашиглагчид цөөн байгаасай.